Өвөлжилт хүндэрсэн аймгуудад 5000 тонн өвс үнэгүй олгоно

Мэдээ

Өвөлжилт хүндэрсэн зарим аймагт 5000 тонн өвсийг үнэгүй, 5218 тонн малын тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр олгохоор боллоо. Мөн отроор өвөлжиж байгаа малчдад дулаан хувцас, цахилгаан үүсгүүр зэрэг нэн шаардлагатай бараа, материалыг хүргэхээр болов. Эдгээр ажилд шаардлагатай санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргах юм байна. Үүнээс өмнө төв, суурин газрын болон аймаг, орон нутгийн 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Засгийн газрын нөөц сангаас 3.7 тэрбум төгрөгийн хөрөнгө гаргуулжээ. Тухайлбал, 12 аймагт 1.1 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгө, улсын нөөцийн 2410 тонн өвсийг үнэгүй, 1700 тонн тэжээлийн үнийг 50 хувь хямдруулсан үнийн зөрүү болон тээвэрлэн хүргэх зардалд 1.1 тэрбум төгрөг, малын эм, био бэлдмэлд 41.8 сая төгрөг олгоод байгаа аж.

Улсын хэмжээнд 61.5 сая мал өвөлжиж байгаагаас аймаг, сум дундын, тусгай хэрэгцээний болон хилийн зурвас отрын бүс нутгаар 16.1 мянган малчин өрхөд 6.9 сая толгой мал өвөлжиж байна.

Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 70 хувьд цасан бүрхүүлтэй, 15 аймгийн 137 сум, нийслэлийн нэг дүүрэгт өвөлжилт хүндрээд байгаа юм.




САНАЛ БОЛГОХ