Сүрдүүлэг, заналхийллээр дүүрсэн мэргэн тактик

Судлаачийн үг

Вашингтон ба Пхеньян

Хойд Солонгосын пуужингийн туршилтууд дэлхий нийтийн анхаарал татахаа больсон. Мэдээлж, гүйцэхээ ч өнгөрсөн. Туршсаар тоо нь ч тоймгүй болж, статистикийн бүртгэл хийгдсээр.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч А.Блинкон өнгөрсөн дөрөвдүгээр сарын 18-нд Токиод ирээд хэвлэлийн хуралд хийсэн мэдээлэл, дүгнэлтүүд үнэд орж байх шиг.

Тэрбээр эл бүс нутагт санаа зовоож байгаа гол зүйл нь Хойд Солонгосын зүгээс пуужингийн болон цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлж байгаа асуудал. Үүнийг зогсоох хамгийн үр ашигтай зам нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлэх явдал юм. Хойд Солонгосыг олон улсын санхүүгийн үйл ажиллагаанаас тусгаарлах тухай тогтоолын заалтыг шийдвэртэй хэрэгжүүлэх хэрэгтэй. Умардын нүүрс, алт, газрын ховор элементын экспортыг зогсоох шаардлагатай. Учир нь экспортын энэ орлого цөмийн хөтөлбөр урагшлуулахад зарцуулагдаж байна. Тэдэнд онгоцны түлш нийлүүлэхгүй байх ёстой. Япон, Өмнөд Солонгосын зүгээс Хойд Солонгост зогссон хөлөг онгоцуудыг өөрийн боомтуудад зогсоохыг хориглосон. Энэ тогтоолыг тууштай хэрэгжүүлэхэд Хятад хамгийн гол үүрэг гүйцэтгэнэ. Хятадын зүгээс асуудлыг нухацтай авч үзэж байгаа нь харагдаж байна. Тогтоол хэрэгжүүлэх, үр дүнг нь харахад цаг хугацаа хэрэгтэй.

АНУ-ын Төрийн Департментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Даниел Рассэл мөн тэр үед Солонгос-Америк судлалын хүрээлэнд Хойд Солонгосын талаар илтгэл тавьж байв. АНУ нь бусад холбоотныхоо хамт Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангид байлгах, түүний дэглэмийг нээлттэй болгох, энх тайван замыг сонгож дэлхийн хамтын нийгэмлэгт багтаах, Солонгосын хойгийг эвийн замаар нэгтгэх зорилт тавьж байгааг онцолж байв.


Хамгийн үр ашигтай зам нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлэх явдал юм
Вашингтоны зүгээс Мянъмар, Иран, Куба зэрэг нэгэн үе сөргөлдөөнтэй байсан улстай яриа хэлэлцээ явуулах боломж нээгдлээ. Харин Хойд Солонгост тийм боломж нээлттэй байгаа бөгөөд гагцхүү тэдний зүгээс нааштай алхам хийхгүй байна.

Хойдуул зөвхөн АНУ-ын төдийгүй Хятад, Өмнөд Солонгосын зүгээс тавьж буй хүч чармайлтыг үл ойшоож цөмийн асуудлаар нухацтай, бодит яриа хэлэлцээ хийхийг огтхон ч хүсэхгүй байна. Харин бүр одоогийн дэглэмээ тогтоон барихын төлөө эдийн засгаа ч хөгжүүлнэ, цөмийн зэвсэгтэй ч болно гэх мөрөөдлөө гол зорилго болголоо.

Гэвч Хойд Солонгосыг цөмийн зэвсэгтэй болохыг хэн ч зөвшөөрөхгүй. Энэ тухай ганцхан АНУ биш, Хятад, Орос, Япон, Өмнөд Солонгос болон бусад улс орон хатуу байр суурьтай байгаа. Түүнчлэн АНУ “дайсагнагч бодлого” явуулж байна, энхийн гэрээ байгуулах ёстой гэх мэт хойдуулын зайлсхийх тактик нь түүнийг цөмийн зэвсгээс ангид байлгах олон улсын хамтын нийгэмлэгийн зорилгыг өөрчлөхгүй.

Энэ бол Рассэлын илтгэл хэсэг. Гэхдээ Хойд Солонгосын дээрхи бодлого биелэлээ олохгүй байх хэд хэдэн нөхцөл байна гээд дөрвийг нь нэрлэсэн юм. Үүнд Нэгдүгээрт, Хойд Солонгосын дотоод байдал нь тогтворгүй байна. Кимийн дэглэмийн өдөөн хатгах алхмууд нь дотоодын үзэл суртлын хатуу механизмын хүчээр оноо авч болох ч, явц муутай. Дээр нь тус улсад тавьсан хориг нь зэвсэг худалдан авах, элит хэсгийг тансаглуулах боломжийг хязгаарлана. Хоёрдугаарт, Стратегийн байр суурь нь суларлаа. Хятад, Оросын зүгээс барьцгүй дэглэм, тодорхойгүй алхмыг нь хамгаалах сонирхолгүй болж байна. Тэд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс хориг арга хэмжээгээ чангаруулахыг дэмжлээ. Гуравдугаарт, Эдийн засгийн тогтолцооны гажуудал нь улам бүр гүнзгийрлээ. Хар зах дээр хүнс, гол нэрийн бараа бүтээгдэхүүн зарахыг тодорхой байдлаар дэмжиж байдлыг намжааж байгаа ч энэ нь эдийн засгаа нээлттэй болгож хэзээ ч болохгүй, улс төрийн эрдсэл дагуулна хэмээн эмээж байна. Дөрөвдүгээрт, урьд хожид байгаагүйгээр олон улсын хамтын нийгэмлэгээс тусгаарлагдлаа. Кесоны аж үйлдвэрийн цогцолбороо Сөүл хаасан нь томхон цохилт болов. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөр Хойд Солонгосын хэрцгий дэглэм, хүний эрхийг хөсөрдүүлж байгааг буруушаасан бөгөөд түүний хуучны андууд болох Иран, Куба нь хойдуулыг өөгшүүлэн дэмжихээ үргэлжлүүлэх сонирхолгүй байна гэж үзжээ.

Хэрэв Хойд Солонгос бодит яриа хэлэлцээ эхлүүлж, цөмийн хөтөлбөрөөсөө татгалзаж, улмаар бүрмөсөн зогсоох алхам хийвэл олон улсын хамтын нийгэмлэг, түүний дотор цөмийн зэвсэгтэй таван гүрэн, АСЕАН, Европын Холбоо бүхэлдээ тосон авахад бэлэн байна. Харин Хойд Солонгосын өнөөгийн байр суурь өөрчлөгдөхгүй бол бид холбоотнуудтайгаа хамтран хамгийн хатуу нөхцөл бүхий хориг арга хэмжээ авна. Үүнд Хятадын дэмжлэгийг ч авна. Бээжингийн зүгээс ч уг цөмийн асуудалд шахалт үзүүлж байна хэмээн Рассэл нэмж хэлжээ.

Гэтэл Хойд Солонгос Америкийн хоёр дипломатчийн мэдэгдэлд ямар хариу өгсөн гээч. Солонгосын Ардын армийн хилийн фронтын алсын тусгалтай артиллерийн ангиас “Тэвчээр барагдаж буй Пэкдү уулсын арми нь дайсны мөхлийг авчрахаар түрүүлж гал нээх тушаалыг сэтгэл догдлон хүлээж байна” гэсэн мэдэгдэл хийв. Пхеньянаас хэд хэдэн мэдэгдэл зэрэг цуурайтсан бөгөөд өмнөдөө муухайгаар хэлэв.

Пак Гын Хэ болон түүний хамсаатнууд үйлдсэн гэмт хэргийнхээ төлөө Умард, Өмнөд Солонгосын нийт үндэстний өмнө уучлалт гуйж, хүсэлтийг хүлээн авахгүй тохиолдолд хариу цохилт үзүүлнэ.

АНУ манай тэргүүн ашиг сонирхол, тусгаар эрхэд өчүүхэн төдий халдвал бид цөмийн зэвсэг болон бусад бүх цэрэг зэвсгээ дайчлан хайр найргүй ниргэж, шийтгэх болно.

Тусгаар улсыг мөхөөх зорилго бүхий хориг арга хэмжээ нь халдан довтлох хэлбэр бөгөөд олон улсын хуулийг зөрчсөн үйлдэл гэв.

Ингэж хийрхэхдээ Хойд Солонгос шумбагч онгоцныхоо 70 хувийг хөдөлгөөнд оруулж, хилийн дагуух их бууны ангиудынхаа галын хүчийг хоёр дахин нэмэгдүүлсэн тухай дотооддоо мэдээлэв.

БНАСАУ-ын Ардын армийн цэргийн тагнуулын Ерөнхий газрын дарга Ким Ён Чөл хил дээр буун дуу нүргэлсний дараа бүр ч сүрлэг мэдэгдэл хийв. Үүсээд буй нөхцөл байдал маш түгшүүртэй, ээдрээтэй байна. Өмнөд Солонгосын зохиосон жүжгийн үр дүнд нөхцөл байдал дайны ирмэг дээр туллаа.

Дайснууд нөхцөл байдлын ямар ноцтой түгшүүртэйг ойлгож чадаагүй мөртлөө өөрсдийн хийсэн гэмт үйлдлээ зөвтгөх гэж улайрч байна. Манай талаас түрүүлж гал нээсэн гэдэг зүйл бол ямар ч үндэслэлгүй, худал хуурмаг зохиомол зүйл юм. Өнөөдөр хүртэл шинжлэх ухааны ямар ч үндэслэл, нотлох баримт гаргаж ирж чадаагүй байна. Өмнөд Солонгосын тал анх гал нээсэн газрыг ч тогтоож чадаагүй. Өмнөд Солонгосын хил орчимд байдаг хилийн харуул орчин үеийн, өндөр технологитой радарыг ашигладаг. Энэ радарыг ажилуулахад ямар ч төрлийн техникийн алдаа гарч, хүний буруугаас шалтгаалан буруу дүгнэлт гаргаж болохыг үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд нөхцөл байдлыг дахин, дахин давхар шалгаж өөрсдийн хийх алхмаа шийдэх хэрэгтэй. Тэгэхгүй бол тухайн үеийн хэн нэгний сэтгэл хөдлөлөөр асуудалд хандаж, эцэст нь дайныг эхлүүлэх байдалд ч хүргэж болно.

Өмнөдийн тал биднээс галласан гэх пуужин хаана унасныг ч мэдээгүй. Эзэнгүй ууланд унасан гэж дараа нь ярьж байна билээ. Тэр уулын орчим амьдарч байсан хүмүүс пуужин унасан дуу чимээ сонсоогүй, өмнөдийн талын галласан пуужинг л сонссон гэсэн. Тэгээд ч манайхаас галласан гэх пуужинг артиллерийн их буу, пуужин, катюш, гар буу юу гэдгийг ч тогтоогоогүй.

Хэрэв бид чанга яригчийг сөнөөхөөр гал нээсэн бол чиглүүлж байгаад гарцаагүй онох болно. Ямар ч чиглэлгүй хоосон зэлүүд уул руу гал нээхгүй. Тэгээд ч чанга яригчийг устгахад артиллерийн их буу, пуужин, катюшаар бууддаггүй юм. Энэ бүх зүйл нь өмнөдийн тал худал зүйл ярьж байгааг гэрчилж байна. Нөхцөл байдлыг хурцатгаж, түгшүүртэй байлгах нь өмнөдийн талын төлөвлөгөө юм. Энэ бүхнийг өөрсдийн зохиосон төлөвлөгөөний дагуу хийж байна.

Манай орны эсрэг чиглэсэн ухуулга, сурталчилгааны нэвтрүүлгийг эхлүүлж, мөн хэвлэмэл хуудас хийсгэж эхэллээ. Чанга яригч ажиллуулж эхэлсэн явдал нь сэтгэл зүйн дайн юм. Энэ бол дайн зарласантай адил. Өмнөдийн Хөх ордон үүсээд буй нөхцөл байдал ямар их түгшүүртэй болж байгааг ойлгож чадаагүй, бүх бурууг бидэнд нөмрүүлэхээр улайрч байна.

» Одоогийн дэглэмээ тогтоон барихын төлөө эдийн засгаа ч хөгжүүлнэ, цөмийн зэвсэгтэй ч болно гэх мөрөөдлөө гол зорилго болголоо.
» Солонгосын хойгийг эвийн замаар нэгтгэх зорилт тавьж байгааг онцолж байв. » Энэ тогтоолыг тууштай хэрэгжүүлэхэд Хятад хамгийн гол үүрэг гүйцэтгэнэ.
Өмнөдийн талын илтгэл бүгд худал. Бүх бурууг бидэнд тохох гэсэн санаа. Далайн усан онгоц живбэл бидний буруу, агаарт нисэж байгаад дрон унавал бидний буруу болдог. Худал хуурмагийг тулгахаас гадна худал ярина. Намайг хилийн зурвас дээр очоод өмнөд рүү дайрах цэргийг бэлтгэж байгаа гэсэн мэдээ цацсан байна. Би энд Пхеньян хотдоо байж байна. Чанга яригч ажиллуулж байгаа явдал бол сэтгэл зүйн дайныг эхлүүлж байгаатай адил бөгөөд хамгийн дээд зэргийн өдөөн хатгалга. Манай ард түмний өөрсдийн сонгож авсан замыг нурааж, устгах гэсэн санаархал юм. Хэрэв бидний шаардлагыг хүлээж авахгүй бол бид хариуд нь цэргийн хүчтэй цохилт үзүүлнэ гэжээ.

Чанга яригч гэснээс энэ тухай мэдээлэл өгье. Хүчирхэг радиогоор өмнөдийн тал мэдээ мэдээлэл, дуу хөгжим нэвтрүүлэхээс гадна хамгийн гол нь Умардад цэрэг, улс төрийн дээд өндөр албан тушаалтнуудаа удаа дараа цаазалдаг, эдийн засгийн нөхцөл байдал хэрхэн доройтож байгаа, өмнөдөд дүрвэж гарахын давуу тал зэргийг баримттайгаар ухуулдаг. Ун чанга яригч нь хилийн бүсэд 20 шахам км зайд сонсогдох хүчин чадалтай.

Энэ мэт үгэн дайралтыг Хойд Солонгос өдөр бүр шахуу дэлхийд түгээж байгаа тул бас л сонирхол татахаасаа өнгөрсөн. Пхеньянд маршал Ким Жөн Ун өөрөө удирдаж цэрэг арми, тагнуул, ардын аюулаас хамгаалах байгууллага болон төр засгийн удирдлагууд оролцсон хурлууд шил дараалан өгч байна. Бас л тоон үзүүлэлт, статистик тоо. “Дайсны талд хүргэх эцсийн мэдэгдэл” гэх баримт бичиг тоогоо алдлаа. Бас л статистик тоо. “Энэ цагаас хойш улс даяар дайны бэлэн байдалд шилжлээ” гэх сүржин үгс тэр мэдэгдэлд байнга гарсаар.

Цэрэг, армийн удирдлагуудад хэрэгжүүлэх үйл ажиллагааны зааварчилгаа өгч, орон нутагт нь томиллоо, дайны бэлэн байдалд байх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг бүх түвшний удирдлагуудад өглөө гэх үгс бас дагалдана. Мөн “Дэлхий нийтэд өмнөдийн ичгүүртэй үйлдлийг илчлэх талаар авч хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна. Өдөөн хатгалгын хариуд хүчтэй ял хүртэнэ. Бид өөрийн орны энх тайвныг сахин хамгаалахын төлөө авч хэрэгжүүлэх цэргийн хариу цохилт ямагт ялалт авчрах болно. Энэ мөчөөс эхлээд энд хүрэлцэн ирсэн гадаадын дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нар дайснуудын үгийг сонсохгүй, биднийг дэмжихийг хүсье” гэх бас үгс нэг мэдэгдэлд нь цохиж явна.

Хойдуул өмнөд хилээ нэгдүгээр фронт, өмнөдийн хоёрдугаар фронт-хилийн бүс хэмээн хуваарилж Солонгосын Ардын армийг зэвсэгт мөргөлдөөнд байнга бэлэн байлгаж байна. Үүний сацуу Ургацын баяр тохиолдуулан хоёр талаас салсан гэр бүлийн уулзалтыг зохион байгуулах, Улаан загалмайн нийгэмлэгийн төлөөлөгчид ирж, очихыг үргэлжлүүлэх, цаашид иргэд, хүмүүнлэгийн харилцааг идэвхжүүлж, тэгснээрээ бага ч боловч хүнсний тусламж, мөнгө, цаас өмнөдөөсөө саах арга тактикаа бас орхихгүй ээ.


САНАЛ БОЛГОХ