Үнэт цаасны арилжаа рекорд тогтооно

Хөрөнгийн зах зээл

Хөрөнгийн зах зээлийн арилжаа сүүлийн 26 жилийн дээд цэгт хүрэх нь



Үнэт цаасны зах зээлд өмнө нь үзэгдээгүй ололт энэ онд тохиох нь. 2017 оны хөрөнгийн зах зээлийн арилжаа сүүлийн 26 жилийн дээд цэгт хүрэхээр байгааг эхний хагасын үзүүлэлтүүд батлаад эхэллээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар үнэт цаасны арилжаа хагас их наяд төгрөг давсныг Монголын хөрөнгийн биржээс мэдээлэв. Өнгөрсөн оны зургадугаар сард 97 тэрбум төгрөгтэй тэнцэж байсан арилжааны үнийн дүн 2017 оны мөн үед бараг тав дахин өсчээ. Энэ хурдаар үнэт цаасны арилжаа оны эцэс гэхэд түүхэн дээд цэгт хүрч мэдэхээр байгаа юм. Ингэснээр 1991 оноос хойш ажиглагдаагүй өндөр өсөлтийг энэ онд үзүүлж, 2017 он Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд тод мөрөө үлдээж мэдэх нь.

Олон жил “сэхээ”-нд хэвтсэн манай хөрөнгийн зах зээл өдгөөгөөс хоёр жилийн өмнө амь орсныг бид мэднэ. 2015 онд Засгийн газрын үнэт цаасыг үлэмж хэмжээгээр арилжиж эхэлснээр хөрөнгийн биржийн арилжааны үнийн дүн хагас их наяд төгрөгийг давж байсан түүхтэй. Гэвч энэ түүхэн дүн нэг их удалгүй унаж, 2016 онд хоёр дахин уруудсан юм. Тэгвэл унаад байсан арилжааны дүн эргээд өсөөд эхэлжээ. Өсөлтийн шалтгаан нь өмнөх шиг Засгийн газрын үнэт цаасны арилжааг идэвхжүүлснээс улбаатай. Эрсдэлээс хол хөрөнгө оруулалт гэгддэг Засгийн газрын үнэт цаас хөрөнгийн зах зээлийг сэргээж, өсөлтийг өдөөжээ.

Ганцхан жишээ хэлье. Үнэт цаасны зах зээлд энэ оны эхний зургаан сард нийт 521 тэрбум төгрөгийн арилжаа хийсний 96.4 хувийг зөвхөн Засгийн газрын бонд бүрдүүлсэн байна. “Marketinfo” цахим хуудсанд дурдсанаар бондын арилжаа нийт үнийн дүнгийн 98 орчим хувийг эзэлсэн. Үүний 1.2 хувийг компанийн бонд бүрдүүлсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газраар овоглосон бонд хөрөнгийн зах зээлийг амь оруулсан нь энэ. Ер нь Засгийн газрын бондгүйгээр манай хөрөнгийн зах зээл урагшилдаггүйг өнгөрсөн он харуулсан. 2016 онд Засгийн газрын үнэт цаасны арилжаа суларснаар хөрөнгийн зах зээлийн үзүүлэлтүүд урамгүй дүнгээр дүүрсэн юм. Үүнээс үзэхэд, Засгийн газрын бонд Монголын хөрөнгийн зах зээлийн амь тариа болж байна.

“Marketinfo” цахим хуудсанд дурдсанаар зургадугаар сард хөрөнгийн зах зээлийн идэвх оргил цэгтээ хүрсэн. Өнгөрсөн сард 153.25 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн нь он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт. Зуны эхэн сар хөрөнгийн зах зээлд хөдөлгөөн ихтэй, өсөлт давамгайлсан үе байсныг шинжээчид онцолж байна. Өмнөх сард Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 43 компанийн хувьцааны ханш өсөж, 24-ийнх нь урууджээ.

Засгийн газрын бондын сэргэлт зөвхөн хөрөнгийн зах зээлийг дэмжээгүй. Зах зээлд оролцогчдыг ч мөн сэрээсэн. Ингэснээр эдийн засагт эргэлдэж буй мөнгөний чигийг ч өөрчилсөн юм. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчид хөрөнгийн зах зээл рүү хошуурч, мөнгөний урсгал үнэт цаасыг чиглэх болов.

Өнөөдөр буюу долдугаар сарын 18-нд Засгийн газрын 11 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжихыг Сангийн яамнаас мэдээллээ. Тодруулбал, 12 долоо хоногийн хугацаатай, 12 хувийн хүүтэй зургаан тэрбум төгрөгийн үнэт цаас болон гурван жилийн хугацаатай, 15.140 хувийн хүүтэй таван үнэт цаасыг анхдагч зах зээлд арилжих аж. Энэ мэтээр арилжиж, долдугаар сард нийт 67 тэрбум төгрөгийн бонд босгохоор Сангийн яамнаас төлөвлөж байна. Улмаар энэ улиралд нийт 247 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татахаар тооцжээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газар зөвхөн гуравдугаар улиралд л гэхэд 250 тэрбум төгрөгийг дотоодоос босгох нь. Энэ хэрээр Монголын хөрөнгийн зах зээлийн арилжаа идэвхжиж, гүйлгээ эрчимжих нь дамжиггүй. Ялангуяа, есдүгээр сард 92 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулагчдаас босгохоор төлөвлөсөн нь энэ улирлын хамгийн өндөр үнийн дүнд тооцогдож байна. Ингэснээр оны эхний хагаст нийт 440 орчим тэрбум төгрөгт хүрсэн Засгийн газрын үнэт цаасны дүн есдүгээр сар гэхэд 700 тэрбум төгрөгийг шүргэхээр байна. Цаашлаад Сангийн яам оны эцсийн улиралд дахин бонд босговол энэ дүн улам ч нэмэгдэх нь гарцаагүй. Тойм тооцоогоор нэг их наяд төгрөгийг шүргэх төлөвтэй байна.

Түүнчлэн энэ сараас эхлэн Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг өрсөлдөөнт хэлбэрт шилжүүлсэн. Монголын хөрөнгийн бирж долдугаар сарын 5-нд Засгийн газрын үнэт цаасны арилжааг уг хэлбэрээр явуулсан байна. Сангийн яамнаас тус арилжаанд нийт зургаан тэрбум төгрөгийн 60 мянган ширхэг үнэт цаас нийлүүлэхээр зарласан. Харин хөрөнгө оруулагчдаас үүнээс хоёр дахин их буюу нийт 124.9 мянган ширхэг үнэт цаас худалдан авах захиалга иржээ. Ийнхүү хөрөнгө оруулагчдын захиалга Сангийн яамны нийлүүлэлтийг давсан тул бондын хүү ч буурсан. Тус үнэт цаасны хүүгийн түвшин 1.4 хувиар буурч, 10.3 хувь болж тогтсон байна. Хүү буурснаар Сангийн яамнаас тус үнэт цаасанд төлөх хүүгийн төлбөр, улсын төсөвт тусгагдах үнэт цаасны хүүгийн зардал 84 сая төгрөгөөр буурчээ. Хүүгийн түвшин буурч, Сангийн яамны нийлүүлэлтээс давсан эрэлт хөрөнгө оруулагчдаас ирж буйгаас харахад зах зээлийн идэвх өндөр байна. Өөрөөр хэлбэл, Засгаар овоглосон үнэт цаасыг чиглэх дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхол өсөж буй нь энэ.


» Энэ оны эхний хагас жилийн байдлаар үнэт цаасны арилжаа хагас их наяд төгрөг давсныг Монголын хөрөнгийн биржээс мэдээлэв.

» Засгийн газрын үнэт цаас хөрөнгийн зах зээлийг сэрээж, өсөлтийг нь өдөөжээ.

» Үнэт цаасны зах зээлд энэ оны эхний зургаан сард нийт 521 тэрбум төгрөгийн арилжаа хийсний 96.4 хувийг зөвхөн Засгийн газрын бондын бүрдүүлсэн байна.


Хэдийгээр хөрөнгийн зах зээл дэх хувьцааны арилжаа сул байгаа ч энэ орон зайг нь Засгийн газрын бонд нөхөж байна. Нөгөө талаас энэ бонд олон жилийн турш хөшүүн байсан дотоодын хөрөнгийн зах зээлийг эргэлзээгүй хөдөлгөөнд оруулж, хөрөнгө оруулагчдыг өдөөж буйг харж болно. Цаашлаад хөрөнгийн зах зээлийн 30 орчим жилийн түүхэнд ажиглагдаагүй өндөр үнийн дүн бүхий арилжаа руу хөтөлж байна.


САНАЛ БОЛГОХ