Хүн өөрийгөө олох биш бүтээдэг

Кино

Үзэгчдийн зүгээс сайн үнэлгээ аваад буй “Шүүдэр дундуур” уран сайхны киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Б.Батмаатай блиц ярилцлага хийлээ. Тэрбээр “Шүүдэр дундуур”-аас гадна “Evil”, “Prius of Boss” зэрэг киноны гол дүрд мөн тоглоод байгаа юм. СУИС- ийн дөрөвдүгээр курсын оюутан Б.Батмааг хувь хүн талаас нь таниулах асуултад тэрбээр ийн хариулж байна.

-Хийж байсан анхны ажил чинь юу вэ?

-Нэгдүгээр курсдээ тавилгын дэлгүүрийн рекламанд тоглосон.

-Таны хамгийн том айдас юу вэ?

-Ганцаардах.

-Батмааг юу ихээр баярлуулдаг бол?

-Сэтгэлээсээ өгсөн бэлэг бүхэнд баярладаг. Их, бага нь хамаагүй.

-Тэгвэл ихээр бухимдуулдаг зүйл юу вэ?

-Зарим хүний бүдүүлэг харилцаа.

-Хүндэлж явдаг багш тань хэн бэ?

-Жүжигчний ур чадварын багш Аюушийн Энхбаяр.

-Багшаасаа хамгийн сайн сурсан зүйлээ нэрлээч?

-Дүр эсгэхгүй сэтгэлээсээ жүжиглэх.

-Зайлшгүй байх ёстой гоо сайхны бүтээгдэхүүн юу вэ?

-Улаан уруулын будаг, гарын тос.

-Дуртай өнгө?

-Цагаан.

-Хумсаа ямар өнгөөр будах дуртай вэ?

-Сүүлийн үед хумсаа будахаа больсон.

-Өглөө бүр хийдэг зүйл чинь юу вэ?

-Ус уух.

-Хамгийн сайн хийдэг хоол?

-Будаатай хуурга, будаатай шөл.

-Дуртай амттан?

-Би чихэрлэг зүйлд их дуртай биш. Харин хоолны давсыг ихдүүлчих гээд байдаг талтай.

-Таны хобби юу вэ?

-Багадаа үзсэн кино, хошин шогийнхоо тасалбарыг цуглуулдаг байлаа. Одоо гоо сайхны бүтээгдэхүүн цуглуулдаг болсон.

-Батмаагийн гутлын сонголтод ямар төрлийнх давамгайлж байна?

-Өсгийтэй гутал цуглуулах дуртай. Гэхдээ намхан, эвтэйхэн, дулаахан гутал их өмсдөг.

-Бүх цаг үеийн хамгийн дуртай кино?

-”Тань руу нүүж явна”, “Титаник”.

-Таныг хамгийн сүүлд уйлуулсан кино юу вэ?

-”Ээж ээ надтай гэрлээч”, “Аюултай харилцаа”

-Амьдралдаа хийж байсан хамгийн галзуу үйлдэл юу вэ?

-Багадаа Хүний хөгжил сангийн 20 мянган төгрөгөө авчихаад юунд зориулахаа мэдэхгүй гар дээрээ шивээс хийлгэчихсэн.

-Таны хоч юу вэ?

-Дэлдэн чихтэй болохоор ахлах сургуульд Дамбо гэдэг байсан.

-Та интернэт дэх комментуудыг уншдаг уу?

-Үгүй. Гэхдээ кино шүүмжүүдийг уншдаг.

-Биеийн жингээ барихын тулд хийдэг зүйл бий юу?

-Одоогоор байхгүй.

-Эрэгтэй хүнээс хүсдэг гурван зүйл?

-Халамжтай, алсын хараатай, өөрийгөө мэддэг.

-Өөр ажил сонго гэвэл юу хийх вэ?

-Ёс зүйн багш болно.

-Ямар супер хүчтэй болмоор байна?

-Хүссэн үедээ үл үзэгдэгч болох.

-Хамгийн том сургамж?

-Жаргал, зовлон ээлжилдэг. Унасан үедээ хүчтэй бай, айсан үедээ зоригтой бай, ялсан үедээ даруу бай гэдэг үгэнд дуртай.

-Таван жилийн өмнөх Батмаад юу гэж зөвлөх вэ?

-Урагшаа тэмүүлээд бай.

-30 наснаасаа юу хүлээж байна?

-Хүн өөрийгөө олох биш, бүтээдэг гэж би боддог. Карьертаа амжилттай, үзэл бодолтой болсон байхыг хүсэж байна.

САНАЛ БОЛГОХ