Том дэвсгэртийг 3-4 жил хэрэглэж байна
Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт нь төгрөг. Анхны цаасан дэвсгэртийг Зөвлөлт холбоот улсад хэвлүүлж байсан бол сүүлийн үед Франц, Герман, Их Британи зэрэг улсад захиалан хэвлүүлж байгааг Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээлийн төвөөс мэдээллээ. Ойролцоогоор нэг төгрөгийг 70 төгрөгөөр, 5000 төгрөгийг 150 төгрөгөөр хэвлүүлдэг байна. Бага дэвсгэрт болох нэг, тав, 10, 20, 50 төгрөгийн дэвсгэрт нь том дэвсгэртийн хэвлэлтийн өртөгтэй ойролцоо байгааг эндээс анзаарсан байх.
Ийм өртөгтэй хэвлэгдсэн цаасан мөнгөний насжилтын хувьд бага дэвсгэртийг 1-2, том дэвсгэртийг 3-4 жил хэрэглэж байна. Улсын мөнгөн тэмдэгтийн загварыг УИХ баталж, Төв банк буюу Монголбанк захиалж хэвлүүлдэг.
Бид мөнгийг зөв хадгалж сурвал эдэлгээ уртасна. Ингэснээр гаднын үйлдвэрт өндөр үнэ төлж хэвлүүлэх зардлаа хэмнэх нөхцөл бүрдэх юм. 10000 төгрөгийн дэвсгэртийг анх 1995 онд хэвлүүлж байсан бол 20000 төгрөгийг 2006 онд хэвлүүлж байжээ.
Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсад байрлах Олон улсын мөнгөний судалгааны институтээс зохион байгуулсан олон улсын цаасан мөнгөний тэмцээнээс манай улсын 2013 онд хэвлэгдсэн 20000 төгрөгийн цаасан дэвсгэрт анх удаа хүрэл медалийн гэрчилгээ энэ онд хүртсэн юм. 20000 төгрөгийн цаасан дэвсгэрт загвар хийц, нууцлалаараа бусад орны мөнгөн тэмдэгтээс шалгарсан билээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй