“Өмнөд урсгал” гэгч хөзрийн түүх

Судлаачийн үг

Путин, Эрдоган нар цаг хугацааг товчлохоор сарын өмнө шийдcэн

Сарын өмнөх шуугиант мэдээ: Туркийн Ерөнхийлөгч Санкт-Петербургт дуулиантай айлчилж, буулт хийсний нэг дүн нь гарчигт өгүүлэх “Өмнөд урсгал” (оросууд “Южный поток” хэмээн геополитикийн нэршил болгочихсон) гэгч хөзөр юм.

Европын холбоо “Южный поток” төслийг хэрэгжүүлэх сонирхолгүй, Болгарын талаас уг бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх зөвшөөрөл олгохгүй байсан гэх шалтгаанаар түүнийг зогсоохоо 2014 оны сүүлчээр В.В.Путин мэдэгдэж, цаашид Турк, Грекийн хил дээр хий түгээх төв бий болгож, түүгээрээ Өмнөд Европыг байгалийн хийгээр хангана хэмээн тэрбээр тодотгож байв. 2012 онд албан ёсоор эхэлсэн ОХУ-аас Дорнод, Өмнөд Европын зарим оронд Хар тэнгисийн ёроолоор хий тээвэрлэн нийлүүлэх “Южный поток” гэх хий дамжуулах хоолойн бүтээн байгуулалтын ажил ийнхүү хоёр жил үргэлжлээд зогсчээ.

Тэр үедээ дэлхийг алмайруулахаар тоо баримт хөвөрч өгсөн, одоо яг тэгнэ. Хар далайг нэвт хоолой тавигдаад, жилдээ 63 тэрбум шоо метр хий дамжуулна, тус бүр жилд 15.75 тэрбум шоо метр хий дамжуулах хүчин чадал бүхий дөрвөн шугам ажиллана. Төслийн өртөг 16 тэрбум евро, үүний 10 орчим тэрбум нь ОХУ-ын “Русская” боомтоос Болгарын “Варна” боомт хүртэлх Хар тэнгисийн ёроолоор 900 км үргэлжлэх хоолойн бүтээн байгуулалтад зарцуулагдана гэж байв. Анхны тооцоогоор эхний ээлж 2015 онд, хоёрдугаар ээлж 2018 онд ашиглалтад орох, хэрэглэгчидтэйгээ нийлүүлэх хийн хэмжээг бүрэн тохиролцох, ОХУ-ын Краснодарийн хязгаарын Анапа хотын “Русская” боомтоос шахсан хий Хар тэнгисийн ёроолоор явсаар Болгарын “Варна” боомт хүрч, цаашаа Болгар, Серби, Босни ба Херциговин, Хорват хүртэл салаалаад, мөн Унгар, Словенийн нутгаар дайрч, Италийн хойд нутгийн Тарвизио хот хүртэл үргэлжлэхээр байв. “Южный поток” ОХУ-д асар их ашиг өгнө. Европын орнуудад жилд нийлүүлэх нийт хийн хэмжээ нь ихдээ 118 тэрбум шоо метрт хүрэх бөгөөд өнөөгийн эсэргүү Украинаар дамжуулан тээвэрлэх хийн хэмжээ эрс буурч, бараг шаардлагагүй болно.

Ийм сайхан мөрөөдөлтэй эхэлж байх үест Турк энд ямар нэгэн холбогдолгүй байсан ба харин Европын холбооны орнуудад ОХУ-аас биш, Азербайжан, Иранаас хий нийлүүлэх “Nabucco” төслийг хэрэгжүүлэхэд Турк нь АНУ, Европын холбооны холбоотон маягаар оролцохоор идэвх гарган байв.

Турк ба АНУ, Өрнөд Европ ийм тоглолт хийсний уршгаар “Южный поток” төсөл хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон Болгар, Словени нь хүлээлтийн байдалд орж, төслийг урагшлуулж чадаагүй. Европыг доргиож буй тэр хөзрийн хөлд хамгийн түрүүн Болгар өртсөн юм. Болгарт “Южный поток”- ийн бүтээн байгуулалт 2014 оны зургадугаар сард эхлэхээр төлөвлөж, 2015 оны сүүлч гэхэд эхний хий хоолойгоор урсаж орж ирэхээр тооцоолж, хоёр тэрбум еврогийн гадаад хөрөнгө оруулалт ирж байршин, 5000 ажлын шинэ байр бий болохоор байв.

Европыг доргиож буй тэр хөзрийн хөлд хамгийн түрүүн Болгар өртсөн
Гэтэл Украины хямрал дэгдэж, тэр нь иргэний дайндаа тулж, ОХУ Крымийг хавсрах болж, Европын холбоо “Южный поток” төслийг цуцлахыг уриалж, ОХУ-аас гадуур газрын тос, байгалийн хийн өөр ханган нийлүүлэгчийн эрэлд гарав. Улмаар Европын парламентын шийдвэрээр Болгарын “South Stream Bulgaria AP” компани “Южный поток” төслийн бүх ажиллагааг царцаав. Ингэснээр Болгар нь “Южный поток” ч үгүй, байгалийн хий ч үгүй хоцорчээ.

Гэм нь Болгар бол Европын холбоон дотроо эрчим хүчний хувьд хамгийн дорой нь бөгөөд “тогтвортой бус улс” гэх ангилалд ордог. Гэхдээ “Южный поток-2” төсөл санаачилж, Зүүн өмнөд Европын байгалийн хийн зах зээлд байр суурь эзлэхийг хүссэн хэвээр өнөөг хүрчээ. Төв болон Зүүн өмнөд Европын хийн сүлжээ байгуулах бүлгийн дээд хэмжээний уулзалт гэдгийг Болгарын санаачилгаар 2015 онд зохион байгуулжээ. Түүн дээр “Босоо хийн хоолой” барих “Южный поток-2” шинэ санаачилгаа танилцуулсан нь “Южный поток-1” төслийн өргөтгөсөн хувилбар, анхны төслөөсөө 50 хувь хямд өртөгтэй, Болгар-Румын-Грекийг холбосон хийн хоолой тавих, түүнийгээ “Южный поток”- той холбож, Каспийн бүсээс Европ руу 2019 онд хий шахуулахаар тооцоолж байв.

Хэрэв энэ төсөл хэрэгжвэл хоёр тэрбум 200 сая еврогийн өртөгтэй болно. Энэ нь 844 км урт хоолой шинээр барих болон бусад дэд бүтцийн зардал. Болгарын Варна хавьд “Хийн хуваарилалтын төв” байгуулах, Левски, Провадия хоёр хотын ойролцоо түгээгч хийн хоолойн гарц барих, мөн шинэ дэд бүтэц барих болон хуучин байгаа дэд бүтцийг шинэчлэхэд нэмж 140 сая евро зарцуулах, санхүүжилтийг Европын холбооны сангуудаас босгох тооцоо байна.

“Южный поток-2” яагаад хэрэгжээгүй өнөөг хүрэв. Мэдээж нэгд улс төрийн шалтгаан-Украины хямрал нөлөөлсөн. Хоёрт, санхүү-эдийн засгийн шалтгаан нөлөөлсөн. Европын холбооны улс орнуудад 2010-2013 онд байгалийн хийн хэрэглээ 13 хувь багассан, Болгарт 2014 онд 2013 оны мөн үеийнхтэй харьцуулахад байгалийн хийн хэрэглээ зургаан хувь багассан. Гуравт болгарын үндэсний ашиг сонирхлын шалтгаан буюу “Южный поток”-оор “Болгарын өөрсдийн хий” дамжуулах сонирхолтой байсантай холбоотой. Тухайлбал, Хар далайн эрэгт “Хан Аспарух” гэх байгалийн хийн нөөцийн хайгуул хийж, уг ажлыг гадаадын гурван улсын консерциум болох Францын “Тотал”, Австрийн ОМВ болон Испани “Pensol” компанид даатгасан. Урьдчилсан байдлаар нөөц нь 100 тэрбум шоо метр байгалийн хийн агууламжтай байж магадгүй тооцоо гарчээ. Эх газарт нэг км-ээс хоёр км-ийн гүний уурхай малтаж, хэрэв байгалийн хийн нөөц батлагдвал анхны олборлолтоо 2017 оноос эхэлнэ гэж байв.

Төв болон Зүүн өмнөд Европын хийн сүлжээ байгуулах бүлгийн дээд хэмжээний уулзалтын араас Софи хотод “Эрчим хүчний аюулгүй байдал ба Өмнөд Европын эрчим хүчний дэд бүтэц” сэдэвт олон улсын чуулга уулзалт зохион байгуулав. Болгар нь нэг талаас Европын холбоо, нөгөө талаас ОХУ-ын зүгээс ирж болзошгүй хориг арга хэмжээний завсарт хавчуулагдсан “буфер”(жийргэвч) болж буй тухай тэр хурал дээр яригдав. Хий дамжуулах сүлжээг хөгжүүлэхийн тулд Румын, Серби, Грек улсуудыг холбосон сүлжээ чухал шаардлагатай. Байгалийн хийн хангамжийг нэмэгдүүлэхийн тулд Азербайжан, Туркменистан, Ираны хий, “Nabucco” хийн төслийн хэрэгжилтэд найдлага тавьж буй тухай яриа бас өрнөв.

“Nabucco–Өмнөд” төслийн хийн хоолойн шугам Болгарыг дамжин өнгөрвөл эл төслийг Болгар бүрэн дэмжиж, уг төсөлд хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байгаа. Үндсэндээ Болгар нь “Өмнөд урсгал”, “Хойд урсгал”-ын аль нэгний эсрэг биш. Хий түгээх төв нь Болгарт ирэх ямар ч хийг хүлээж авахад бэлэн болсон. Болгарын Гадаад хэргийн сайд Даниел Митовын хэлснээр, Болгар нь зөвхөн дотооддоо төдийгүй нийт Европын иргэдэд тогтвортой, хүртээмжтэй эрчим хүчний хангалт хийх түүхэн боломжоо бүрдүүлжээ. Европын эрчим хүчний аюулгүй байдал Болгараар дамжиж өнгөрдөг.

Европын холбооны улс орнуудад 2010-2013 онд байгалийн хийн хэрэглээ 13 хувь багассан

Болгарт Европын хий түгээх төв байгуулагдсан байх нь энэ улсын тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлтийн нэг баталгаа байх болно хэмээн тэрбээр ярьж байна. Зөвхөн эдийн засаг төдийгүй стратеги, геополитик, аюулгүй байдлын шаардлагыг бодолцсон “Эрчим хүчний ауюлгүй байдлын Европын сан” байгуулахыг тэрээр уриалан дуудаж байна. Европын Комиссын дэд дарга Марош Шефчовичийн үзэж байгаагаар, Болгар нь эрчим хүчийг яаж үр ашигтай ашиглах, ингэхийн тулд юу хийх шаардлагатай талаар Европын түвшинд бодит үлгэр жишээ болж байгаа ба Болгарын эрчим хүчний гурван төсөл Европын холбооны тэргүүлэх төслүүдийн жагсаалтад багтсан. Европын холбоонд ирэх жилүүдэд 7 тэргүүлэх долоон төсөл хэрэгжүүлэхээр тодорхойлсны дотор гурав нь Болгарын тэдгээр төсөл. Энэ нь Серби, Турк, Грек улсуудыг холбох хийн хоолой болох аж.

Өнөөг хүртэл Болгар нь хийн хэрэгцээгээ ОХУ-ын хийгээр хангаж иржээ. Одоогийн байгаа ОХУ-Украин-Молдова-Румын-Болгарын хийн хоолойн хий дамжуулах чадвар нь 25 тэрбум шоометр, ирээдүйг тооцоолбал тун бага, гэхдээ энэ шугамын хувь заяа үлэмж эрсдэлтэй, Украиныг тойрсон улс төр эрчтэй өөрчлөгдөж байгаа энэ үед яаж шийдэгдэх нь тодорхойгүй. Ийм эрсдэлийг тооцон Азербайжаныг чухал түншээрээ Болгар сонгосон. Азербайжаны хийг Европ руу түгээх дамжуулагч нь болоход бэлэн гэдгээ удаа дараа нотоллоо. Каспийн тэнгисийн бусад улс оронтой хамтарч ажиллах ихээхэн сонирхлоо илэрхийлэн Туркменистан, Ираныг нэмж тооцоолж байна.

Харин “Туркийн урсгал” төслийн (“Турецкий поток”) талаар ярихад арай эрт байна гэж байтал Путин, Эрдоган нар цаг хугацааг товчлохоор сарын өмнө шийдcэн билээ. Болгар- Азербайжан гэх жижиг тэнхлэгийг Орос-Турк гэх том тэнхлэгт татан оруулах боллоо. Болгар нь улмаар Азербайжаны хий дамжуулах IGB (Interconnector Greece-Bulgaria) холбогч болохоор их санаалж байтал Оросын хийг Туркээс дамжуулж авахаас өөр гарцгүй болж байх шиг.


САНАЛ БОЛГОХ