Монголын тухай кино шагнал хүртжээ
“Cinelou Films”-ийн бүтээл, монголчуудын ахуй соёлыг харуулсан “Burn your maps” уран сайхны Калгарийн олон улсын кино наадмаас “Үзэгчдийн шилдэг зохиол”-ын шагнал хүртлээ. Калгари наадамд жил бүр 40 гаруй орноос 200 орчим кино өрсөлддөг, Канадын хамгийн нэр хүндтэй наадмуудын нэг.
Өнгөрсөн сарын 23-нд нээлтээ хийсэн “Burn your maps” кинонд нэгэн америк гэр бүлийн тухай гардаг. Тэд зургаан сартай охиноо алдсанаас хойш харилцаа нь хөндийрч, сэтгэл зүйчээс тусламж авах хэмжээнд хүрчээ. Тэдний найман настай хүү Вэс буюу жүжигчин Жейкоб Тремблэй өөрийгөө нутгаа андуурч төрсөн Ганзориг хэмээх монгол малчин гэж боддог. Тэрбээр дүүгээ алдсанаас хойш энэ нь түүнд бага боловч аз жаргал авчирна гэж найдсан хэрэг. Үүнийг мэдээд хүүгийн эцэг, эх нэг л өдөр онгоцны буудал руу таксидаж, тэндээсээ Монгол руу нисэхээр шийднэ. Гэр бүлээрээ Монголын уудам тал нутгаар мартахын аргагүй аялал хийж, сэтгэлийн шаналлаа эмнэж буй нь киноны гол зангилааг тайлдаг.
Дашрамд сонирхуулахад, Жейкоб Тремблэй дөнгөж 10 настай ч Холливудад тод гялалзаж буй авьяаслаг залуу жүжигчин. Тэрбээр 2015 онд нээлтээ хийсэн “Room” кинонд бүтээсэн дүрээрээ маш олон шагнал авснаас хамгийн нэр хүндтэй нь Кино шүүмжлэгчдийн сонголт ёслолын Шилдэг эрэгтэй, залуу жүжигчин байв. “Room” кинонд 17 настай охиныг хөгшин эр хулгайлж, амбаарт долоон жил хорин, хүчирхийлж буйг харуулдаг. Охин 19 настайдаа бие давхар болж хүүхдээ гаргадаг бөгөөд хүү, эхийн аль нь ч амбаараас гарч үзээгүй. Ээж нь ч хүүгээ таван нас хүртэл нь энэ амбаар бол бүх л орчлон ертөнц, үүний гадна ердөө л хий хоосон орон зай байгаа хэмээн итгүүлдэг. Энэхүү сэтгэл сэрдхийлгэм кинонд найман настай Жейкоб туйлын чадварлаг жүжиглэж, маш олон киноны санал аваад буй юм.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй