МЦХ: 2016 онд 2.9 тэрбум төгрөгийн нийт ашигтай ажилласан
"Монголын Цахилгаан Холбоо" хувьцаат компани 2016 онд 2.9 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, ашгаа жилийн дүнгээр бараг 60 хувиар өсгөжээ. Харин энэ хугацаанд тус компанийн орлого 8.6 хувиар өсөж, 20 тэрбум 989 сая төгрөг болсон талаар Монголын Хөрөнгийн биржид хүргүүлсэн тайландаа дурдсан байна. "Монголын Цахилгаан Холбоо" ХК-ийн орлого жилийн дотор 1.6 тэрбум төгрөгөөр өсөхөд хөрөнгөө эргэлдүүлэх замаар олсон хүүний орлого 663 саяас 975.3 сая төгрөг болж өссөн нь нөлөөлжээ. Гадаад валютын ханшийн зөрүүнээс олох орлого жилийн дотор 16.5 дахин өсөж, 230 сая 993 мянган төгрөг болсон талаар "Монголын Цахилгаан Холбоо" тайлагналаа. 2016 онд тус компани улсын татварт 97 сая 529 мянган төгрөг төвлөрүүлсэн нь 2015 оныхоос 47 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Ингэснээр 2015 онд татварын дараа 728.7 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан "Монголын Цахилгаан Холбоо" компани өнгөрсөн онд 44.4 сая төгрөгийн ашигтай ажиллажээ. Санхүүгийн бусад үзүүлэлтүүдийн хувьд 2016 онд томоохон өөрчлөлт ажиглагдаагүй байна.
"Монголын Цахилгаан Холбоо" ХК-ийн 54 хувийг Монгол Улсын Засгийн газар, 40 хувийг БНСУ-ын "Korea Telecom" компани эзэмшдэг. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар тус компанийн 2015 болон 2016 оны эхний хагас жилийн санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн байна. Шалгалтын дүнд 2.6 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлснээ тайлагнажээ.
2015 онд "Монголын Цахилгаан Холбоо" компани орлогын төлөвлөгөөг 2.17 тэрбум төгрөгөөр, 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 570.8 орчим сая төгрөгийг тасалдуулсан гэж дүгнэсэн байна. Тиймээс Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар "Монголын Цахилгаан Холбоо" ХК-ийг зөрчлөө арилгаж, цаашид дахин энэ төрлийн зөрчил гаргахгүй байхад анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй