Б.Өлзийбаяр: Брокерын компаниуд алдагдалтай ажиллаж байгаа

Хөрөнгийн зах зээл

Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяртай ярилцлаа. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлье гэвэл төрийн дэмжлэг, татварын таатай орчин бүрдүүлэх нь хамгийн чухал байгааг тэрбээр онцолсон юм.

-Эдийн засгийг сэргээх төлөвлөгөөнийхөө хүрээнд Ерөнхий сайд банк, санхүүгийн байгууллага болон бизнесийн төлөөллүүдийн санал, бодлыг сонссон. Тэгвэл хөрөнгийн зах зээлийн салбарт нэн тэргүүнд шаардлагатай ямар ажлууд байна вэ?
-Хөрөнгийн зах зээл Монгол Улсад хөгжөөд 25 жил болж байгаа ч, маш олон асуудал тулгарсан хэвээр. Өнөөдөр энэ салбарын санхүүгийн тогтолцоо, бүтцийг аваад үзвэл банкууд давамгайлчихсан, үнэт цаасны зах зээл хоёрхон хувийг эзэлж байх жишээтэй. Энэ мэтчилэн тулгамдаад буй асуудлуудаа бид эрэмбэлж байгаа. Богино хугацаанд юуг шийдэх, дунд, урт хугацаандаа хэрхэх тухай. Ерөнхий сайдын уулзалтын үеэр би саналаа хэлсэн. Бусад салбарыг хөгжүүлэхэд төрийн тодорхой бодлогоор дэмжиж ирсэн байдаг. Жижиг, дунд үйлдвэрлэл, тариалан, хөдөө аж ахуйн салбарыг яаж дэмжиж байгаа билээ. Гэтэл манай салбарыг дэмжсэн ямар ч бодлого алга. Урт, дунд хугацааны хөтөлбөр ч байхгүй. Тиймээс энэ салбарыг дэмжих бодлогоо тодорхойлооч гэдгийг хэлсэн.

-Чухам ямар дэмжлэг энэ салбарт хөгжүүлэх хөшүүрэг гэж үзэж байгаа талаараа тайлбарлахгүй юу?
-Өнөөдрийн байдлаар нэн тэргүүнд авах арга хэмжээ бол татварын таатай орчин бүрдүүлэх. Энэ асуудлаар бид УИХ-д саналаа хүргүүлсэн. Та бүхэн мэдэж байгаа, банкинд мөнгөө хадгалуулахад хадгаламжийн хүүнээс ямар ч татвар авдаггүй. 20 сая төгрөг доторх хадгаламжид улс баталгаа өгсөн байдаг. Гэтэл хөрөнгийн зах зээлд татварын ямар ч хөнгөлөлт алга. Хөгжил нь ийм дорой байхад энэ салбарыг дэмжсэн, IPO хийхээр зэхэж, бонд гаргах гэж буй компаниудад хөшүүрэг болох зорилгоор татварын таатай орчин бүрдүүлсэн нэг ч бодлого байхгүй. Тухайлбал, хувьцааны ногдол ашгаас татвар авч байна. Ханшийн зөрүүнээс татвар авч байна. Өөрөөр хэлбэл, 100 төгрөгөөр аваад 200 төгрөгөөр зарвал зөрүүнээс олсон орлогоос нь татвар авч байна. Компани жишээ нь бондоо гаргах гэхэд л бондын хүүгийн орлогоос татвар авна. Гэтэл хөрш орнуудаа харъя л даа. Хятад, Хонконг, Вьетнам, Энэтхэгийн зах зээлд гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд tax free буюу татварын таатай орчин бүрдүүлсэн байдаг


-Татварын орчныг таатай болгох шаардлагатай гэж та хэллээ. Тухайлбал, ногдол ашгийн татвараас чөлөөлснөөр хэдий хэмжээний өгөөжтэй вэ. Одоогийн дотоодын хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй компаниудын ногдол ашгийн талаар тоо баримтыг авч үзвэл дүр зураг нь ойлгомжтой болох болов уу?

-Төсвийн алдагдалтай ийм хүнд үед бид татварын таатай орчин бүрдүүлээч гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ яг тоон баримтыг аваад үзвэл бид хэдэн тэрбум, их наядаар нь чөлөөлөх үнийн дүн яриагүй. Ердөө л 700 сая төгрөг. Жилдээ ногдол ашгаас татварт төлдөг мөнгө нь 700 сая төгрөг юм. Ханшийн зөрүүнээс татвар авах нь маш түвэгтэй. Тиймээс улс орнууд авахаа больчихсон. Яагаад гэвэл хүмүүс янз бүрийн хувьцаа, бонд авч байгаа. Түүнээс ашигтай ч байна. Зарим нь алдагдалтай ч байгаа. Энэ бүгдийн тооцооллыг хийхэд маш ээдрээтэй. Манай татварынхан бол өөрсдөө ч ойлгодоггүй.

-2014 оны арав, арваннэгдүгээр сараас Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасыг биржээр дамжуулан арилжиж эхэлсэн. Нэг хэсэг зогсож байгаад одоо дахиад хөрөнгийн биржээр арилжаалж байна. Зөвхөн дан ганц Засгийн газрын үнэт цаас гэлтгүй шинэ бүтээгдэхүүн гаргах, компанийн бонд гаргах тал дээр хөрөнгийн зах зээлд оролцогчид бодлого тодорхойлогчдын зүгээс ямар дэмжлэг хүсэж байна вэ?

 -Засгийн газрын бонд нэлээд хэсэг хугацааны дараа орж ирлээ шүү дээ. 15 тэрбум төгрөгийн бонд арилжаалагдаж, 100 хувийн биелэлттэй байлаа. Энэхүү арилжаа Засгийн газрын үнэт цаасны эрэлт хэрэгцээ их байгааг харуулж байна. Яагаад гэвэл нэгдүгээрт, хүү нь өндөр байсан. Засгийн газрын хүүгийн орлогыг татвараас чөлөөлдөг. Энэ мэтчилэн төр өөрөө идэвх санаачилга гаргаж, энэ зах зээл рүү бүтээгдэхүүнээ нийлүүлээд байвал их зүгээр байна. Хоёрдугаарт, өмч хувьчлал. Өмч хувьчлалын жагсаалтыг компаниуд жил бүр баталдаг шүү дээ. Болж өгвөл өмч хувьчлалыг хөрөнгийн зах зээл дээр хиймээр байгаа юм. Нэгдүгээрт, тухайн компанийн үнэлгээ нэмэгдэнэ. Хоёрдугаарт, компаниудын үйл ажиллагаа нээлттэй болно шүү дээ. Компаниудын бондыг бас гаргамаар байна.

Өнөөдөр брокерын бүх компани алдагдалтай ажиллаж байгаа

Үүний тулд татварын таатай орчныг бүрдүүлээч гээд байгаа юм. Төр өөрөө энэ тал дээр санаачилга гаргах хэрэгтэй. Тариалан эрхлэгчдийг дэмжих, Жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх гэх мэт Засгийн газрын тусгай сан байгаа. Энэ сангуудаар хийгдэж буй санхүүжүүлэлтүүдийг ч хөрөнгийн зах зээлээр хиймээр байна. Тэгэхгүй болохоор одоо тэр сангууд ямар зах зээлд, хэдий хэмжээний мөнгө өгчихөөд байгаа нь хаалттай, мэдээлэл нь бидэнд байдаггүй. Хамгийн гол нь эргэн төлөлт. Гэтэл одоогийн нөхцөлд эргэн төлөлт хэр зэрэг байгаа нь мэдэгддэггүй. Энэ бүхнийг хөрөнгийн зах зээлээр хийе. Төрийн санхүүжилт хүсэж байгаа компаниуд бүгдээрээ бондоо гаргаг л дээ. Бүгдээрээ аудит, үнэлгээгээ хийлгээд, андеррайтерын компаниудаар дүгнэлтээ хийлгэг. Тэгээд дүн шинжилгээ хийлгэж, “цэвэрхэн” болоод хөрөнгийн зах зээлд гарсан компаниудын бонд буюу хувьцааг төр санхүүжүүлдэг байя. Ингэвэл төрийн санхүүжилт нээлттэй болно.

Яагаад энэ тухай ярьж байна гэхээр сая төсвийн хүнд байдлаас улбаалаад татвар нэмэх тухай ярихад иргэд маш их эсэргүүцсэн. Төр зөвхөн татвар нэмэх бус, нэмсэн татварыг бид ингэж шударгаар зарцуулна гэдгээ мэдээлэх хэрэгтэй. Төрийн зүгээс ийм санаачилга бас хэрэгтэй байсан.

-Дотоодын зах зээлд хэд хэдэн компани бонд гаргах гэж байсан. Мөн “Монос” болон “Хөрөнгө оруулагч үндэстэн” компани IPO хийхээр хүлээгдэж байна. Яг энэ үед бодлогын хүүг өсгөсөнтэй холбоотойгоор Засгийн газрын үнэт цаасны хүү эрсдэлгүй өгөөжийн хүү гэдэг утгаараа өсчихсөн. Энэ нь хөрөнгийн зах зээлд гарахаар зэхэж байсан дээрх компаниудад хэрхэн нөлөөлж байна вэ?

-Хэд хэдэн компани өнөөдөр бонд гаргахаар төлөвлөж байсан ч харамсалтайгаар больчихлоо. Бүгдээрээ тодорхойгүй хугацаагаар хойшилчихлоо. Яагаад гэвэл 16 хувийн хүүтэй хувьцаагаа гаргах гэж байсан бол бодлогын хүү нэмэгдсэн. Засгийн газрын өөрийнх нь гаргаж байгаа бондын хүү хэд билээ. Төвбанкны өөрийнх нь үнэт цаасны хүү хэд билээ. 17 хувь. Тэгэхээр компаниуд хувьцаа гаргаад ч ашиггүй болчихож байгаа юм. Гаргалаа гээд бас татвар төлөх болно. Тиймээс л бид таатай орчныг бүрдүүлээч ээ гэж дахин дахин хэлээд байгаа юм. “Монос” компани IPO хийх гэж байсан. “Сүү” компани нэмэлт хувьцаа гаргая гэж байсан.

-Ойрын хугацаанд хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах, эдгээр компаниас гадна IPO хийх гэж буй томоохон компани, шинэ бүтээгдэхүүн бий юү?

-Одоогоор сураг алга. Бид өнөөдөр энэ зах зээл дээр таатай орчин бүрдүүлж байж л гадаадын томоохон компаниуд нааш сонирхож, хөрөнгө оруулагчдыг татсанаар энэ салбар хөгжинө. Баялаг хуваарилалтад оролцож байгаа гэдэг үүднээс нь IPO хийж, олон нийтэд хувьцаагаа санал болгож байгаа компаниудыг тодорхой хэмжээнд татвараас нь хөнгөлж, чөлөөлж болно шүү дээ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас нэг юм уу, хоёр хувь чөлөөлөхөд л хэдэн тэрбум төгрөгийн татвар төлдөг томоохон компаниуд энэ хөнгөлөлтийг эдлэхийн тулд хөрөнгийн зах зээлд орж ирнэ. Нөгөөтэйгүүр, хөрөнгө оруулагчдад таатай орчин бүрдүүлэхийн тулд шимтгэлээ бууруулах хэрэгтэй. Энэ зах зээл дээрх хамгийн том мэргэжлийн байгууллагууд нь 100 хувь төрийн өмчтэй. Хөрөнгийн бирж, Үнэт цаасны хадгаламжийн төв, Үнэт цаасны төлбөр тооцооны төв гээд бүгд 100 хувь төрийн өмчийнх. Өнөөдөр брокерын бүх компани алдагдалтай ажиллаж байгаа. Салбар ийм хүнд байхад ганцхан төрийн өмчит Үнэт цаасны төлбөр тооцооны төв л ашигтай ажиллаж байх жишээтэй. Тэнд хамаг шимтгэл яваад байна гэсэн үг. Тиймээс төр өөрөө төрийн өмчит компаниудынхаа үйл ажиллагааг хянаж, дураараа, үндэслэлгүйгээр хураамж тогтоож байгаа эсэхийг нь эргэж харах хэрэгтэй.


САНАЛ БОЛГОХ