Эдийн засаг дөнгөн данган өслөө
Дотоодын нийт бүтээгдэхүүн нэг хувиар өсөв
Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ий өсөлт таамаглаж байснаас ялимгүй өндөр өсөлттэй гарлаа. Тодруулбал, ДНБ 2016 оны урьдчилсан гүйцэтгэлээр нэг хувиар өссөн дүнтэй гарсныг өчигдөр Үндэсний статистикийн хорооноос танилцуулав. ДНБ 2010 оны зэрэгцүүлэх үнээр өнгөрсөн оны эцэст 16 их наяд төгрөг болж, өмнөх оноос 154.6 тэрбум төгрөгөөр өсчээ. Уг өсөлтөд хөдөө аж ахуй болон үйлчилгээний салбарын өсөлт голлох нөлөө үзүүлсэн байна. Эдийн засаг нэг хувиар өссөн нь ОУВС , Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкны таамгаас давсан үзүүлэлт. Гэхдээ уг өсөлт нь сүүлийн долоон жилийн хугацаанд ДНБ хамгийн бага хувиар өссөн дүн болж байна.
ДНБ нэг хувиар буюу 154.6 тэрбум төгрөгөөр өссөн нь хүндрэл гүнзгийрсэн энэ үед эерэг дохио гэж зарим эдийн засагч онцолж байна. Ялангуяа, бизнесийн орчинд энэхүү өсөлт нь шинэ найдвар төрүүлж байгаа юм. Өсөлтийн үндсэн суурь нь хөдөө аж ахуйн салбар байсныг эхэнд дурдсан. Үүнээс гадна эдийн засаг өсөлттэй гарахад уул уурхайн үйлдвэрлэл эрчимжсэн нь голлох үүрэг гүйцэтгэжээ. Тодруулбал, эрдэс түүхий эдийн үнэ сэргэж, улмаар экспортын орлогын дүн өссөн нь нөхцөл байдал нааштай гарахад нөлөөлсөн байна. Манай улсын эдийн засгийн өсөлтийн төлөвийг 2016 онд 0.3 хувьд хүрнэ гэж Азийн хөгжлийн банкнаас таамагласан бол Дэлхийн банк 0.1 хувиар өсөх боломжтой хэмээн танилцуулж байв.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй