Япон зэвсэглэж эхлэв, тэр нь бас шалтгаантай

Судлаачийн үг

Хууль батлагдахад 40 мянган хүн цуглуулж, эсэргүүцэл үзүүлжээ

Ерөнхий сайд Ш.Абэ хожим Японы ба дэлхийн түүхнээ мөнхрөх нэгэн байж магадгүй. Тогтвортой төр, тогтвортой эдийн засаг, тогтвортой нийгмийг Хэйсайн эрин үед (Эзэн хаан Акихито төр барьж эхэлснээс хойш) цогцлуулж чадсан атал Абэгийн өнгөн дээр юу болчихов гэмээр гадаад бодлого, ялангуяа үндэсний аюулгүй байдал нь савлах мэт. Тэрбээр өөрөө санаачлан Японы аюулгүй байдлын багц хуульд нэмэлт өөрчлөлт¿¿ä санаачлан оруулж Парламентын Төлөөлөгчдийн танхим, Зөвлөхүүдийн танхимаараа яг жилийн өмнө батлуулсан билээ.

Японы аюулгүй байдлын тухай багц хууль гэдэг нь 11 хуулиас бүрдсэн цогц хууль. Харин нэмэлт өөрчлөлтүүд нь нэгдүгээрт, Японы аюулгүй байдлыг хангах, хоёрдугаарт, Олон улсын энх тайвныг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах гэсэн хоёр бүлгээс бүрджээ.

Японы аюулгүй байдлыг хангах тухай хэсэгт "Япон улс өөрийгөө хамгаалах эрхээ хамтын хүчээр хангана" гэж заасан байна. 1960 оны Япон- АНУ-ын Аюулгүй байдлын тухай гэрээгээр Японд аюул тулгарвал АНУ хамгаалах үүрэг хүлээсэн байсан бол энэ удаагийн хуулийн өөрчлөлтөөр "Дотно" харилцаатай оронд аюул учраагүй энхийн цагт ч гэсэн Японы аюулгүй байдлын үүднээс харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж буй Америкийн усан онгоцуудыг хамгаална гэж заажээ.

Олон улсын энх тайвныг хангахад хувь нэмэр оруулах тухай хэсэгт "Японы аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй нөхцөл үүссэн үед бусад орны зэвсэгт хүчинд дэмжлэг тусламж үзүүлнэ. Энэ дэмжлэг тусламж нь дайны талбарт бус зөвхөн эм, хүнс, шатахуун байх ёстой " гэсэн заалт оруулжээ.

"Мөн олон улсын энх тайван, аюулгүй байдлын төлөө үйл ажиллагаа явуулж буй бусад орны зэвсэгт хүчинд арын албаны дэмжлэг үзүүлнэ", "НҮБ-ын Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоно. Энхийн төлөө бол НҮБ-ынх бус байлаа ч, олон улсын бусад хамтын ажиллагаанд оролцоно, хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ" гэжээ.


Ш.Абэ Японы аюулгүй байдлын хуульд өөрчлөлт оруулах тухай үзэл санааг нэлээд дээрээс буюу Японы Засгийн газрыг 2007 онд тэргүүлж байхдаа дэвшүүлж байсан боловч хэрэгжүүлэх ажлыг эхлүүлж амжилгүй огцорч байсныг бид мэднэ. Тэрбээр 2012 онд Засгийн эрхэнд дахин гарч ирэхдээ "Хүчтэй Японыг сэргээх" өөрөөр хэлбэл, эдийн засгийн уналтыг зогсоох, батлан хамгаалах хүчээ бэхжүүлэх, олон улсын харилцаанд Японы үүрэг хариуцлагыг өсгөх зорилтуудыг тавьсан юм. Гэвч парламентад олонхийн суудал аваагүй. Тиймээс тэр зорилтоо хэрэгжүүлэхэд шаардлагатай хуулиудыг батлуулж чадахгүй байсан тул 2014 онд зориуд Төлөөлөгчдийн танхимын сонгууль явуулж үнэмлэхүй ялалт байгуулснаар зорьсондоо хүрэх боломжтой болжээ.

Японы аюулгүй байдлын хуулийг өөрчлөх болсон үндэслэлээ Ш.Абэ ингэж тайлбарлаж байна. Олон улсын энх тайван, тогтвортой байдал нь хүчний тэнцвэр дээр тогтож ирсэн. Энэ тэнцвэр эдүгээ, ялангуяа Ази, Номхон далайн бүс нутагт алдагдахад хүрч байна. БНХАУ-ын цэргийн хүчин чадлын өсөлт, БНАСАУ- ын цөмийн зэвсэг, мөн олон улсын терроризм аюултай түвшинд хүрч, хэмжээнээс хэтрээд байна. Манай эргэн тойрны олон улсын нөхцөл байдалд ийм ноцтой өөрчлөлт гарч байгаа үед Япон нь өөрийн энх тайван, аюулгүй байдлыг хамгаалах, олон улсын энх тайван, тогтвортой байдалд хувь нэмэр оруулах бодлого, үйл ажиллагаагаа хуульчлан хэрэгжүүлэхгүй бол болохгүй болжээ гэв.

Японы парламент нь дэндүү алаг цоог намуудын төвлөрөл болчихоод байна. Тэнд эрх баригч Либерал ардчилсан нам (ЛАН), түүнийг дэмжигч Шинэ үеийн нам, Шинэчлэлийн нам, сөрөг хүчин гэгдэх Ардчилсан нам, Социал-демократ нам, Комунист нам, Аж байдлын нам, бие даагч гэхчлэн бараг арав орчим төлөөлөл буй. Японы сөрөг намууд (Ардчилсан нам, Социал-демократ нам, Комунист нам, Аж байдлын нам) дээрхи хуулийн төслүүдийг хүчтэй эсэргүүцжээ.

Тэд эрх бариагүйдээ тэгэв үү, эсвэл тийм эх оронч уу бүү мэд, "Японыг дахин зэвсэглэх гэв", "АНУ-ын зэвсэгт түрэмгийлэлд Японыг татан орууллаа", "Цэрэг дайны ийм аюултай хуулиудыг ЛАН гишүүдийн тооны олноор хүч түрэн баталсан нь ард түмний үлэмж хэсгийн хүсэл эрмэлзлэл, ардчиллын зарчмыг зөрчсөн балмад үйлдэл" хэмээн ниргэж гарав. Тэр ч бүү хэл, Парламентын ордны гадна олон нийтийн эсэргүүцлийн жагсаал, цуглаан зохион байгуулж, хууль батлагдах өдрүүдэд байдлыг хурцатган 40 мянган хүн цуглуулж, эсэргүүцэл үзүүлжээ. Япон нь нээлттэй ардчилсан нийгэмтэй учраас хуулиуд батлагдсаны дараа NHK-ээс олон нийтийн дунд санал асуулга явуулжээ. Тэгэхэд иргэдийн 19 хувь нь хуулийг ойлгож, дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол 35 хувь нь дэмжихгүй гэжээ.

Мөн сонин, хэвлэл мэдээллийн агентлагуудаас адил төстэй санал асуулгууд явуулахад уг хуулийг дэмжигчдийн хувь хэмжээг дэмжихгүй байгаа хүмүүсээс доогуур гарч байв. "Асахи" сонины судалгаагаар, хуулиудыг санал асуулгад оролцогсдын 51 хувь дэмжээгүй бол 30 хувь нь дэмжиж, "Никкэй" сонины судалгаагаар, 54 хувь нь дэмжээгүй бол 31 нь дэмжжээ. Ш.Абэгийн Засгийн газрын нэр хүнд хууль батлагдсаны дараа бага зэрэг буурав. "Асахи" сонины санал асуулгаар рэйтинг 35 хувь, "Никкэй" сонины асуулгаар 40 хувьтай тэнцжээ.

Японы парламент алаг цоог намуудын төвлөрөл болчихоод байна
Тэгсэн ч Абэ байр сууриа сулруулж, хуулиа татаж авах, заалтыг зөөлрүүлэх талаар ухралт хийсэнгүй. Харин хариу дайралтад оров. ЛАН- ын зүгээс сөрөг намуудын шүүмжлэл, эсэргүүцэлд хариу болгож "Эдгээр хуульд нь олон улсын нөхцөл байдлын ноцтой өөрчлөлтөд тохируулж Японы энх тайван аюулгүй байдлыг хангах, олон улсын энх тайванд хувь нэмэр оруулахад чиглэсэн энх тайванч алхам болно. Энэ бол сөрөг хүчнийхний нэрлээд байгаа шиг цэрэг-дайны хууль биш юм. Харин ч дайны аюулыг сэрэмжлүүлэх, тогтоон барих хууль мөн" гэв.


Харин сөрөг хүчин нь тэмцлээ үргэлжлүүлж, дараачийн сонгуулиар уг хуулийг сөхөж шүүмжилнэ, улмаар сонгуульд ялалт байгуулж, хуулийг бүрмөсөн хүчингүй болгоно хэмээн заналхийлэв.

Тэр ч бүү хэл, Үндсэн хууль зөрчсөн ноцтой үйлдэл хэмээн үзэж эрх баригчдыг шүүхэд өгнө хэмээн сүржигнэв. Гэлээ гээд Абэгийн Засгийн газрын тогтвортой үйл ажиллагаанд саад тотгор учруулж чадсангүй. Харин ч тэдний эдийн засгийн бодлого цаашид хүчээ авахын хэрээр Засгийн газрын талаарх олон нийтийн дэмжлэг өсөх магадлалтай болжээ.

Харин Японы аюулгүй байдлын хуулийн өөрчлөлтийг олон улсын хэмжээнд янз бүрээр үнэлж, дүгнэж байна. Дэмжлэг хаанаас ирэх нь ч ойлгомжтой. АНУ, Японы холбоотны харилцааг бэхжүүлэх хууль хэмээн АНУ-ын засаг захиргаа үнэлжээ. Япон нь бүс нутаг, олон улсын энх тайван, тогтвортой байдлыг хангахад илүү идэвхтэй хувь нэмэр оруулна хэмээн найдаж байгаагаа Вашингтон илэрхийлэв. Британи мөн дэмжжээ. Энхийг сахиулах үйл ажиллагаа, дэлхийн аюулгүй байдал, хөгжил цэцэглэлийг хангахад чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтад Япон улс идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна гэсэн үгс Лондоноос цууриатав. Японы өөрийгөө хамгаалах хүчин холбоотнуудаа хамгаалах үүрэг хүлээж байгааг үнэлэхийн зэрэгцээ хуулийн хүрээнд хатуу хязгаарлалт үлдэж буйг АНУ, Британи олзуурхав.

» Японы Засгийн газрыг 2007 онд тэргүүлж байхдаа дэвшүүлж байсан боловч, хэрэгжүүлэх ажлыг эхлүүлж амжилгүй огцорч байсан.
» 2014 онд зориуд Төлөөлөгчдийн танхимын сонгууль явуулж үнэмлэхүй ялалт байгуулснаар зорьсондоо хүрэх боломжтой болжээ.
» Япон улс Азид тун эмзэг гэмээр байр суурьтай байна.
» Харин сөрөг хүчин нь тэмцлээ үргэлжлүүлж, дараачийн сонгуулиар уг хуулийг сөхөж шүүмжилнэ, улмаар сонгуульд ялалт байгуулж, хуулийг бүрмөсөн хүчингүй болгоно хэмээн заналхийлэв.
Гэтэл БНХАУ эрс ундууцлаа. "Ш.Абэгийн Засгийн газрын энэхүү хуулийн шинэчлэл нь Япон улсын өөрийн ард иргэд, Ази дахь хөрш зэргэлдээ улс орнууд, цаашилбал олон улсын хамтын нийгэмлэгийн санааг зовоосон үйлдэл боллоо" хэмээн Хятадын ГХЯ-ны нэгэн мэдэгдэлд шүүмжилжээ. Синьхуа агентлагийн үнэлгээ бүр ч халуухан байна. Япон нь өнөөг хүртэл баримталж ирсэн энх тайванч чиг шугамаасаа хазайлаа гэсэн үгс "шидэв". "Японы аюулгүй байдлын бодлогод довтолгооны шинж чанар давамгайллаа", "Цэргээ гадаадад илгээх үүд хаалга нээгдлээ", "Ази, Номхон далайн бүс нутагт тогтвортой байдал нурж унахад хүрч байгаа тул БНХАУ батлан хамгаалах хүчнээ цаашид бэхжүүлэх шаардлагатай тулгарлаа" гэсэн дайчин, сүрлэг мэдэгдэл Бээжингээс цууриатлаа.

Япон нь өөрөө Азид тун эмзэг гэмээр байр суурьтай байна. АНУ-тай дотно харилцаатай, тэр нь цаашаа Номхон далай, өөрийнх нь арлын эргэн тойронд эргэлдэнэ. Гэтэл наашаа БНХАУ-тай газар нутгийн хурц маргаантай, БНХАУ-ын цэрэг-стратегийн хүчний өсөлтөөс хэт болгоомжилдог. Бас Оростой Алс Дорнодод газар нутгийн маргаантай. Хойд Солонгостой бүр ч ярих юм
байхгүй. Өмнөд Солонгосын хүн ард, нийгэм нь Японд таагүй. Өмнөд Солонгосын ГХЯ-наас анхааруулснаар бол Япон нь батлан хамгаалахын шинэ бодлогоо хэрэгжүүлэхдээ ил тод байдлыг хангаж ажиллах шаардлагатай, мөн энх тайванч Үндсэн хуулийнхаа зарчмыг мөрдөх нь чухал аж. Тус улсын үзэж буйгаар Японы аюулгүй байдлын бодлогын өөрчлөлт нь Зүүн хойд Ази дахь цэрэг зэвсгийн өрсөлдөөнийг даамжруулна, гэхдээ Хойд Солонгосын амбицийг сөрж зогсоход тус болно.

Ерөнхий сайд Абэгийн төлөвлөж байгаагаар Хятад, Өмнөд Солонгостой 10 дугаар сарын сүүлээр Сөүлд гурван талт дээд хэмжээний уулзалт зохион байгуулах, тэр үеэр аюулгүй байдлын шинэ хуулиа биечлэн танилцуулах, тэгэхдээ үзэл санааг аль болох ойлгуулж, дэмжүүлэхийг зорих ажээ.

Хятадаас далдуур айж болгоомжилдог Азийн бусад орнууд Японыг дэмжиж байгаа боловч, БНХАУ-аас эдийн засгийн хамааралтай зарим нь байр сууриа илэрхийлэхийг яарахгүй. Хятадтай Спратлийн арлуудыг булаацалдаж, харилцаа нь хурцдаж буй Филиппиний Гадаад хэргийн сайд бүр халуухан мэдэгдэл хийжээ. "Баяр хүргэж байна, цаашид Японтой Стратегийн түншлэлээ улам бэхжүүлэхийн төлөө ажиллана" гэх нь тэр. Филиппин нь Японы өөрийгөө хамгаалах хүчинтэй цэргийн хамтарсан хээрийн сургууль хийж, эргийн хамгаалалтын албандаа Японы эргүүлийн хөнгөн онгоцыг авч ашиглаж, цаашид байдал даамжирвал цэргийн онгоцуудыг нь Филиппинд байрлуулах санал хүртэл тавьжээ. Мөн Японыг цэргийн холбоотноороо өөрсдөө сайн дураараа бүртгээд авчээ.

Азийн хүчирхэг Хятад, мөн Солонгос, Тайванийн зүгээс Японд үл итгэх уур амьсгал өсч болзошгүй
Вьетнам байр сууриа ил тод илэрхийлэхгүй байна. Гэвч Японд өнгөрсөн хавар айлчилсан БНСВУ-ын Ерөнхийлөгч нь Ерөнхий сайд Абэтай уулзахдаа Японы аюулгүй байдлын хуулийн шинэчлэлийг ойлгож, дэмжиж байгаагаа илэрхийлсэн нь нэн ноцтой баримт юм. Тайванийн тал ацалсан байр суурьтай байна. Тайванийн ГХЯ-наас "Японы Засгийн газар олон улсын үүрэг хариуцлагаа бүрэн биелүүлж, олон улсын энх тайван, тогтвортой байдлыг хангахад хувь нэмэр оруулна гэж найдаж байна" хэмээн мэдэгдэл хийжээ.

Энэ мэтээс дүгнэвэл Японы аюулгүй байдлын бодлогод эргэлтийн шинж чанартай өөрчлөлт гарч байж болох талтай. Олон улсын шинжээчдийн дийлэнх нь ийнхүү үзэж байна. АНУ-ын оролцсон олон улсын зэвсэгт үйл ажиллагаа, мөн Өмнөд Хятадын тэнгист Филиппин, Вьетнам болон Хятадын хооронд үүсч болзошгүй мөргөлдөөнд Япон татагдан орох, эсвэл Сэнкакү арал орчимд Япон, Хятад мөргөлдвөл АНУ татагдан орох магадлал бодитой болж магадгүй. Гэхдээ ойрын ирээдүйд биш.

Ерөөсөө Японы цэрэг, зэвсэглэлийн хүчин чадал өсөх, зэвсгийн үйлдвэрлэл, наймаа хөгжих, пуужин эсэргүүцэх АНУ-ын системийг байрлуулах тухай аман яриа, судалгаа нь хэвлэлийн мэтгэлцээнээсээ халиад явчихаж тун магадгүй байна. Ийм магадлал өсөхийн хэрээр Азийн хүчирхэг Хятад, мөн Солонгос, Тайванийн зүгээс Японд үл итгэх уур амьсгал өсч болно. Япон-Хятадын зөрчил маргаан гүнзгийрч бас болно. Нөгөөтэйгүүр Япон-АНУ-ын холбоотны харилцаа бэхжих, Японы олон улсын үүрэг хариуцлага өсөх нь бүс нутагт хүчний тэнцвэрийг барих, тогтвортой байдлыг хангахад нөлөөтэй байж болно. Тэгэхээр байдлыг гярхай ажиглах л үлдлээ?
САНАЛ БОЛГОХ