Мэдээлэл, харилцаа холбооны салбарын компаниуд 965 тэрбум төгрөгийн орлоготой ажиллажээ
Мэдээлэл, харилцаа холбооны салбарын компаниуд өнгөрсөн онд нийт дүнгээр 965 тэрбум төгрөгийн орлого олжээ. Харилцаа холбооны зохицуулах хорооны нэгтгэсэн тайланд дурдсанаар энэ салбарын дотоодын компаниудын орлого жилийн дүнгээр 3.34 хувиар өссөн байна. Энэ нь 2008 оноос хойш 2.6 дахин, 2012 оноос хойш 1.5 дахин өссөн үзүүлэлт болж байгаа аж. Үүрэн холбооны компаниуд харилцаа, холбооны салбарын орлогын дийлэнхийг бүрдүүлсэн хэвээр байгаа аж. Өнгөрсөн онд дотоодын дөрвөн оператор салбарын нийт орлогын 51.62 хувийг бүрдүүлсэн буюу нийлээд 498.1 тэрбум төгрөгийн орлого олсон байна. Үүний араас интернет протоколд суурилсан телевиз буюу IPTV үйлчилгээ эрхлэгчид 90.13 тэрбум төгрөгийн орлоготойгоор удаалжээ.
Энэ төрлийн үйлчилгээг өргөн хүрээнд одоогоор “Univision” болон “Skymedia” компаниуд эрхэлж байна. Өнгөрсөн онд “Mobinet" компани IPTV-ийн үйлчилгээ эрхлэх эрхээ Харилцаа холбооны зохицуулах хорооноос авсан юм. Зөвшөөрлийн дагуу ирэх сарын долоонд үйлчилгээгээ нэвтрүүлэх үүрэгтэй байгаа ажээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй