ХУВЬЦААНЫ АРИЛЖАА ИДЭВХЖИЖ ЭХЭЛЛЭЭ

Хөрөнгийн зах зээл
“АПУ”, “Сүү” компанийн хувьцаа эрэлттэй байна

Монголын хөрөнгийн биржээр дамжуулан төрийн өмчит зарим компанийг хувьчлах ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд “Багануур” хувьцаат компанийн гаргасан нэмэлт хувьцааг олон нийтэд арилжаалах зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос олгов. Ингэснээр 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй нийт 9.8 сая ширхэг энгийн хувьцааг Монголын хөрөнгийн бирж бүртгэн авлаа. Тус компанийн анхдагч зах зээлийн арилжаа ойрын хугацаанд болох гэж байна.

Хөрөнгийн биржээр дамжин олон нийтэд нээлттэй хувьчлах есөн компани УИХ, Засгийн газрын тогтоолд тусгагдсан. Үүний эхнийх нь “Монгол шуудан” байсан бол хоёр дахь нь “Багануур” хувьцаат компани болж байна. Тус компанийн хувьцааны танилцуулга энэ долоо хоногт хоёр удаа дараалан явагдсан. Дотоодын хөрөнгийн зах зээлд нэмэлт хувьцаа гаргах замаар үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа тэлэх, шаардлагатай хөрөнгө оруулалтыг хямд эх үүсвэрээс татах үйл явц идэвхтэй өрнөж байна.

“Монгол шуудан” компани дээрх жишгээр дотоодын хөрөнгийн биржээр дамжин нийт хувьцааныхаа 34 хувийг олон нийтэд санал болгон арилжаалсан. Ингэснээр 6.3 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлжээ. Төрийн өмчит болон төрийн өмч давамгайлсан хувьцаат компаниуд 51 хувиа өөртөө авч, үлдсэн хувиа олон нийтэд санал болгож буй. Энэ нь дотоодын хөрөнгийн зах зээлийн хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг тус салбарынхан хэлж байна.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч, эдийн засгийн өсөлт саарсан энэ үед дотоодын хөрөнгийн биржийн өдөр тутмын арилжааны дүн эрс уруудах болсон. Энэ үед Санхүүгийн зохицуулах хорооноос өгсөн шаардлагын дагуу Хөрөнгийн бирж “АПУ” болон “Сүү” хувьцаат компанийн арилжааг сэргэлээ. Биржийн арилжааны 80- 90 хувийг “АПУ”, “Сүү”, “Говь” хувьцаат компанийн хувьцаа бүрдүүлдэг. Энэ утгаараа өдөр тутмын арилжаанд жин дардаг гэсэн үг. “АПУ” болон “Сүү” хувьцаат компани хуваагдсан үнээр хувьцаагаа арилжаалж эхэллээ. Эдгээр компанийн арилжаа эрэлттэй байна.

“АПУ” компанийн хувьцаа 10 хуваагдаж, 400 төгрөг, “Сүү” компанийх 1000 хуваагдаж 145 төгрөгөөр нэгж хувьцааны нээлтийн ханш тогтов. Их наядыг босгох тэмүүлэлтэй хөрөнгийн зах зээлд ойрын хугацаанд хувьцааны арилжаа идэвхжиж байна. Хөрөнгийн биржийн арилжааны идэвх энэ сар гарсаар суларч, зах зээлийн итгэлцэл саарсан. Энэ сарын 22-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар хоёрдугаар ангилалд бүртгэлтэй 21 хувьцаат компанийн нийт 293.999 ширхэг хувьцаа арилжигдаж, нийт 64.9 сая төгрөгийн гүйлгээ хийгдлээ. Биржийн өдөр тутмын арилжаа сэргэж байгаа нь энэ.

“АПУ” хувьцаат компани 2015 оны цэвэр ашгаас 5.4 тэрбум төгрөгийн ногдол ашгийг 3476 хувьцаа эзэмшигчиддээ тараахаар шийдвэрлэжээ. Үүнээс 3075 хувьцаа эзэмшигчийн ногдол ашгийг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан дансанд нь байршуулсан байна. Харин мэдээлэл дутуу 401 хувьцаа эзэмшигчид болон томоохон дөрвөн хувьцаа эзэмшигчийн ногдол ашгийг компаниас шууд төлөхөөр болжээ.


САНАЛ БОЛГОХ