"IKEA" -ийг татвараас зайлсхийсэн гэх мэдэгдлийг шалгаж эхлэв
“Apple” компаниас 13 тэрбум еврогийн татварын нөхөн төлбөр нэхэмжлэх ёстой гэж үзэж байгаа Европын Холбооны удирдлагууд зөвхөн энэ компаниар зогссонгүй. Шведийн тавилга, гэр ахуйн хэрэгсэл үйлдвэрлэгч үндэстэн дамнасан корпораци "IKEA" сүүлийн зургаан жилд хамгийн багадаа нэг тэрбум еврогийн татвараас зайлсхийсэн гэх мэдэгдлийг шалгаж эхэлжээ. Европын Холбооны Өрсөлдөөн хариуцсан комиссар Маргарит Вестагер сүүлийн хэдэн сарын турш АНУ-ын компаниудыг онилсон шалгалтуудыг хийж байна гэж шүүмжлүүлж байсан юм. Нидерландад төвтэй “INGKA” сангийн харьяанд байдаг “IKEA” групп өнгөрсөн хугацаанд компанийн орлогын албан татвар болгож дэлхий даяар 822 сая еврог татварт төлсөн байна.
Энэ нь Европын Холбоонд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын төлөх ёстой 20 хувийн татварт арай хийн хүрч байгааг Ногоон намын хууль тогтоогчид мэдүүлжээ. 1982 онд “INGKA” санг “IKEA”-ийг үүсгэн байгуулагч Ингвар Камрад Нидерландад бүртгүүлэн байгуулж байжээ. Тус компани одоо буяны үйл ажиллагаа явуулдаг дэлхийн хамгийн том компани болоод байгаа юм. Дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтын 10 дугаарт бичигддэг Ингвар Камрадын 1943 онд байгуулж байсан “IKEA” групп дэлхийн 48 улсад 384 дэлгүүртэй үйл ажиллагаа явуулдаг байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй