Б.Ууганхүү хүрэл медалийн эзэн боллоо

Мэдээ

Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны XV Паралимпийн наадам үргэлжилж байна. Паралимпийн наадамд Монгол Улсаас найман тамирчин жудо бөх, буудлага, хөнгөн атлетик, пауэрлифтинг, байт харваа, хүндийн өргөлтийн төрөлд өрсөлдөж байгаа юм. Харааны бэрхшээлтэй иргэдийн жудо бөхийн төрөлд хоёр тамирчин өрсөлдсөнөөс Олон улсын хэмжээний мастер Болормаагийн Ууганхүү хүрэл медаль хүртлээ. Эрэгтэй 60 кг-ын жинд нийт 12 тамирчин өрсөлдсөнөөс харааны бэрхшээлтэй иргэдийн В3 ангилалд багтаж байгаа Б.Ууганхүү эхний тойрогт Бразилийн бөхийг хоёр минут гурван секундэд цэвэр ялж, шилдэг наймд үлдсэн ч цаг дуусахаас 50 секундын өмнө Японы бөх Х.Макотод цэвэр ялагдсан байна.

Хэдий тийм боловч жиндээ чансаагаараа 11 дүгээрт бичигдэн Паралимпийн наадамд оролцох эрх авсан Б.Ууганхүү дагах барилдаанд БНСУ-ын Мин Жи Лиг цэвэр ялснаар хүрэл медалийн төлөө Азарбайжаны бөх Ибрахимов Раминтэй таарч, шийдвэрлэх барилдаанд Азарбайжаны бөхийг эхний дөрвөн секундэд цэвэр ялжээ.




САНАЛ БОЛГОХ