![](/uploads/5fa56988-02e3-47b6-9695-2031ce779e7d.jpg)
Хоёр Солонгос нэг талбарт
Спорт
Аварга цолоо хамгаалах нь шигшээ багийн ганц зорилго
“Чингис хаан Кап” сагсан бөмбөгийн олон улсын тэмцээн лхагва гарагт Спортын төв ордонд эхэллээ. Тус тэмцээн өнгөрсөн жил анх удаа зохиогдоход Монголын шигшээ түрүүлсэн. Тэгвэл энэ удаа цар хүрээгээ тэлж, нийт найман багийг хамарчээ. Үүний дөрөв нь Монголынх бол үлдсэн дөрөв нь бусад улсаас ирж. Ялангуяа Хойд болон Өмнөд Солонгосын баг манайд хүрэлцэн ирсэн нь тэмцээний хамгийн том онцлог болж байна.
Өмнөд Солонгосын хувьд “KBL” хэмээх хоёрдугаар лигийн багаа илгээж. Тийм ч хүчтэй өрсөлдөгч байж чадахгүй болов уу. Харин Хойд Солонгосын хувьд үндэсний шигшээ баг нь бүрэн бүрэлдэхүүнээрээ хүрэлцэн иржээ. Манай тэмцээнд ач холбогдол өгч, хүндэтгэл үзүүлж буйн илрэл болов уу. Хойд Солонгосын баг 2010 оноос хойш олон улсын тэмцээнд оролцоогүй. Харин өнгөрсөн жил Монголын тал Элчин сайдаараа дамжуулан тэдэнд албан ёсоор хүсэлт тавихад зөвшөөрсөн юм. Улмаар ноднингийн тэмцээний финалд шалгарч, манай үндэсний шигшээд хожигдсон билээ. Энэ удаа тэрхүү багаас хоёр тоглогч л солигдсон байв. Медалийн төлөө өрсөлдөх гол нэр дэвшигч байх нь гарцаагүй. Бүрэлдэхүүнийг нь харвал 191-196 см өндөртэй таван тоглогчийг эгнээндээ нэгтгэжээ. Ингэснээр дундаж өндөр нь 190 см болсон байна. Манайхантай харьцуулахад бас л нуруулаг гэсэн үг. Тэд Бээжингээр дамжин Монголд ирсэн юм. Ирэх замдаа Хятадын үндэсний шигшээтэй хоёр удаа нөхөрсөг тоглолт хийсэн гэнэ. Хэдийгээр хоёуланд нь хожигдсон ч энэ тоглолт тэдэнд чухал бэлтгэл болсон биз ээ. Сонирхолтой нь Хойд болон Өмнөд Солонгос нэг хэсэгт багтжээ. Тэд өнөөдөр 18.00 цагаас хоорондоо тоглох болно. Хоёр Солонгосын тоглолтод хэн хожих нь сонирхол татаж байна. Урд хөршийг төлөөлж Өвөр Монголын Тариалангийн их сургуулийн баг иржээ. Жирийн нэг сургуулийн баг хэдий ч Өвөр Монголдоо чансаагаар хоёрт бичигддэг гэнэ. Энэ баг ямар тоглолт үзүүлж, ямар амжилт гаргах талаар таамаглахад бэрх. Нэг ёсондоо “битүү морь” гэж хэлж болно. Харин хойд хөршөөс Буриадын шигшээ баг ирсэн байна.
Багийн спортынхон зардал мөнгөнөөс шалтгаалаад олон улсын тэмцээнд оролцоход хүндрэлтэй байдаг. Харин эх орондоо тэмцээн зохион байгуулах нь зардал гаргалгүйгээр гаднын багуудтай тоглох боломж олгоно. Тиймээс зохион байгуулагчид Монголынхоо сагсчдад боломж олгох үүднээс дөрвөн баг оролцуулахаар шийдвэрлэсэн юм. Энэ нь нэг, хоёрдугаар шигшээ, залуучууд болон оюутны шигшээ. Нэгдүгээр шигшээд Т.Санчир тэргүүтэй Супер лигийн шилдгүүд багтсан. Хоёрдугаар багт мөн л дээд лигт тоглодог сайн залуус бий. Залуучуудын шигшээ ах нарынхаа хажууд арай л зэрэглэл доогуур. Гэхдээ бэлтгэлийг хангалттай сайн хийсэн гэнэ. Ирэх даваа гарагт залуучуудын Азийн АШТ манайд болно. Энэ тэмцээнд оролцох залуучуудын баг долдугаар сараас хойш байнгын бэлтгэлтэй байсан юм. Анх 35 тамирчин бэлтгэлд хамрагдсан бол явц дунд шигшигдсээр шилдэг 12 нь үлджээ. Тэр ч утгаараа медалийн төлөө өрсөлдөхөд гайхах явдалгүй гэдгийг сагсны хорхойтнууд хэлж байлаа. Харин оюутны шигшээгийн хувьд ирэх жил дэлхийн оюутны Универсиад наадамд оролцохоор бэлтгэгдэж буй баг юм.
Томчуудын багийн тухайд манай ихэнх шилдгүүд цугласан, өнгөрсөн жилийн аваргаа хамгаалах ганц л зорилготой орж буй. Гэхдээ бэлтгэл дутуу байж мэднэ. Тэмцээнд зориулж хоёр, гуравхан өдрийн бэлтгэл хийсэн байна лээ. Яаж тоглохыг нь харж л байя.
Дашрамд сануулахад, лхагва, пүрэв, баасан гарагт хэсгийн тоглолтууд явагдаж, бямба, ням гарагт хагас шигшээ болон медалийн төлөөх тоглолттой. Нэг өдөр дөрвөн тоглолт болох бөгөөд сагсны хорхойтнууд таван мянгын тасалбараар бүгдийг нь үзэх боломжтой юм. Эхний хэдэн өдрийн тоглолт Спортын төв ордонд, харин ням гарагт болох медалийн тоглолт Хандгайт дахь сагсан бөмбөгийн ордонд болох аж.
![](/uploads/editor/24e4801d-f1ad-4909-bb27-167e4125fdcd.jpg)
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй