Улс төрийн ший янгуу гэж энэ

Судлаачийн үг

Рим Хён Сү хэргээ хүлээж барууныхныг бут авч өгсөн юм

Пxeньян дахь коммунист, сталинч дэглэмийг яллах нь энд чухал биш. Гэхдээ энэ дэглэм, түүний цэрэг, дайны хэнээрхлийн бодлогыг бараг дэлхий нийтээрээ гайхшран, түгшин, жигшин харж байгаад эргэлзээ алга.

Тэр тухай өгүүлэх гээгүй. Харин гарчигт тохируулсан, манай уншигчид бол нүд чихэндээ үл итгэмээр хөгийн марзан улс төрийн жүжгийг жишээ болгон, Хойд Солонгосын өөрийнх нь хэвлэлээс авч толилуулж байна. Энэ бол хагас жилийн өмнө 2015 оны долдугаар сард болсон “өөрийгөө илчлэх хурал” гэгч юм. Тэр хуралд нь Пxeньяны албаны төлөөлөгчдөөс гадна Пxeньян дахь гадаадын хэвлэл мэдээллийн сурвалжлагчид, Япон дахь солонгос иргэдийн холбооны төлөөлөгчид, Их Британи, Нигер, Польш, Болгар, Вьетнамын дипломатчид оролцжээ.

Хуралд Рим Хён Сү гэгч нэг нөхөр хэргээ хүлээж, хүлцэл өчиж, барууныхныг бут авч өгсөн юм байх. Тэрээр христосын шашны пастор бололтой. Түүний мэдэгдэл байна:
-Миний үйлдсэн хамгийн ноцтой хэрэг бол БНАСАУ-ын нэр төр, тогтолцоог гэмтээх зорилго бүхий дотроос нь унагах нууц үйл ажиллагаа байлаа.
-Би өөрийн ажилладаг сүм болон Америк тив дэх Солонгос үндэстний бусад сүмд очихдоо “Хойд Солонгост авралын зар түгээсэн тайлан” гэгч худал зүйл танилцуулдаг байсан. Ингэхдээ БНАСАУ-ын нэр төр, тогтолцоог муулдаг байсаан.

• БНАСАУ-ын нэр төр, тогтолцооны талаар гэхэд л “Дарангуйлагч улс”, “Бузар бүлэг”, “Харанхуй газар”, “Террорист удирдлага”, “Айдаст төр” хэмээн Америк, Өмнөд Солонгосын суртал нэвтрүүлгийг дууриан ярьдаг байлаа.
• Түүнчлэн “Умард удахгүй мөхнө, гэнэт унаж ч магадгүй, одоо тэдний хувьд эцсийн мөч нь” хэмээн зарладаг байв.
• Хойд Америк дахь сүм, шашны байгууллагуудад очиж, “Хойд Солонгосын иргэдийн толгойд тэдний дээд удирдлага, намын оронд эзэн бурхан, христос, сүмийг суулгаж өгөх хэрэгтэй”, “Хойд Солонгосыг бурханы хайраар унагаах хэрэгтэй” гэж хэлж, шашны номлолын зэрэгцээ хүмүүсийг БНАСАУ-ын эсрэг уриалдаг байлаа.
• Мөн БНАСАУ-ын ард түмний зүрхээ болгон дээдэлдэг Ким Ир Сений үйл хэргийн талаар Америк, Өрнөдийн орнуудын адилаар муулж байв.
• Энэ бол БНАСАУ-ын талаар хамгийн харанхуйгаар хэт түйлширсан үйлдэл минь байсан билээ.
АНУ, Өмнөдөөс БНАСАУ-ын эсрэг үйл ажиллагаа явуулдаг пастер нэг хоёроор зогсохгүй
• Өнгөрсөн хугацаанд БНАСАУ-д тусламж, дэмжлэг үзүүлж байсан минь БНАСАУ- ын иргэдийн сэтгэлийн гүн дэх дээд удирдлагадаа үнэнч байдлыг арилгаж, Христосын сүмд талархах сэтгэл төрүүлж, тэднээр өөрийн улсын удирдлагаа эсэргүүцэн “эзэн бурхны орон” байгуулуулах зорилготой байв. Мань лам маань яаж хил даваад тэр улсад очсон, тийм хатуу дэглэмийн хяналтыг даваад шашны ухуулгаа хийж явсан, тэрийг нь Хойд Солонгосын иргэд хэрхэн зориг зүрх гарган сонсож байсан талаар нарийвчилсан мэдээлэл алга. Тусламжийн буяны ажлаар очсон гэх дүр зураг бууж байна. Тэрбээр цааш нь:
•Тусламж нэрийн дор БНАСАУ- ын бүх орон нутгаар явсан минь АНУ, Өмнөд Солонгосын холбогдох албадын БНАСАУ-ыг даран устгах бодлогод нэгдэн, Умардын тогтолцоог орвонгоор эргүүл, шашны улс байгуулахад шаардлагатай цэгүүдийг бий болгоход оршиж байв.
•Сүүлд Пхеньян хүртэл хүрээгээ тэлэх зорилгоор “Тэдунган” зочид буудлыг түрээслэн засвар хийж, гадаад хүмүүсийн мөргөлийн газар болгох гэсэн боловч бүтэлгүйтлээ.
•АНУ, Өмнөд Солонгосын холбогдох албадын БНАСАУ-ын эсрэг дайсагнах үйлдэлд хувь нэмрээ оруулж, худал хоосон ухуулга хийж, сүсэгтэн олон болон солонгос үндэстнүүдийн дунд БНАСАУ-ын эсрэг, үл итгэх, дайсагнах үзэл дэлгэрүүлсэн явдал бол миний үйлдсэн дараагийн гэмт хэрэг болно.
•“Пхеньян хотын өнгөлөг үзэмж бол зөвхөн хотын 10 хувиас хэтрэхгүй өнгөц хэсэг юм”, “Даяаршлын эринд ганцаардсан Умард оршин тогтнох орон зайгаа алдсаар байгаа ба тэд интернэтийн эрин үед XVIII зууны үеийн амьдралаар амьдарч байгаатай ялгаагүй байна”, “Тэдэнд цөмийн хошуу байгаа гэдэг нь батлах боломжгүй худал зүйл бөгөөд тэд Өмнөдтэй дайтвал ялах боломжгүй” гэх мэтээр хий хоосон зүйл ярьдаг байснаа би хүлээн зөвшөөрнө.
• Энэ бүхнээ итгэл үнэмшилтэй болгохын тулд БНАСАУ-д байхдаа нууцаар авсан зарим гутамшигт дүрс бичлэгээ хүүдээ дамжуулж, засаж янзлуулан үнэмшилтэй болгож “Умардын бодит байдал” зэрэг хуурамч ухуулах материалууд бэлтгэж, нийтэд үзүүлэн, интернэтээр түгээсэн нь том нүгэл болжээ.
• АНУ-д амьдардаг солонгос эмэгтэйгээс хуучин библи, христосын магтаалын номын зургийг 2007 онд нууцаар авч, БНАСАУ дахь итгэгчдийнх мэтээр нийтэд харуулж, Умард дахь амиараа дэнчин тавьж, христэд итгэгч 600 гаруй хүнийг олж элсүүлсэн хэмээн олон нийтийг хуурсан. Тийм юм ер болоогүй.
• Дараагийн гэмт үйлдэл бол БНАСАУ-ын иргэдийг хууран урхидах Америк ба Өмнөдийн “Дүрвэгчдэд дэмжлэг үзүүлэх” гэх үйлдэлтэй идэвхтэй хамтран ажилласан явдал юм.
• Би БНАСАУ-д анх орж ирэхээсээ өмнө АНУ, Өмнөд Солонгосын холбогдох албадтай хамтарч дүрвэгчдийг дэмжих хэмээх хий хоосон ажилд гараа дүрсэн дээ. Тэр ламын дараагийн ярианд манай Монгол Улс нэр хавчуулагдсан нь бүр ч гайхалтай. Тэр утгаараа манай улс Хойд Солонгост нэр хүнд базаахгүй болсон байж магадгүй. Тэрбээр:
• 1996 онд Монголд очиж тус улсад суугаа АНУ-ын Элчин сайдтай уулзан, жилд 500 дүрвэгчийг Монголоор дамжуулан Өмнөд Солонгос руу оргуулах асуудлыг ярилцаад буцахдаа дүрвэгчдийг уриалах ажил хийдэг Денис Ким гэгч Өмнөд Солонгос гаралтай АНУ-ын иргэнээс Монгол руу шууд зам заагч сансрын GPS төхөөрөмж авч, Бээжингийн нисэх буудалд Хятадын солонгос үндэстэн “брокер”-т дамжуулж өгсөн. Хойд Солонгосоос хүмүүсийг оргуулах ажлыг Рим Хён Сү пастор хийж байснаа ийнхүү хүлээн зөвшөөрөөд тэднийгээ эргээд айхтар баалж нулимсан байх ба манай өмнөд хөрш тэрхүү хэрэгт нь нэр холбогдсон байх юм. •БНАСАУ-д гэмт хэрэг үйлдээд оргон зайлсан хог шааруудыг эрх чөлөөтэй болсон иргэд мэтээр нийтэд таниулж, 1996 оноос эхлэн хоёр жилийн хугацаанд сүмийн төсвөөс Хятадын зүүн хойд нутагт оргож очсон дүрвэгчдэд туслах зардлыг гаргаж, Хятадын Жилин мужид хүн илгээж, дүрвэгчдийг уриалан дуудах ажил хийлгэж байсан. Тухайн үед манай сүм 25 мянган ам.доллараар Хятадад барьсан сүм, жимсний модны цэцэрлэгийг төв болгон, хууль бусаар оргож ирсэн БНАСАУ- ын хог шааруудад тус бүр 300 юань өгч дүрвэгчдийг татан авах ажилд оролцсон болно. Рим Хён Сү пасторын буруугаа хүлээсэн ярианд тэрбээр Америкийн тагнуулын албаны хорлон сүйтгэгч болтлоо өсөж дэвжин ажилласан гэх мөрүүд бас байна.
• Би өөрийн энэ бүх гэмт үйлдлээрээ АНУ, Өмнөд Солонгосын холбогдох албаны БНАСАУ-ын эсрэг хуйвалдаанд идэвхтэй оролцлоо. Чингэхдээ БНАСАУ-ын нэр хүнд, тогтолцоог буруутган, БНАСАУ-ыг унагаах хорон шуналт сэтгэлээр өршөөх аргагүй гэмт хэрэг үйлдлээ гэдгээ бүрэн хүлээж байна.
• Би үндэс нэгтнүүддээ “Хайр” зарласан мөртлөө тэдний хувьд жигшүүрт гэмт хэрэг үйлдлээ.
• БНАСАУ-ын ард түмэн болон бүх солонгос үндэстний өмнө үгээр хэлэхийн аргагүй хүнд гэмт хэрэг үйлдсэн гэдгээ дахин хүлээн зөвшөөрч, сэтгэлийн гүндээ гэмшиж байна. Сэтгүүлчдийн асуултад хариулсан хэсэг нь цаашаа хөвөрч өгчээ. “Далан долоогоор бууж өгнө” гэгчтэй адил үзэгдэл өрнөсөн бололтой. Солонгосын төв мэдээллийн агентлагийн сурвалжлагч асууж байна:

-Манай 10 сая цэрэг, ард түмэн өөрсдийн амь шигээ хайрлан хамгаалж буй улс орны нэр төр, тогтолцоог гутаан доромжлох гэсэн онц хүнд гэмт хэрэг үйлдсэн явдалд уур хүрч байна. Ямар замаар БНАСАУ-ын хуулийн байгууллагад саатуулагдсан, баригдах болсон шалтгаанаа дэлгэрэнгүй ярина уу?
Рим Хён Сү: -Миний бие 2015оны нэгдүгээр сарын 30-ны өдөр эдийн засгийн хамтын ажиллагааны шугамаар уулзалт хийх нэрийн дор Расон хотод ирж Солонгосын талын холбогдох хүмүүстэй уулзсан. Түүний дараа “Эдийн засгийн хамтын ажиллагаа” болон “тусламж” гэсэн нэр ашиглан Пхеньян хотод нэвтрэхийн тулд “Эбола” вирусийн хорио цээрийн дэглэмийг зөрчин хоёрдугаар сарын 1-ний өдөр Расон хотоос хөдөлж 2-ны өдрийн үдээс хойш Пхеньянд нууцаар ирсэн. Тэр өдрөө баривчлагдсан.
• Сар хагас шалгуулсан. Чингэхдээ хорио цээрийн журмын дагуу тусгаарлагдсан. Тэр үедээ л гадаадад Солонгосын эсрэг үйлдсэн гэмт үйлдлээ илчилсэн. Тусгаарлагдах хугацаа дууссаны дараа хоёрдугаар сарын 24-ний өдрөөс холбогдох байгууллагаас албан ёсны байцаалт эхлүүлсэн.

“Ардчилсан Солонгос” сонины сурвалжлагч: -Америк болон тэдний утсан хүүхэлдэйнүүдийн зүгээс манай эсрэг явуулж буй үйл ажиллагаанд элсэн орж, бидний эсрэг дайсагнасан үйлдэл хийх явцдаа манай улсыг дотроос нь задлан бутаргах зэрэг харгис үйлдлүүдийг биеэрээ мэдэрсэн гэж үзлээ. Энэ талаар ярина уу?

Рим Хён Сү:
-БНАСАУ-ыг улс төрийн хувьд ганцаардуулж, эдийн засгийг нь сөхрүүлэн унагаж, цэргийн хүчээр дарах нь Америкийн хөдлөшгүй бодлого юм. АНУ- ын зүгээс энэ үйлдлээ нуухгүй байгаа ба саяхан Обама “Хойд Солонгосын уналт”-ыг гадаад бодлогынхоо гол зорилго хэмээн албан ёсоор мэдэгдлээ.
• Хойд Солонгосыг ганцаардуулан дарахын тулд АНУ, Өмнөдийн эрх баригчид нь улс төрчид болон сонин, сэтгүүл, телевиз зэргийг дайчлан “Хойдуулын цөмийн асуудал”, “Умардын хүний эрхийн асуудал”- ын талаар байнга ярьж ирсэн. Мөн “үй олноор хөнөөх зэвсгийг түгээгч улс”, “Мөнгө угааж болзошгүй улс”, “Биологийн зэвсэг үйлдвэрлэгч улс” зэргээр БНАСАУ-ын нэр төр, байр суурийг дэлхийн тавцанд гутаан доромжиллоо.
• Одоогоор АНУ, Өмнөд Солонгос, мөн барууны дайсагнагч хүчнүүдийн зүгээс ашиглаж байгаа НҮБ-ын “Хойд Солонгосын хүний эрхийн судалгааны хорооны илтгэл” нь энэ улсад гэмт хэрэг үйлдээд оргон зугтсан Син Дун Хёг гэгчийн худал мэдүүлэгт үндэслэн гаргасан хуурамч зүйл юм.
• АНУ, Өмнөд Солонгосын эрх баригчид БНАСАУ-ын асуудал судлаач “мэргэжилтнүүд”-ийг мөнгөөр худалдан авч Хойд Солонгосын талаар олон төрлийн гүтгэлэг явуулж байна.
• Би гадаадад байх хугацаандаа мэдэрсэн зүйл бол Америк болон түүнийг дагалдагч улс гүрнүүд, Өмнөд Солонгосын эрх баригчид цэргийн зориулалтаар ашиглаж болзошгүй гэсэн үндэслэлээр Хойд Солонгос руу энгийн бараа бүтээгдэхүүн болон ширхэг цагаан будаа, нэг грамм бордоо хүртэл оруулахыг хориглож байгаа явдал юм.

“Чонрён” сэтгүүлийн сурвалжлагч:
-Америк болон Өмнөд Со лон г о сын ут с ан хүүхэлдэйнүүдийг даган баясаж байхдаа Таны нөхөрлөсөн тэр манай улсын талаар худал сурталчилгаа, төрийг дотроос нь задлан унагах оролдлого хийж байгаа байгууллага болон таньдаг хүмүүсийн талаар дэлгэрэнгүй ярина уу?
Рим Хён Сү:
-Одоогоор Хойд Америкийн бүс нутагт Өмнөд Солонгосын “Кынпит” сүм шиг АНУ, Өмнөдийн зүгээс БНАСАУ-ын эсрэг үйл ажиллагаа явуулдаг сүм, пастер нэг хоёроор зогсохгүй олон бий.
-Юуны түрүүнд Хойд Америкийн бүс нутгаас гадна Америкийн Филадельфид байдаг “Андиог сүм”-ийн пастор Хо Сөн Ги, Хьюстон дахь “Оног сүм”-ийн пастер Уг Сынг Үн, Лос-Анжелес хотод буй “Ынхэ Солонгос иргэдийн сүм”-ийн пастор Хан Ги Хун, Нью-Йорк хотын “Эе ил сүм”ийн пастор Ким жун Хүн, Америкийн “СэнтЛүис сүм”-ийн пастор Ким Гёнг Шиг, Бразил улсын Сан Паулу хот дахь “Азийн сүм”-ийн пастор Хуан Ын Чой нарыг нэрлэж болно.

• Өмнөд Солонгосын шашны байгууллага гэхэд л “Саран сүм”-ийн пастор У Жон Хён, хойд Канвон мужийн Чүнчон хотын “Хан маым сүм”-ийн пастор Ким Сон Ру, “Дэхагсэн сүм”-ийг төлөөлөгч Паг Сонг Мин, Өмнөд Кёнсан мужийн Рянсан хотын “Сэгэро сүм”-ийн пастор Сон Хён Бу, Сөүл хотын Гандун дүүрэгт байрлах “Гуан Сонс сүм”-ийн пастор Ри Сон Гын, Ёндынду дүүргийн “Хан Сонг сүм”-ийн пастор Ду Вон Үг, Ганнам дүүргийн “Мажайк сүм”-ийн пастор Пак Жун Гын, Инчон хотын “Сонмуг сүм”-ийн пастор Чой Сон Гю нар байна.

• Миний бие өнөөдөр эндээс эдгээр хүмүүст энэ үгийг дамжуулах гэсэн юм. АНУ, Өмнөд Солонгосыг аялдан дагаж БНАСАУ-ын талаар худал хуурмаг, хэтрүүлэгтэй зүйлээр хүмүүсийн тархийг угаах нь шашны үйлсэд тань таарахгүй шүү. Зөв, шударга ёс, итгэлээс урваж байгаа хэрэг шүү. Та нар чин үнэнч шашны хүмүүсийн хувьд өөрсдийн итгэл үнэмшилдээ үнэнчээр байж, АНУ, Өмнөд Солонгосын эрх баригчдад хууртахгүйгээр үндэстний эв нэгдэлд шаардагдах үйлсийг бүтээх хэрэгтэй гэжээ.
САНАЛ БОЛГОХ