Монгол-Хятадын харилцаан дахь “Соёлын зөөлөн хүч” - 2

Судлаачийн үг

Хятадын Төрийн Зөвлөлийн дэргэдэх Хөгжлийн судалгааны төвийн “Евразийн нийгмийн хөгжлийн судалгаа” сэтгүүл 2011 оны нэгэн дугаартаа дээрхи гарчгаар сэтгүүлч асан, одоо судлаач болсон эрхмийн бичсэнийг уншигчдын хүртээл болгосон. Одоо хоёр дахь хэсгийг хөрвүүлэн хүргэе.

Гурав. “Соёлын зөөлөн хүч”- ийг ашиглан манай улсаас сэрэмжлэх сэтгэлгээг бууруулах.

Илэн далангүйгээр өгүүлэхэд Хятад-Монголын харилцааны хамгийн том асуудал нь хоёр талын харилцан итгэлцэл дутмаг байгаа явдал юм. Хятадын өнцгөөс харж өгүүлбэл зарим нэг хүмүүс Монголын тусгаар тогтнолыг янз бүрээр тайлбарладаг, бүр зарим нь Хятадын ар хударгаар гурван Монголыг нэгтгэх гэж байна гэж харддаг.

Монголчуудын хувьд түүхэн шалтгаанаас улбаатайгаар цөөнгүй монгол хүн, түүний дотор засгийн эрх баригч зарим хүн Хятадаас сэрэмжилж байдаг ба Хятад нь эрт орой хэзээ боловч Монголыг эргүүлэн нэгтгэх гэсэн бодолтой байдаг хэмээн санаа зовнидог. Ердийн монгол хүмүүсийн тухайд Хятадад цагаанаар атаархах, атаархаж хорсох, басамжилж доромжлох, айж сэртхийх, харилцаж чаддаг ч бас өшиж хорсдог байдал оршсоор байна. Хэт ойртохгүй, хэт холдохгүй, угтаж авна, харин элгэмсгээр ойртохгүй, хамтран ажиллана, гэхдээ дагахгүй, найрсаг байна, гэхдээ сэргийлнэ гэдэг нь бараг л Монголын хувьд Хятадын талаарх бодлого, стратеги нь болоод байна.

Хятад, Орос гэх хоёр том хөршийн дунд оршдог, геополитикийн үүднээс хоёр их хөрштэйгөө сайн харилцаатай байх ёстой гэж монголчууд үздэг. Зөвхөн ийм л янзаар Монголд ашигтай байж чадна. Гэвч үүний зэрэгцээ Хятад, Орос хоёр улсын аль нэг талын дарамт шахалтад орохгүйн үүднээс гуравдагч хөршийг эрэлхийлэн, аюулгүй байдлын баталгаагаа олохын зэрэгцээ олон улсын тавцан дахь байрь сууриа бэхжүүлнэ, мөн их хэмжээний тусламж дэмжлэг олно хэмээн монголчууд үздэг.

Хятадтай тогтоосон тэдний харилцаа бол эдийн засгийн ашиг сонирхол дээр суурилсан бол улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой асуудлын тухайд АНУ зэрэг барууны улсуудыг түшихэд чиглэгджээ. Гуравдагч хөрш хэмээх ойлголт нь бодлогын бичиг баримтаас урган гарсан юм. Энэхүү үзэл баримтлал нь 1994 онд Монгол Улсын Их Хурлаар хэлэлцэж баталсан тулгуур шинжтэй эрх зүйн бичиг баримт болох Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлал болон Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалууд юм. Тэргүүн хэсэгт нь Орос, Хятад нь Монголын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэсэн бол дараагийн заалтад нь “Эдийн засгийн салбарт, улсын стратегийн шинжтэй нөөцийг нэг улс болон хэд хэдэн улс дангаар эзэмшихийг хязгаарлаж, Монгол Улс бусад улсын түүхий эдийн хараат болохоос сэргийлнэ” гэжээ. Монголын хоёр их хөрш Хятад болон Орос бол түүний стратегийн нөөц баялгийн салбарт урьдчилан сэргийлэх чухал цэг болох нь маш тодорхой байна.

Нэн ялангуяа Монголын олон нийт рүү чиглүүлэн тэрхүү сэжиглэл, болгоомжлолыг багасгах явдал нь бидний цаашид, удаан хугацаанд хэрэгжүүлэх гадаад харилцааны ажлын чухал үүрэг болох ёстой. Монгол хүмүүсийн дунд оршсоор байгаа хятадын эсрэг дээрхи үзэл бодлоос харахад тэгэхээс өөр арга алга. Энэ бол хоёр улсын түүхэн баялаг харилцаа болон одоогийн харилцааны онцлогоос урган гарч буй асуудал юм.

Япон улсаас сүүлийн жилүүдэд Монголд хэрэгжүүлж буй дипломат бодлогын амжилтаас суралцах зүйл цөөнгүй байна. Монгол дахь Японы тэрхүү “Засгийн газрын хөгжлийн тусламж”-ийн голлох хэлбэр нь хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагаа. Зорилго нь хүмүүнлэгийн үзлийг хэрэгжүүлэх, аюулгүй байдал, энх тайваны олон улсын орчныг бүрдүүлэх, дэмжлэг авагч улсын ашиг сонирхлыг анхаарах, Японы имижийг сайжруулж, халдан түрэмгийлэгчийн муу талын нөлөөг арилгахад оршиж байсан, байсаар ч байна.

Дээрхийн адил “Эдийн засгийн тусламж ус мэт урсаж, соёлоор нэвтрэн хүний сэтгэлийг татах” япон арга Монголд маш өргөн хүрээнд явагджээ. Монгол руу чиглэсэн японы сумогийн бодлогыг жишээ болгож болно. Жил бүр Японы талаас монголын хүүхдүүдийг японд сүмогийн сургалтад хамруулан, улмаар сургалтын үр дүнд сүмогийн ёкузона цолыг хүртэл олгож байгаа нь монгол хүн япон хүнтэй ойр дотно харилцаатай болох, тэгснээрээ Японд талархах сэтгэлийг дэвэргэж бэхжүүлж иржээ.

Япончуудын хийж болж байгаа зүйлийг хятадууд бид яагаад хийж болохгүй гэж. Үүнд бидэнд онцгой давуу тал хараахан бүрэн дүүрэн бүрэлдээгүй байна. Хятад, Монгол хоёр нь өргөн хүрээнд соёлын арга хэмжээ хэрэгжүүлж болох талбар бол манай улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон байж болно. Өвөр Монголоор жишээ болгож, хил дамнан оршин сууж буй нэг үндэстэн, монгол хэлээр хоорондоо ойлголцдог, зан заншил адил зэрэг нь хоёр талын энэ чиглэлийн харилцааг явуулахад маш хялбар бөгөөд ашигтай нөхцлийг бүрдүүлж байна. Хоёр тал монгол үндэстний морин хуур, уртын дуу, бөх, нум сум зэрэг олон талаар харилцаж, харилцаа, хамтын ажиллагаа, найрсаг дотно байдлаа бэхжүүлэх боломжтой. Хятад, Монгол хоёр улс 2005 онд уртын дууг ЮНЕСКО-ийн соёлын өвд бүртгүүлсэн нь хамтын ажиллагааны сонгодог амжилт юм.

Үүний зэрэгцээ 1990-ээд оноос хойш манай улсын Өвөр Монголын монгол хэлний суваг болон Монгол, Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай Сансар кабелийн телевиз Монголд нээгдэж, түүх, урлаг уран сайхан, спорт, мэдээлэл, цаг үеийн хөтөлбөрүүдийг хүргэж эхэлсэн нь Монголын үзэгчдийн сонирхлыг татаж, энэ талаар хоёр тал хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд болон Монголд биднийг сурталчлах сайхан боломжийг бүрдүүлсэн. Хятад, Монгол хамтарсан хөрөнгө оруулалттай Сансар кабелийн телевиз нэвтрүүлэг цацсанаас хойш Хятадын ТВ-ийн нэвтрүүлэг гарах болж, Хятадын төв телевизийн сувгуудаас гадна мөн Бээжин, Өвөр монгол, Шанхай, Шинжаан зэрэг хорь гаруй суваг Монголд гарах болж, үзэгчдийн эдийн засаг, соёл, биеийн тамир, боловсрол, өдөр тутмын амьдралд маш их нөлөө үзүүлж байна. Ингэснээр Монголын ард түмэн Хятадыг тодорхой ойлгох, мэдэх, Хятадын гүйцэтгэх үүргийг ойлгоход идэвхтэй хувь нэмэр оруулж байна. Иймээс энэ чиглэлээр сайн ажиллаж, улмаар монгол хүний хэрэгцээ шаардлагад нийцэхүйц хөтөлбөрөөр баяжуулах хэрэгтэй.

Хоёр орны соёлын харилцаанаас харахад, Күнзийн институт нээгдсэн болон 1998 онд хоёр улсын Засгийн газар хооронд гарын үсэг зурсан “Боловсролын зэргийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр” болон 2000 онд хоёр тал гарын үсэг зурсан соёлын өвд бүртгүүлсэн нь хамтын ажиллагааны сонгодог амжилт юм. Үүний зэрэгцээ 1990-ээд оноос хойш манай улсын Өвөр Монголын монгол хэлний суваг болон Монгол, Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай Сансар кабелийн телевиз Монголд нээгдэж, түүх, урлаг уран сайхан, спорт, мэдээлэл, цаг үеийн хөтөлбөрүүдийг хүргэж эхэлсэн нь Монголын үзэгчдийн сонирхлыг татаж, энэ талаар хоёр тал хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд болон Монголд биднийг сурталчлах сайхан боломжийг бүрдүүлсэн. Хятад, Монгол хамтарсан хөрөнгө оруулалттай Сансар “Хятадын талын буцалтгүй тусламжаар монгол оюутныг сургах хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө” зэрэг нь хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааг шинээр урагшлуулж байна. Монголын холбогдох албаныхны мэдээллээр бол, 2010 оны байдлаар Хятадад албаны шугамаар суралцаж буй оюутан болон өөрийн зардлаар суралцаж буй оюутны тоо гурван мянга гаруй болсон байна. Тэдний нэлээд хэсэг нь цаашид хоёр улсын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах болно. Иймд хамтарсан найрамдалт арга хэмжээгээр тэдний ажлыг бэхжүүлэх хэрэгтэй.

Хятад, Монголын харилцаа хөгжиж байгаа ба Хятадын олон улсын байр суурь бэхжиж байгаатай холбоотойгоор Хятадад сурч буй монгол оюутны тоо нэмэгдэхийн зэрэгцээ монголчууд мөн хятад хэл сурах нь нэмэгдэж байна. Орос болон англи хэл бол Монголын залуучуудын хамгийн эхэнд сонгодог хэл байсан үе өнгөрч, одоо цөөнгүй монгол хүүхэд хятад хэлийг сонгон сурч, сурах хүний тоо англи хэлний дараа орж байна. Монголын холбогдох албаны стаитстикаар Монголын 41 их дээд сургууль болон 14 дунд сургуульд хятад хэлний хичээл орж 2600 гаруй хүн сурч буй гэсэн статистик мэдээ байна. Хятад хэлний сургалтын төв үүнд ороогүй. Монголын залуучуудын хятад хэл сурах эрмэлзэл нэмэгдэж буйтай холбоотойгоор Ерөнхий сайд Вэнь Зябао ирэх таван жилд 2000 оюутан сургана гэдгээ Монгол Улсын Засгийн газарт амлажээ. Мөн 300 залууг Хятадад аялахыг урьсан. Мөн Ерөнхий сайд С.Батболдтай хамт Хятадын соёлын төвийн нээлтийн арга хэмжээнд оролцсон. Энэ нь Хятадын Засгийн газрын гадаад дахь ес дэх соёлын төв, хоёр орны ард түмэн хоорондын харилцан ойлголцол, найрамдлын шинэ тавцан болно гэдэгт итгэлтэй байна.

Дээр дурдсанаас зөвхөн одоо байгаа асуудлуудыг анхаарч, холбогдох бодлогыг хэрэгжүүлснээр харилцан ойлголцол нэмэгдэнэ. Монгол руу чиглэсэн гадаад харилцаандаа Хятадын эдийн засгийн болон “зөөлөн хүч”-ний боломжийг нэгтгэвэл монголчуудын хятадаас сэрэмжилсэн, хардсан үзэл аажим аажмаар алга болно хэмээн үзэж байна. Мэдээж энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд яарах хэрэггүй, хоёр орны улстөрчид, холбогдох албад, судлаачдын мэдлэг, идэвхи хэрэгтэй. Хоёр орны урт удаан хугаацааны эрх ашгаас гарсан эрүүл, бодит хандлагаас асуудлыг шийдвэрлэх арга замыг хайцгаая. Тэр бол Хятадын Монгол руу чиглэсэн стратегийн хэрэгцээ шаардлага гэдгийг л ойлгох хэрэгтэй. Энэхүү макро том зорилтыг хэрэгжүүлж, харилцан итгэлцлийг бэхжүүлэх нь маш чухал байна.


САНАЛ БОЛГОХ