Монгол-Хятадын харилцаан дахь “Соёлын зөөлөн хүч” - 1

Судлаачийн үг

Хятадын Төрийн Зөвлөлийн дэргэдэх Хөгжлийн судалгааны төвийн “Евразийн Нийгмийн хөгжлийн судалгаа” сэтгүүл 2011 оны нэгэн дугаартаа дээрхи гарчгаар сэтгүүлч асан, хожим судлаач болсон Ван Имин гуайн бичсэнийг хоёр цуврал болгон хөрвүүлэн хүргэе.

Түүхэн болон бодит тодорхой хүчин зүйлийн улмаас Хятад, Монгол хоёр улсын ард түмэн хоорондын харилцаанд харилцан итгэлцэл дутмаг байсаар ирсэн. Сүүлийн жилүүдэд хоёр орон өөрчлөлт, нээлттэй бодлого хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор хоёр орны харилцаа өдөр ирэх тутам өргөжиж, хоёр талын харилцаа улс төр, эдийн засаг гэх мэт бүхий л шатанд хурдацтай хөгжиж, Хятад улс өмнөх зууны сүүлээс Монгол Улстай худалдаа, хөрөнгө оруулалтын тал дээр тэргүүлэгчийн байр суурь эзлэх болсон. Гэвч монгол хүний Хятадаас сэрэмжилсэн, сэжиглэсэн сэтгэлгээ бүрэн арилахгүй байна.


Ван Имин миний бие Монголд олон жил ажиллаж, энэ асуудлаар гүн гүнзгий эрэн сурвалжилж, обьектив байдлаар задлан шинжилж, улмаар Монголтой харилцах харилцаандаа Хятадын “соёлын зөөлөн хүч”-ийг нэмэгдүүлэх талаар харж болохуйц санал, үзэл баримтлалыг дараах байдлаар дэвшүүлж байна.

Өнгөрсөн зууны 1990-ээд оноос хойш Хятад, Монголын харилцаа шинэ нөхцөл байдалд бүхий л салбарт хурдацтай хөгжжээ. Хоёр орны харилцааны шинэ үеийн хөгжлийн бэлгэ тэмдэг нь хоёр орны худалдаа, Хятадын Монгол дахь хөрөнгө оруулалт юм. Үүгээр жишээлж үзэхэд л өнгөрсөн зууны сүүлчээс эхлэн Монголын гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын дотор Хятад улс тэргүүн байрыг эзлэх болсон билээ. Гэвч Хятад, Монголын харилцаа өнөөдрийг хүртэл тасралтгүй хөгжихдөө хоёр орны ард түмэн сэтгэхүйгээрээ бараг л ойртоогүй, үл ойлголцсон байдал шийдвэрлэгдээгүй, урт удаан хугацаанд оршин байгаа сэтгэлийн зангирал бүрэн дүүрэн арилаагүй байна. Эдгээрээс улбаалан тасралтгүйгээр бэхжиж буй бодит түншлэлийн харилцаанд оюун санааны хүрээний дэмжлэг дутагдаж байна. Бүр “Хятадын аюул”-ын онол Монголд оршин байж, хоёр орны харилцааны өнөөгийн нөхцөлд уялдаагүй дуу хоолой болон цухалзсаар байна.

Яагаад ийм нөхцөл байдал үүсэх болов. Тэгвэл эл өгүүлэлдээ энэ талаар задлан шинжилж, гаргалгаа хийж, улмаар үүний эсрэг ямар арга хэмжээ авбал зохистой талаар саналаа танилцуулъя.

ШАЛТГААН
Нэгдүгээрт, Бодит түншлэлийн харилцаа болон оюун санааны хүрээнд дутуу дулимаг зүйл байгаагийн шалтгаан.

Материаллаг зүйлд тулгуурласан түншлэлийн харилцаа болон оюун санааны хүрээний хооронд ялгаа байх олон шалтгаан буйг энд дурдах зайлшгүй шаардлагатай. Энэ нь түүхэн шалтгаан болон мөн бодит хүчин зүйлсээс улбаатай, түүхэн болон бодит хүчин зүйлийн нөлөөгөөр үүсч буй болсон гэж үзэж болно. Түүхэнд Монголын эзэнт гүрэн нь үгээр хэлэхийн аргагүй хөгжил цэцэглэлт, нэр хүндтэй байсан бол өнөөгийн Монгол нь Хятад, Орос хоёр их хөршийн дунд хавчуулагдсан, өчүүхэн жижиг улс болж хувирсан байна. Энэ нь монгол хүний сэтгэхүйд хүлээж авахад бэрх хоцрогдол, ялагдлыг мэдрүүлсэн. Өнгөрсөн зууны 1990-ээд оны эхэнд Монгол Улсад нийгэм өөрчлөгдсөний дараа энэхүү хоцрогдол, ялагдсан гэх сэтгэхүй улам бүр нэмэгдэж, үндэсний үзэл сэдэрсэн.

Өмнө нь адилхан байсан, хоцрогдсон, ядуу буурай Хятад улс эдийн засгийн хувьд хурдацтай хөгжсөн болон олон улсын үйл хэрэгт үзүүлэх нөлөө улам бүр нэмэгдсэн нь монголчуудад “тэд түүхэнд Хятадын эзэрхийлэлд автаж байсан гэж үзэх хар сүүдрийг” дагуулсан. Мөн Америк, Япон зэрэг барууны улсуудаас түүнийг нь хатгах “Хятадын аюулын онол”-ыг гаргаж ирсэн зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр Монголын экстремист хүчнүүд “жад”-ныхаа үзүүрийг Хятад улс руу чиглүүлэх болжээ.

Олон улсын харилцаанд өнгөрсөн, эсвэл одоогоос үл хамааран жижиг улсын сэтгэхүй сул доройдоо тулгуурласан, ялангуяа Монгол шиг Хятадтай түүхэн гүнзгий холбоотой улсын хувьд зарим хүн сэтгэл дотроо Хятадаас сэрэмжлэх, болгоомжлох сэтгэхүй нь маш хүчтэй байдаг байна. Улс төрийн хувьд “Хятад нь Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрөхгүй” болон “Хятад нь Монголыг эргүүлэн авна” гэсэн ойлголтууд хамгийн их тархсан байдаг.

Хонконг, Макаог эргүүлэн авсны дараа зарим хүн “Хятад Хонконг, Макаогийн асуудлыг шийдсэний дараа Тайваний асуудал гарч ирнэ. Тайваний асуудлыг шийдвэрлэсний дараа Монголын асуудлыг шийдвэрлэх ээлж ирнэ” хэмээн ярьж байв. Бүр зарим нэг нь “Хятадын төрийн далбаан дээр байдаг таван одны учрыг тайлбарлаж ярихдаа “хамгийн том од нь Хятад, бусад дөрөв нь Хонконг, Макао, Тайвань, Монгол. Хонконг, Макаог эргүүлэн авлаа, дараагийнх нь Монгол, Тайвань юм” гэж байв.

Тэр бүү хэл, эдийн засгийн салбарт ч Хятадын талаар таарамжгүй яриа байдаг. Өнгөрсөн зууны 1990-ээд оноос Монголын нийгэм шилжиж, аж ахуйн бэрхшээлтэй үед нь Хятад улс тусламжийн гараа сунгасаар ирсэн. Улмаар Монголын гадаад хөрөнгө оруулалт болон худалдаанд тэргүүлэх байр суурь эзэлсэн. Гэвч монголчууд Монголын баялгийг Хятад булаан авах гэж байна, Монголыг мөлжиж байна, Монголыг Хятадын түүхий эдийн бааз улс болгох гэж байна гэх яриа гаргахын зэрэгцээ нийслэл Улаанбаатарт Монгол дахь Хятадын аж ахуйн нэгжүүдийн ажилчдыг зодох, бусниулах, булаах, шатаах явдал ч гарах болсон байна.

Монгол хүний Хятадаас сэрэмжилсэн, сэжиглэсэн сэтгэлгээ бүрэн арилахгүй байна
Дээрхи яриа, үйл хөдлөлүүд зөвхөн хэсэг бүлэг хүмүүсийнх гэвэл бодитой бус юм. Өнгөрсөн зууны 1990-ээд оны үеэс явагдсан санал асуулгын дүнгээс үүнийг харж болно. Өнгөрсөн зууны 1990-ээд оны дунд үед Монголын судалгааны байгууллагууд гадаад улсын талаар хэрхэн мэдэх вэ гэсэн асуулга явуулахад Хятад таван оноотойгоор АНУ, Япон, Орос, Өмнөд Солонгосын ард нь орж байсан. 2006 онд Монголын иргэдийн дунд явуулсан судалгаагаар Монгол хүнд хамгийн сэтгэгдэл үлдээсэн улсаар Орос 7.5, Америк 7.3, Өмнөд Солонгос 7.1, Япон 7, Герман 6.5 болон Хятад дөнгөж 5.5 оноогоор удаалсан байдаг. 2008 онд Монголын харьцангуй нэрд гарсан интернэт сайтад “Монгол Улс санхүүгийн хямралын эсрэг бодлогыг хэрэгжүүлэхэд ямар улсаас зээл авах” талаар санал асуулга явуулахад ОУВС-гаас зээл авах нь зөв гэж 42 хувь, Японоос гэж 23, 13 нь Катараас, долоон хувь нь Оросоос гэсэн бол дөнгөж дөрвөн хувь Хятадаас гэсэн байв.

Дээрхээс монгол хүний сэтгэхүйд Хятад улс ямархан дүр төрхтэй болохыг хялбархан харж болно. Ийм дүр төрх нь Хятад гүрний байр суурь болон Монголтой 4700 км-ээр хиллэдэг хилийн шугамтай хөрш улсын хувьд байж болохгүй дүр зураг юм. Монгол болон бусад хөрш улсууд Хятадыг бүх талаар, бодитой ойлголцож, харилцааг явуулах нь Хятадын хилийн аюулгүй, тогтвортой байдалтай холбоотой талаас нь асуудлыг авч үзэх хэрэгтэй юм.


ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ
Хоёрдугаарт, Гадаад харилцаанд “Соёлын зөөлөн хүч”-ний гүйцэтгэх үүрэг. Хятад улсад “Соёлын зөөлөн хүч”-ний гадаад харилцаанд эзлэх байр суурийн асуудал улам бүр анхаарал татах болжээ. Ху Зиньтао дарга 2006 онд нэгэн удаагийн илтгэлдээ “Хэн соёлын хөгжлийн өндөр цэгт хүрнэ, тэр олон улсын өрсөлдөөн дунд голлох эрх мэдлийг олж авна” хэмээн тэмдэглэсэн байдаг. 2007 онд ХКН-ын 17 дахь удаагийн Их хурлын илтгэлдээ Ерөнхий нарийн бичгийн дарга Ху Зиньтао “Соёлын зөөлөн хүч” гэх эл ойлголтын талаар онцлон тэмдэглэж, “Өнөө үед соёл нь үндэстний нягтрал, бүтээн байгуулах чадварын эх булаг болж, улсын нэгдмэл хүчин чадлын гол хүчин зүйл байх боллоо” гэж хэлжээ. Энэ нь “Соёлын зөөлөн хүчийг нэмэгдүүлэх” нь улсын стратегийн гол асуудал болохыг  илэрхийлсэн хэрэг байв.

Үүний дараа Ерөнхий сайд Вэнь Зябао болон БНХАУ-ын дэд дарга Си Зиньпин нар илтгэлдээ соёл нь улс хоорондын болон олон улсын харилцаанд ямар чухал үүрэгтэйг удаа дараа тэмдэглэсэн байдаг. 2009 онд Си Зиньпин дарга Германы Франкфуртын номын үзэсгэлэнд голлох зочны хувиар оролцохдоо “Соёлын нөлөөлөл орон зайд хязгаарлагдахгүй, улсын хил хязгаараас давсан. Соёл нь харилцаанаас харилцаанд өргөжиж, улам бүр гайхамшигт хүчин зүйл болж байна. Улсуудын харилцаа иргэдийн дотно байдалд тулгуурлах бөгөөд иргэд харилцан ойртоход соёлын харилцааны үүргийг анхаарахгүй байх аргагүй” гэжээ.

Үнэхээр ч Си даргын хэлснээр “Соёл нь ус адил бүхнийг ундаална”, соёлоор дамжуулан хүний сэтгэл рүү орж чадна, нийгмийг эв нийцтэй байлгаж чадна. Бодит хэрэг дээрээ дэлхийн олон туйл, эдийн засгийн глобалчлал гүнзгийрэн хөгжсөн өнөө цагт олон төрлийн үзэл бодол, соёлын харилцаа улам бүр өөрчлөгдөн хөгжиж, амьд болж байна. Бодит байдалд дэлхий олон туйлтай болж, эдийн засгийн глобалчлал гүнзгийрэн хөгжсөн ба олон төрлийн үзэл санаа, соёлын харилцаа улам бүр цэцэглэн хөгжиж, өөрчлөгдөж байна.

Бодит арга зүйн тухайд бол, агуулгаараа маш баялаг Хятадын соёл улс хоорондын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг болж чадсан. Күнзийн институт дэлхийн олон оронд байгуулагдсаныг жишээ болгож болно. 2009 оны 10 дугаар сар гэхэд дэлхийн 87 орон бүс нутагт 280 гаруй күнзийн институт, 200 гаруй күнзийн хичээлийн байр нээгдэн ажиллаж байв. Гэвч зарим оронд дутуу дулимаг зүйл байна. Жишээ нь, Монголд.

Сүүлийн жилүүдэд Японоос Монголд явуулсан ажлын ололт амжилт анхаарал татаж байна. Японы баримталж буй тактик бол эдийн засгийн тусламжийг идэвхжүүлж, соёлын нэвтрэлээр хүний сэтгэлийг худалдан авах явдал юм. Энэхүү арга нь Монголын Засгийн газар, ард түмний талархал хүлээж Япон улс бидэнд тусалсан гэх сэтгэгдлийг лавтай төрүүлж чаджээ. Түүнчлэн соёл боловсролыг бэхжүүлэх “Өвсний үндэс” хөтөлбөрийн хэрэгжилт Монголын ард түмнээс Японд талархах сэтгэлийг улам бүр дэвэргэж ирлээ. Эдийн засгийн хөрөнгө оруулалт бол цаг хугацааных, соёл, боловсролын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр Монгол хүний сэтгэлд гүн гүнзий ул мөр үлдээж чадна гэдгийг япончууд олж мэдсэн байна. Хүний сэтгэлийг худалдан авах япон арга барил цэцэг адил дэлгэрч, монгол хүн Японд талархах сэтгэл тасралтгүй нэмэгдэж иржээ. Японы Гадаад хэргийн сайдын илтгэлд “Өнөөдөр Япон нь Монголын хамгийн ихээр талархан хүлээж авдаг улсын нэг болсон” гэж илэрхийлсэн нь нэгийг хэлж байна.

Хэтрүүлж хэлвэл, Япон бол сүүлийн хэдэн жилд эдийн засгийн тусламж болон бусад үйл ажиллагааныхаа тусламжтайгаар дэлхийн II дайны үед Mонголын ард түмний сэтгэл дотор хурж тогтсон хар толбоо нэгэнтээ арилгаж, түүхийн үе шатыг давж гарч чаджээ. Анхаарал татсан зүйл нь Монголын бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр Японыг Монголд хамгийн найрсаг ханддаг улсуудын нэг гэх жагсаалтад оруулсан явдал юм. Дэлхийн II дайны үед Монголд олзонд байсан 10100 цэргийн баримт материалыг 2004 онд Монголын зүгээс Японы талд хүлээлгэн өгсөн. Японы хүсэлтээр Монгол нь Улаанбаатарынхаа зүүн хойд хэсэгт япон цэргийн хөшөө босгосон, НҮБ-ын шинэчлэлийн асуудлаар болон Японыг Аюулгүй Зөвлөлийн байнгын гишүүн болох асуудлаар Монгол дэмжсэн, мөн Хойд Солонгосын асуудлаар дэмжлэг өгч ажилладаг, Солонгосын хойгийн цөмийн асуудлаар нэг байр суурьтай байдаг. Бүр 2008 онд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэр дэвших эрхээ Японд найр тавин өгч байсан баримтууд юуг илэрхийлнэ вэ.
САНАЛ БОЛГОХ