Улаан бороохой, шар хантаазаар “гоёсон” өдөр
Сурвалжилга
Анх төдийлэн сайн ойлголтгүйгээс эргүүл хийснийхээ төлөө хөлс мөнгө нэхдэг байсан
Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургуулийн урд талын автомашины зам дээр баасан гарагт эргүүлд гарлаа. Шар хантааз өмсөж, улаан өнгийн бороохой бариад хүүхдүүдийг замын хөдөлгөөнд оролцуулах амаргүй үүрэг оногдсон нь энэ. Намрын сэрүү орсон тул бага зэргийн салхитай заримдаа ганц хоёр бороо дусална. Хүүхдүүд ч ар араасаа хичээл рүүгээ яарч, намайг анзаарах сөхөөгүй гүйлдэцгээнэ.
Сургуулиас 500 орчим метрийн зайтай замын уулзвар гэрлэн дохиогүй болохоор зохицуулагчийн хариуцлага өндөр. Замаар гарах гэж байгаа хүүхдүүдэд тусалж, цуварч яваа автомашинуудыг бороохой дохиж зогсоохоос эхлээд л ажил ундарна. Надтай хамт бас нэг ээж зохицуулагчийн үүрэг гүйцэтгэв. Тэрбээр “Анх удаа хийж үзэж байгаа болохоор жаахан эвгүй л юм” хэмээн ичингүйрлээ. Нээрэн л тийм мэдрэмж төрдөг юм билээ. Гэхдээ алаг үрсээ зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх үйлсэд бага болов ч хувь нэмрээ оруулж байгаадаа баярлаж зогслоо. Энэ өдөр үдээс хойшхи ээлжийн хүүхдүүдийн сүүлч сургуульдаа орж, замаар гарах сурагчдын тоо багасч, хөдөлгөөн ч шингэрэв.
Үдийн алдад сургуулийн ойролцоо хүүхдүүд хэд гурваараа харагдах агаад зарим нь цайны газар, нөгөө хэсэг нь тоглоомын талбай руу зүглэнэ. Хичээл эхлэх, тарахаас бусад цагт сургуулийн орчин нам гүмхэн. Хэсэг зуур энэ тэрхнийг ажиглаж зогстол нам гүмийг эвдэн, завсарлагааны хонх жингэнэлээ. Хүүгээ тосохоор сургуулийн хаалга руу зүглэтэл ангийн багш нь яаран гүйж ирээд “За буцаад зам дээрээ очоорой. Цагдаагийн алаг машин хүрээд ирчихсэн байна. Заримдаа эцэг эхчүүдийг эргүүлд гарч байгаа эсэхийг нь шалгадаг юм” гэлээ.
Сургуулийн орчинд өдөрт найман хүн ээлжээр эргүүлд гардаг
Хамгийн сүүлд зургадугаар ангийнхан тардаг учраас эргүүлүүд тэднийг тарсны дараа ажлаа дуусгах үүрэгтэй аж. Учир нь яг тэдний насныхан гэмт хэргийн золиос болох, ахлах ангийнханд дээрэмдүүлэх, зодуулах тохиолдол гардаг юм байна. Энэ өдөр зургадугаар ангийнхан 18.00 цагийн үед хичээлээ тарж, эцэг эхчүүд ч эргүүлийн ажлаа хүлээлгэн өглөө.
Эцэг, эхчүүд сургуулийн орчинд эргүүл хийхээс гадна компьютер тоглоомын газруудыг шалгах эрхтэй. Сүүлийн үед хүүхдүүд хичээлээ тараад гэртээ харихгүй компьютер тоглоомын газарт олон цагаар тоглодог болсон гэж 31 дүгээр сургуулийн 2А ангийн багш Д.Саранцэцэг хэлэв. Тиймээс эргүүлд гарч буй эцэг, эхчүүдээр ойролцоох компьютер тоглоомын газруудыг шалгуулж байх журам гаргажээ. Уг нь 10 нас хүрээгүй хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулж болохгүй гэж Замын цагдаагийн газраас анхааруулдаг ч энэ шаардлагыг биелүүлж буй нь тун ховор харагдсан. Бага ангийнхан голдуу л ганцаараа зам хөндлөн гарч байх нь элбэг тохиолдов. Зохицуулагч хийх тийм ч хялбар ажил биш юм. Хүүхдүүд авто машин ойртож ирэхийг анаж байгаад урдуур нь гүйж орох нь энүүхэнд. Тиймээс анхаарлаа сулруулах эрхгүй юм билээ.
Их ажлын дараа Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан П.Эрдэнэчимэгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Сургуулийн орчинд эргүүл ажилласнаар ямар үр дүн гарч байна вэ?
-Сургуулиуд дээр school police ажиллаад гурван жил болж байна. Гол үүрэг нь хүүхдийг сургуулийн орчинд гэмт хэрэгт өртөх, хохирогч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зам тээврийн осолд өртөхөөс хамгаалах явдал. Нэг үеэ бодвол эцэг эхчүүд идэвхтэй ажилладаг болсон. Анх төдийлэн сайн ойлголтгүйгээс ажлаас нь чөлөө олгодоггүй эсвэл, эргүүл хийснийхээ төлөө хөлс мөнгө нэхдэг байсан. Манай сургуулийн ойролцоох замууд дээр өдөрт найман хүн ээлжээр эргүүлд гардаг.
-Ахлах ангийн сурагчдын дунд танхайрах, нэг нэгнээ дээрэмдэх тохиолдол гардаг. Энэ хандлага танай сургууль дээр ямар байдаг вэ?
-Ахлах ангийнхан сургуулийн орчимд тамхи татах асуудал гардаг байсан. Тиймээс манай сургууль “Өсвөрийн цагдаа” бүлэгтэй хамтарч ажилладаг. Хамгийн их тулгамдсан асуудал нь ухаалаг утас. Захирал сургуулийн орчинд ухаалаг утас хэрэглэхгүй байх тушаал гаргасан. Гэсэн ч эцэг эхчүүд хүүхдэдээ ямар утас хэрэглүүлэх нь бидний асуудал гэсэн байр сууринаас ханддаг.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй