Паралимпийн наадамд 4300 гаруй тамирчин 528 медалийн төлөө өрсөлдөнө

Мэдээ

Бразилийн Рио-де-Жанейро хотын Маракана цэнгэлдэх хүрээлэнд Паралимпийн наадмын нээлт боллоо. 2016 оны Зуны Паралимпийн наадамд нийт 173 улсын, 4300 гаруй тамирчин спортын 23 төрлөөр 528 медалийн төлөө өрсөлдөнө. Паралимпийн наадам 9 дүгээр сарын 18 хүртэл үргэлжлэх юм. Хэдийгээр энэ удаагийн Паралимпийн тасалбарын борлуулалт хангалтгүй байгаа талаар зохион байгуулагчид мэдээлж байсан ч сүүлийн мөчид борлуулалт огцом нэмэгдэж, нийт 1.5 сая гаруй тасалбар худалдаалагдсан байна. Үүнээс гадна нээлтийн ёслолын өмнө Беларусийн Паралимпийн хорооны тэргүүн Олег Шепель "ОХУ-ын тамирчидтай эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлэн нээлтийн үеэр ОХУ-ын далбааг барьж жагсана" гэж мэдэгджээ. Тиймээс Олон улсын Паралимпийн хорооноос ОХУ-ын далбааг барьж жагсахыг Беларусийн тамирчдад хориглосон ч нээлтийн ёслолын үеэр Беларусь улсын тамирчид өөрийн улсын далбаанаас гадна ОХУ-ын Төрийн далбааг барьж жагссан байна.

ОХУ-ын тамирчдыг Төрөөс санхүүжүүлсэн сэргээшийн хөтөлбөрт хамрагдсан гэх үндэслэлээр Паралимпод оролцохыг хориглосон шийдвэрийг Олон улсын Паралимпийн хороо өнгөрсөн сарын эхээр гаргасан юм. Паралимпийн наадамд Монгол Улсаас нийт найман тамирчин жүдо бөх, буудлага, байт харваа, хүндийн өргөлтийн төрөлд өрсөлдөнө. Өнөөдөр жүдо бөхийн төрөлд Монгол Улсын тамирчин А.Мөнхбат, Б.Ууганхүү, бөөрөнцөг түлхэлтээр Г.Цогтгэрэл нар тэмцээнд оролцох хуваарьтай байгаа юм. Тэмцээн Улаанбаатарын цагаар 22.00 цагаас эхэлнэ. Жүдо бөхийн тэмцээний 60 кг-д Б.Ууганхүү Бразилийн бөх Мэсута Понтэстэй, 66 кг-д А.Мөнхбат Пуэрто Рикогийн бөх Пэрэз Диазтай эхний тойрогт оноолт таарчээ.

Харааны бэрхшээлтэй иргэд В1, В2, В3 ангилалд багтдаг бөгөөд Монгол Улсын тамирчид В3 буюу сул харааны ангилалд багтаад байна. Харин хөнгөн атлетикийн төрлөөр анх удаа оролцож байгаа Г.Цогтгэрэл бөөрөнцөг болон зээрэнцэг төрөлд маргааш буюу есдүгээр сарын 9-нд өрсөлдөнө. Монгол Улсын Паралимпийн тамирчид анх 2000 онд Австралийн Сидней хотноо зохион байгуулагдсан зуны XI Паралимпид оролцжээ.





САНАЛ БОЛГОХ