Вайдагийн төгсгөл

Кино

Тэр бол коммунист нийгмийг байгаагаар нь тэмдэглэсэн хувьтай хүн

Оскарын шагналт польш найруулагч Анджей Вайда 90 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Энэ талаар Польшийн кино найруулагчдын нийгэмлэгээс мэдээлсэн юм. Анджей Вайда кино урлагт 60 жил зүтгэхдээ 40 гаруй уран сайхны кино найруулсан. "Kanal", "Man of Marble", "Man of Iron", "Katyn" тэргүүтэй түүний олон бүтээл дайны үеийн Польшийн ороо бусгаа байдал, коммунист дэглэмийн түүхийг өгүүлдэг. Вайдагийн кино урлагт оруулсан хувь нэмрийг үнэлэн 2000 онд Оскарын хүндэт шагнал гардуулжээ.

“ҮРГЭЛЖ СЭРЭМЖТЭЙ БАЙ”
Вайда уушгины өвчнөөс болж таалал төгссөн гэж албан бус эх сурвалжууд хэлжээ. Польшийн Ерөнхий сайд асан, Европын зөвлөлийн тэргүүн Дональд Туск “Бид бүгд Вайдагаас үүсэлтэй. Бид Польшийг, өөрсдийгөө түүний бүтээлээс, түүний нүдээр харж, их зүйлийг ойлгодог. Одоо бидэнд хүнд үе тохиолоо” хэмээн жиргэжээ. Анджей Вайдагийн хамгийн сүүлчийн уран сайхны кино бол “Afterimage”. Тус бүтээлд дайны дараах Сталины Засгийн газрын Польш дахь нөлөөнд шаналсан авангард зураач Владислав Стржеминскийн тухай өгүүлдэг. Энэхүү бүтээлээр Вайда урлагийн салбар дахь улс төрийн нөлөөллийн тухай анхааруулахыг хүссэн. Вайда нэгэн удаа “Бурхан кино найруулагчид хоёр нүд заяажээ. Нэг нь камер руу, нэг нь эргэн тойронд болж буй бүх зүйлийг харах учиртай” хэмээсэн нь бий. Жүжигчидтэй хамтран ажиллах ур чадварыг нь олон хүн өндрөөр үнэлдэг.

“ХАЙРЫГ МЭДЭР”
“Afterimage” 2017 оны Оскарын шагнал гардуулах ёслолын Гадаад киноны төрөлд Польшийн төлөөлөл болгон тус киног нэрлээд буй. Вайдагийн дөрвөн ч бүтээл энэ төрөлд нэр дэвшсэн удаатай. "Man of Iron" кино нь 1981 онд Канны кино наадмаас Пальм Д’Орын шагнал хүртжээ. Вайда 1926 онд Польшийн Сувалки хэмээх хотод мэндэлсэн. Түүний эцэг 1940 оны Катынийн хядлагын үеэр зөвлөлтийнхний гарт амь үрэгджээ. Вайда аавынхаа замналаар амьдрахыг хүссэн ч цэрэг академи түүнийг голсон тул Дэлхийн II дайны үеэр Польшийн агаарын эсэргүүцэл үзүүлэх ангид элссэн байдаг. Хожим нь Лодьзын кино урлагийн сургуульд орохоосоо өмнө зураачаар сурч байжээ. Вайда бүсгүйчүүдийг хэрхэн уяраахаа мэддэг сүрхий эр. Түүний дөрөв дэх буюу хамгийн сүүлийн хань нь жүжигчин, тайзны загвар зохион бүтээгч Кристина Захватович юм.

“БИ ЭРХ ЧӨЛӨӨГ ҮЗЭХ ГЭЖ АМЬД ЯВАА”
Коммунист нийгмийн эрх ямбатнууд түүний зарим бүтээлд шүүмжлэлтэй ханддаг байсан. Тэрбээр Варшавын бослого болон Эв санааны нэгдэл (Солидарность) хөдөлгөөний үеийг хэт ёжлолтой ч бодитоор харуулж чадсан. Гэвч 1989 онд коммунизм задрах үед л Вайда Катыний тухай кино хийх боломжтой болжээ. Анджей Вайда “Польш улс эрх чөлөөтэй болох алдрын мөчийг үзнэ гэж бодоогүй. Би коммунист дэглэмийн дор нас нөгчинө гэж бодсон. Эрх чөлөөг үзэх гэж амьд явснаа мэдээд мэл гайхаж байв” хэмээн 2007 онд Associated Press агентлагт өгсөн ярилцлагадаа дурдсан юм. 1990 онд болсон Польшийн анхны ардчилсан сонгуулиар Вайда парламентын дээд танхимд хоёр жил захирагч хийсэн явдал бий.


САНАЛ БОЛГОХ