Саудын Араб өнгөт хувьсгалын босгон дээр ирлээ

Судлаачийн үг

Нефтийн баялаг дагасан эдийн засгийн өсөлт арабчуудын амьдралын хэв маягийг өөрчилсөн

Саудын Арабт 14 мянган бүсгүй эрх баригчиддаа өргөx бичиг илгээсэн дуулиан намжаагүй байна. Эр нөхөр, эсвэл эцэг, ахаасаа зөвшөөрөл авахгүйгээр эмэгтэйчүүд эрх чөлөөтэй ажиллаж амьдаръя гэсэн утга бүхий өргөх бичгийг Хүний эрхийн олон улсын байгууллагууд шүүрэн авах нь тэр. Лалын хэм хэмжээг өөрчилье, зөөлрүүлье гэсэн шаардлагыг нь нэн олзуурхав.

Лалын хэм хэмжээ гэдэгт нь: эр нөхөр ба эцгийн зөвшөөрөлгүй гэр бүл болох, салахыг хатуу цээрлэнэ. Бас тийм зөвшөөрөлгүй боловсрол эзэмших, ажилд орох, хилийн чанад руу явах, тэр ч бүү хэл жолоо барих, эмнэлэгт очих, хагалгаанд орох, шинжилгээ хийлгэх, банкинд данс нээлгэх, орон байр түрээслэх бүгд хориотой.

Арабын хаврын дуулианаар энэ орон доргисон. Шиит шашинтнууд нь Тегераны “5 дугаар цуваа” (буюу дотроос нь хагалан бутаргах урвагчид) болчиход бараг бэлэн байна. Йеменд дэгдсэн иргэний дайн дажин энэ улсыг хөлдөө чирсэн ба Сауд нь хааш хаашаа цэрэг, мөнгө илгээж юм юм л үзлээ. Ингэхэд энэ ямар гээч улс вэ?

Саудын Арабын Вант Улс – монголчуудад төдийлэн танил биш. Очсон монгол хүний тоо хязгаартай, гэвч дэлхийн хэвлэлээр их дурдагддаг. Энэ улс арабын орнууд дотроо газар нутгийн хэмжээ, эдийн засгийн хүчин чадлаараа нэгдүгээрт, хүн ам, зэвсэгт хүчнээрээ Египетийн дараа хоёрдугаарт ордог. Орчин үеийн Саудын Арабын Вант Улсыг анх 1932 онд Абдулазиз бин Аль Сауд гэх Ван үндэслэн байгуулж тэр цагаас хойш түүний хөвгүүд угсаа залгамжлан захирч байна. Тэрээр 45 хүүтэй эцэг тул хөвгүүд нь ахаас дүүд гэдэг зарчмаар захирсаар өнөө хүрчээ. Тэнд Хаан нь хосгүй, онцгой дээд эрх мэдэлтэй. Тэрээр Ерөнхий сайдын албыг давхар хашина. Засгийн газрын сайдууд болон хууль тогтоох дээд байгууллага– Зөвлөлдөх зөвлөл буюу Мажлис Ашурагийн нийт гишүүдийг шууд томилно. Мекка, Медина гэх ариун дагшин хоёр газрын эзэн гэдгээрээ орчин цагийн зөнч л гэсэн үг.

Газрын тосны маш их хэмжээний нөөц байгаа нь 1930-аад онд тогтоогдсоноос энэ улс дэлхийн эдийн засагт нэгэн шинэ түүхийг эхлүүлжээ. Тэр нь Саудын Араб, улмаар Ойрх Дорнодын орнуудын улс төр, эдийн засагт эрс шинэчлэл авчирсан байна. Хэдийгээр Саудын Арабын дээд эрхийг одоогийн байдлаар нийт долоон хаан ээлжлэн бариад байгаа боловч улсын гадаад болон дотоод бодлогод төдийлэн өөрчлөлт ороогүй. Тус улс анхнаасаа лалын шашинт орнуудын хамтын үзэл санаа, Палестины тусгаар тогтнолыг тууштай дэмжиж ирсэн ба харин ойрмогхоноос тэр үзэл нь ганхаж эхэлжээ.

Олон улсын тавцанд Саудын Арабын нэр нөлөө тун таагүй байна.

Нефтийн асар их баялаг даган бий болсон эдийн засгийн өсөлт, залуучуудын амьдралын хэв маяг нь Саудын Арабт олон жилийн турш мөрдөж ирсэн лалын хэт консерватив үзэл санааг цаашид дагах эсэх дээр улс төр, нийгмийн дунд маргаан дэгдээгээд буй.

Саудын Арабын хаан Файсал бин Абдулазиз Аль Сауд: Манай улсын иргэд тэмээн дээрээс шууд кадиллакт суусан бол хэзээ нэгэн цагт бидний хойч үеийнхэн кадиллакаас буцаад шууд тэмээн дээрээ мордох вий хэмээн болгоомжлон хэлсэн нь өнөөг хүртэл мөрдөгдөж байна. Тэрхүү сануулгыг Саудын Арабын үе үеийн хаад анхаарч ирсэн ба өмнөх Хаан Абдалла бин Абдулазиз энэ асуудлыг онцгой анхаарч ирээдүй хойч үе болсон 70 000 гаруй залуусыг АНУ, Британи, Австрали зэрэг өндөр хөгжилтэй орнуудын их сургуулиудад Засгийн газрын бүрэн тэтгэлгээр суралцуулжээ. Саудын Арабын дотоодод ч хэд хэдэн их сургууль байгуулж, нийгмийн өөрчлөлтүүдийг ч аажмаар эхлүүлээд байв. Тухайлбал тэрээр Саудын Арабын нийгэмд хамгийн тулгамдаад байгаа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр санаачилга гарган эмэгтэйчүүд сонгуульд оролцох боломжийг нээж өгснөөс гадна Засгийн газарт эмэгтэй сайдыг хүртэл томилсон байв. Гэвч шинэчлэлийнхээ үр дүнг Абдалла хаан амьддаа үзэж чадаагүй.

Абдалла хааны эл шинэчлэлийг улс төрийн хүрээнд эрс эсэргүүцсэн. Ах дүүсээс нь ч олон хүн дэмжээгүй. Ибн Саудын удмаас насны дарааллаар хаан ширээнд заларч байгаа нөхцөлд шинэчлэлийг зоригтой хийж чадах залуу хүн Засгийн эрхэнд гарч ирэх боломж ч байхгүй. Абдалла хааныг төр барьж байх хугацаанд хоёр ч угсаа залгамжлах ханхүү–дүү нар нь ээлжээ хүлээж тэсэлгүй нас барсан. Одоогийн Хаан Салман нь хаан ширээнд суусныхаа дараахан яг ийм шалтгаанаар угсаа залгамжлах ханхүү дүү Мукрин гэгчийг огцруулж оронд нь нэр хүндтэй, хүчирхэг нэгэн болох Дотоод хэргийн сайд 56 настай Мухаммед бин Найфыг, дэд угсаа залгамжлах ханхүүгээр өөрийн хүү, Батлан хамгаалахын сайд 30 настай Мухаммед бин Салманыг тус тус томилсон нь Саудын Арабын ирээдүйн удирдагчид залуу хүмүүс байх болов уу гэх хүлээлт үүсгэв. Гэхдээ энэ нь хааны гэр бүлийн дотор эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн хүчтэй явагдаж байгааг харуулсан хэрэг байж бас болно.

Саудын Арабын нийгэмд төрдөө үл итгэсэн, бодлого шийдвэрийг нь дэмждэггүй маш олон хүн далд бугшин байна. Нийгмийн дундаж давхарга болсон тэднийг цалингийн нэмэгдэл, хааны хишиг, нефть экспортын орлого нэрийн дор тараасан санхүүгийн дэмжлэг (нэг ёсондоо авлига) өнөөг хүртэл чимээгүй байлгаж чадсан боловч харин одоо тэгж чадахгүй нь дээрхи 14 мянган бүсгүйн хилэнт захидлаас харагдлаа.

Дэлхийн эдийн засгийг дагалдан Саудын Арабын эдийн засаг хүндрэлтэй байгаа өнөө үед тэр олон төрлийн тэтгэвэр, хөнгөлөлт, хахуулийн мөнгийг Засгийн газраас цаашид үргэлжлүүлэн олгоно гэдэг нь эргэлзээтэй боллоо. Нефтийн үнэ унасан буюу доогуур түвшинд байна.

Саудын Арабт facebook, twitter зэрэг олон нийтийн сүлжээ нэвтрэн орсонд хатуу хяналт тавьж, улс төр-нийгмийн шинжтэй аливаа сөрөг үзэл, хэвлэн нийтлэлийг хоригложээ. Эзэн хааны гэр бүлийг шүүмжилсэн, гүтгэсэн худал мэдээлэл тараасан хэргээр хоёр ч улстөрчийг олон түмэнд сургамж болгох үүднээс эрүү үүсгэн шоронд хорьсон ба шиит шашны хэсэг зүтгэлтнийг цаазаар аваачив.

Эдүгээ тус улсын дотоодод иргэд хоорондоо үл итгэх, бие биеэ буруутгах, өөнтөглөх явдал улам газар авлаа. Суннит, шиит шашны урсгалуудын тэмцэл Сири, Ирак, Йеменд цус урсгасан шашны дайн болсон нь Саудын Арабт сөргөөр туслаа. Сауд дахь сөргөлдөгч талуудын аль аль нь буруутныг улс төрийн хүрээнээс хайж дотоодын аюулгүй байдлыг хангалттай сахиулж чадахгүй байгаа гэж үзсэн Угсаа залгамжлах ханхүү, Дотоод хэргийн сайд Шейх Мухаммад бин Наифын зургийг шатааж доромжилсон нь байдал хяналтаас гарахын өмнөх дүр зураг юм.

Хамгийн ноцтой нь газрын тосоор хамгийн их баялаг нутаг буюу Саудын Арабын зүүн хэсэгт амьдардаг шиит арабчууд төрийн бодлогын эсрэг үзэл бодлоо хүчтэй илэрхийлж, зарим тохиолдолд салж тусгаар тогтнох саналаа ч айж ичилгүй ярьдаг дэвшүүлдэг боллоо.

Саудын Арабын дотоодод нөхцөл байдал ингэж хүндэрсэн яг энэ үед дэлхийн зах зээл дээр түүхий газрын тосны үнэ нэмэгдэх шинж алга. 2015 оны зун Саудын Араб 15 тэрбум ам.доллартой тэнцэх Засгийн газрын өрийн бичиг дотоод зах зээлдээ гаргасан. Энэ нь тус улс 2007 оноос хойш анх удаа ийм их хэмжээний зээл авсан тохиолдол байв. Асуудал үүгээр зогссонгүй. Сангийн сайд Ибрахим Аль Ассафынх нь мэдэгдсэнээр үр ашиггүй төсвийн зарлагыг хэмнэх зорилгоор Засгийн газрын худалдан авах үйл ажиллагаа, хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийг зогсоох, дахин өрийн бичиг хэвлэх санаачилгыг ярьжээ.

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 50 ам.долларт хэлбэлзэж байгаа нөхцөлд тус улс ам.доллароор тооцож баталсан нь улсын төсөв ДНБ-ий 20 хувьтай тэнцэх хэмжээний алдагдал хүлээсэн гэсэн үг юм. Олборлолтоо тооцоогүйгээр нэмэгдүүлэх, төрийн мэдлийн баялгийн сангийн хөрөнгөөр төслийн алдагдлаа нөхөх зэрэг аргацаасан үйлдлүүд Засгийн газраас жил тойрон авч хэрэгжүүллээ.

Дэлхийн газрын тосны хамгийн том экспортлогч Саудын Араб маань тэр имижээ аажмаар алдаж эхэллээ. Энэ нь яван явсаар 2030 он гэхэд нефть, эрчим хүч импортлогч орон болно гэсэн хар прогнозыг эдийн засагчид сануулах боллоо. Саудын Арабт газрын тосны томхон ордууд нээгдсэн цагаас л тус улс хувийн хэвшилд тулгуурласан, олон хэвшилт эдийн засгийг бий болгохыг зорьж төрөл бүрээр хөрөнгө оруулсан боловч хямд эрчим хүч, Засгийн газрын дэмжлэг хоёрт тулгуурласан тодорхой хэдхэн үйлдвэрлэлийн салбар хөгжиж иржээ. Өрсөлдөх чадвар сайтай томхон аж үйлдвэр бараг хөгжсөнгүй. Саудын Арабын ДНБ-ий талаас илүү хувийг газрын тосны экспортын орлого бүрдүүлсэн хэвээрээ байна.

Олон улсын тавцанд Саудын Арабын нэр нөлөө тун таагүй байна. Бүс нутагт давамгайлахын төлөөх Саудын Араб, Ираны өрсөлдөөнд Иран давамгайлах тал руугаа эргэлээ. Тэр нь Ирак, Сири, Йемен, Ливанд мэдрэгдлээ. Сауд нь цэргээ хөдөлгөж, олон улсын цэргийн эвсэл байгуулан Йеменд гал зогсоохоор ажилласан ч байлдааны ажиллагаа амжилтыг эс олжээ. Сири дэх Башар Аль Асадын дэглэмийг ОХУ дэмжиж цэргээ оруулсан, Турк Оростой найрамдсан, Египет тэднийг дэмжсэн зэрэг шалтгаанаар саудынхны том амбицтай эхэлсэн гадаад бодлого мухардалд оржээ. Ийм байж Египет, Палестин, Йеменд санхүүгийн дэмжлэг үзүүлэх хүндхэн бөгөөд нэн хариуцлагатай үүрэг өөртөө авчээ. Зөвхөн 2015 онд Египетэд дөрвөн тэрбум ам.доллар, Йеменд 500 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлснээс гадна Палестины төсвийн тодорхой хувийг бүрэн хариуцлаа гэсэн нь санхүүгийн том дарамт болж төсвийг нь бүр хүндрүүлжээ. Гэтэл энэ гачланг нь дэмжсэн мэт АНУ тэргүүтэй өрнийн гүрнүүд Ирантай цөмийн хөтөлбөрийнх нь асуудлаар ойлголцолд хүрч, түүнийг нь гол өрсөлдөгч Иран баяр бахдал болгон хүлээн авч, тэр нь гадаад бодлогод нь нэмэх оноо авчирчээ.

Саудын Араб гадаад, дотоод бодлогоо эргэн харж, нийгэм- эдийн засгийн өөрчлөлтүүдээ яаралтай эхлүүлэхгүй бол, тэр дундаа дэлхий дахины лалын шашныг дэвэргэх бодлогоо хумихгүй бол энэ орны хэтийн ирээдүй тун бүрхэг байж мэдэх дүр зураг ажиглагдаж байна. Өнгөт хувьсгал нөмрөх ч юм бил үү.


САНАЛ БОЛГОХ