"CYBG" компани "William & Glyn"-ийг худалдан авах санал тавив

Мэдээ

Их Британийн "Clydesdale and Yorkshire" банкуудыг ажиллуулдаг "CYBG" компани "Royal Bank of Scotland Group" буюу “RBS”-ийн "William & Glyn" нэгжийг худалдан авах санал тавьжээ. Энэ талаар “CYBG” Шотландын Төрийн зохицуулалттай “RBS” групптэй идэвхтэй ярилцаж эхэлсэн байна. Хэдий тийм боловч "William & Glyn"-ийг авах урьдчилсан санал нь заавал биелүүлэх үүрэгтэй санал биш ажээ. Одоогоор хэлцлийн үнийн дүн тодорхойгүй байгаа юм. Харин "Saudi Aramco"-ийн 17.5 тэрбум ам.долларын IPO-ийг гаргахад гар бие оролцсон банкууд илүү том хэлцэлд орохоор зэхэж байна. “HSBC Holdings”, “Citigroup”, “JPMorgan” банкууд "Saudi Arabian Oil" газрын тосны компанийн хувьцааг анхдагч зах зээлд гарган, 100 тэрбум ам.долларыг татан төвлөрүүлэхээр ажиллаж эхэлжээ. Өнгөрсөн долоо хоногт гарсан "Saudi Aramco"-ийн 17.5 тэрбумын IPO-д зөвхөн АНУ, Европын хөрөнгө оруулагчдаас 67 тэрбум ам.долларын санал ирсэн байна.

Тиймээс "Saudi Arabian Oil"-ийн хувьцааг авах санал өндөр байх магадлалтай гэж үзжээ. Мөн газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын хоорондын хэлцэл эрчимжлээ. Францын "Total" компани, "Vitol" групп болон Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлдэг "Gunvor" групп АНУ-ын "Chevron" корпорацийн Өмнөд Африк дахь хөрөнгийг худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Хэрэв хэлцэл амжилттай хийгдвэл "Chevron" компани Өмнөд Африкийн хөрөнгөөсөө нэг тэрбум ам.долларыг татан төвлөрүүлэх магадлалтай аж. Өмнө нь Их Британийн "Glencore" компани энэхүү хэлцэлд сонирхолтой байгаагаа илэрхийлж байсан ч саналаа эргүүлэн татсан юм.




САНАЛ БОЛГОХ