Юунд ийм их цэрэг, зэвсэг цуглуулав

Судлаачийн үг

Геополитикийн өнцгөөс

“Хүйтэн дайн”-аас хойш царцаж, архагшсан мөргөлдөөний цорын ганц голомт нь Солонгосын хойг юм. 1953 онд дайн зогссон боловч Энхтайваны гэрээ байгуулалгүй, гал зогсоосон хэлэлцээрээ 63 жил мөрджээ. Хүчний харьцааг нь ажваас сэтгэл хэрдхийм. Ийм жижиг нутагт ийм их цэрэг, зэвсэг юунд цуглуулав гэж харуусмаар.

БНАСАУ нь армийн цэргийн тоогоор дэлхийд дөрөвдүгээрт бичигддэг цэрэгжсэн айл. Хятад, Орос, АНУ-ын дараа орж байна. Зэвсэглэсэн 1.2 сая цэрэгтэй. Ийм их цэргийг бэлтгэж, бэлэн байлгая гэвэл дайчилгаа зарлах, сургах олон жил шаардагдана. Тэгэхлээр нь цэргийн албыг 5-12 жил болгочихоор хойдуул санаа зовох шаардлагагүй. Гэм нь зэвсэг техник нь илт хоцрогдож элэгдэлд орсон. Тоо нь сүрдмээр, 4000 танктай ихэнх нь Т-55, Т-62 болон 15 000 их буу, 5000 катюштай. Нисэх хүчин нь илт хоцрогдсон, агаарын довтолгооноос хамгаалах цэрэг нь ч өөрцгүй. Сөнөөгч хоёр эскадриль нь МиГ-29, МиГ-34, дайрагч Су-25 онгоцууд арай гэгээлэг нь. Тэнгисийн цэрэг нь эрхбиш шинэчлэгдэж буй. Бага ба дунд оврын дизель-электрон хөдөлгүүрт шумбагч завьнууд, тэндээсээ пуужин харвачихна.


Орчин үеийн иж бүрэн, хөнөөгч дайнд Хойд Солонгос бэлэн эсэх нь ихээхэн эргэлзээтэй. Аман заналхийлэл, сүржин мэдэгдэл хийгээд байхаас цөмийн ба химийн дайн дэгдээх нь нэн тодорхой бус. Дэгдээсэй хэмээн хүсэх юм ерөөсөө биш л дээ. Америкийн шинжээчдийн таамаглаж байгаагаар БНАСАУ нь 2020 он гэхэд тив хоорондын баллистик пуужин нь цөмийн цэнэгт хошуутайгаа 79-д хүрэх төлөвтэй. Америкийн тагнуулынхны мэдээгээр химийн зэвсгийн үлэмж том нөөцтэй.

Өрнөтэй халз үзэлцэх сэтгэл зүйг базааж буй Орос ч яах нь нэн тодорхойгүй
Тэгвэл БНСУ хоёр дахин бага, 650 мянга цэрэгтэй. Харин маш өндөр түвшинд зэвсэглэж тоноглож чадсан. Нийт 2500 танк (K1 и K2), түүнээс 800 нь Америкийн М48 танк. Их буу 11 мянга, түүний дотор катюш маягийн 250 их буу байна. Нисэх хүчин нь илт давуу. Америкийн F-15 загварын хүнд сөнөөгч 60 нисэх онгоц, 160 хөнгөн F-16 дарангуйлагч. Гарз хохирол амсахгүйгээр хойдуулын хятад, зөвлөлт загварын МиГ-17, МиГ- 21-үүдийг ч яайруулчихна. Тэнгисийн цэрэг нь мөн орчин үежсэн, нэн орчин үеийн 13 шумбагч завь, 12 хамгаалагч усан цэргийн онгоц, 11 хөлөг онгоц, 19 хөнгөн хөлөг, нисдэг тэрэг, зөөгч гэхчлэн бичвэл олон жагсаалт байна.

Хойдуулын пуужингийн туршилт, аман заналхийлэл, сүрдүүлэг хэрээсээ хэтэрсэн тул өмнөдүүд агаарын ба пуужингийн довтолгооноос хамгаалах системээ иж бүрэн шинэчилжээ. Америкийн Patriot PAC-2 системийг олноор байрлуулсан нь хойдын ойр, дунд тусгалын пуужинг өлхөн амдаад авчихна. Гол нь Өмнөд Солонгост Америкийн армийн томхон нэгтгэл нэн орчин үеийн зэвсгээр зэвсэглэн байрлаж байна. Тэд сөнөөгч 40 онгоц (F-16C/D), 24 дайрагч онгоцтой (A-10C).

Хэрэв эдгээрийг биелэл болгож тэр жижиг газарт зэрэгцүүлэн тавибал бурхан минь энэ юу гээч вэ гэж шогширно. Шүдэнз зурлаа л бол шууд түймэр. Хоёр Солонгос аль аль нь гашуун сургамжтай, үл эвлэрэх үүрдийн өс хонзонтой гээд нэмээд байвал тэр хойг тэсч үлдэх үү гэсэн асуулт логикоор тавигдана. Гэхдээ 1960−1970 оны арми XXI зууны өвч бүрэн шинэчлэгдсэн армитай тулалдаад шүү дээ.

Хойд ах дүүсийн олон мянган танк, их буу, нисэх онгоц жагсаалаас гарна, гэхдээ зүгээр ялагдчих юм биш. Цөмийн зэвсгүүдээ өөрийн нутагтаа дэлбэлж эхлэхэд л цөмийн үүл орчноор нэг тархаж, бүр Монгол руу ч ороод ирэх магадлалтай. Ийм нөхцөлд Хятад аль талд хэрхэн ажиллах нь нэн тодорхойгүй ба сэжиг дагуулна. Яагаад гэвэл дэглэмийг солихгүй гэх Бээжингийн хатуу байр суурь хойдуулыг юу руу ч түлхэж мэднэ. Яг одоо өрнөтэй халз үзэлцэх сэтгэл зүйн бэлтгэлийг базааж буй Орос ч яах нь нэн тодорхойгүй. Далимдуулаад, Алс Дорнодод Америкийг хусая гэвэл хэрэг явдал Орост ашиггүй, гэхдээ нийтэд хорлонтой байж мэднэ.


Хуучин СССР нь дэлхийн гол хорт хүчин байсан бол өнөөгийн Орос тийм биш, гэхдээ хөнөөлт хүчин хэвээрээ байна. Тэр хэрээрээ Солонгосын “шинэ дайн”-ыг бужигнуулж магадгүй.

Гэхдээ иймдээ тулахгүй байж бас болно. Зүгээр л дарамтлаад мөнгө дээрэмдээд байх чин хүсэл дарангуйлагч дэглэм бүхий, амьдралын түвшин хэт дор, Өмнөд Солонгосынхоо хөгжил дэвшилд мөчөөрхсөн Пхеньяны хувьд их дайн хүсмээр тоглоом биш.

» Орчин үеийн иж бүрэн, хөнөөгч дайнд Хойд Солонгос бэлэн эсэх нь ихээхэн эргэлзээтэй.
» Америкийн шинжээчдийн таамаглаж байгаагаар БНАСАУ нь 2020 он гэхэд тив хоорондын баллистик пуужин нь цөмийн цэнэгт хошуутайгаа 79-д хүрэх төлөвтэй.
» Цөмийн зэвсгүүдээ өөрийн нутагтаа дэлбэлж эхлэхэд л цөмийн үүл орчноор нэг тархаж, бүр Монгол руу ч ороод ирэх магадлалтай.

Аман заналхийлэл нь даан ч олон. Өдөр ирэхүйе сүржин нь дэндэнэ. “Дайсан бидний эсрэг галын цог үсэргэх л юм бол үндсийг нь бүрэн устгах болно. Сүүлийн үед дайсны тэнгисийн байг устгах болон орчин үеийн шинэ загварын хөлөг онгоц эсэргүүцэx пуужинг туршиж, аралд цохилт өгөх, эзлэн авах, нисэх онгоцноос цохилт өгөх сургуулилалтуудыг тус тус хийлээ” хэмээн Ардын армийн 83 жилийн ойн баяраар Жанжин штабын дарга Ри Ён Гил ингэж сүржигнэв.

“Родон шинмүн” сонинд “Нар Солонгост байна” гэсэн гарчигтайгаар “Умард Солонгосын дайны фронт 38 дугаар өргөргөөр тогтохгүй Номхон далай хүртэл үргэлжилнэ. Цөмийн дайныг АНУ-ын нутаг дэвсгэрт явуулах болно. Цохилт өгөх байг Өмнөдийн цэрэг, Японы өөрийгөө хамгаалах хүчин, Америкийн цэргийн баазыг биш, харин АНУ-ын ялагдлын гашуун амтыг өөрийнх нь нутаг дэвсгэр дээр амтлуулуулна. Энэ бол маршал Ким Жөн Ун жанжны зоримог шийдвэр юм. Америкийн зүгээс хэрээс хэтэрсэн доромжлол, гүтгэлэг хийх нь хэдэн удаа дайн хийснээс илүү их харгис үйлдэл. Манай талаас АНУ-д өгөх шийтгэл бол АНУ-ын төгсгөл байх болно. Хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа мэт дайрч байгаа нь биднийг хэт их үзэн ядах болон далд улс төрийн зорилгыг агуулж байна” гэх мэт.

Солонгосын хойгийн асуудалд Хятад, АНУ-ын анхаарлыг татах, Ерөнхийлөгч хатагтай Пак Гын Хэгээс АНУ, Хятадтай тогтоосон харилцаанд нөлөөлөх, мөн Ким Жөн Ун нь Умард Солонгосын дотоодод өөрийн удирдлагын амжилтыг харуулах, нэр хүндээ өргөх гэсэн сонирхлуудыг хослуулан аман заналхийллээ урсгаад байх нь тэр. Мөн чанга яригчийг буулгаж нэвтрүүлгийг нэн даруй зогсоох, Өмнөдийн тал бөмбөг дэлбэлсэн, пуужин хөөргөсөндөө уучлалт гуйх, дахин энэ төрлийн хэрэг гаргахгүй байх баталгаа гаргахыг шаардаж дарамтална. Хэрвээ шаардлагыг нь хүлээн авахгүй бол цэргийн хүч хэрэглэнэ.
САНАЛ БОЛГОХ