Монголын кино урлаг буруу зам руу нэг хөлөө тавьчихсан

Кино

Хүний халааснаас мөнгийг нь шударга авах хэрэгтэй

Удахгүй нээлтээ хийх “Хоёр амь” киноны найруулагч Б.Ганболдтой ярилцлаа. Тэрбээр “Орхидос”, “Тнгри” тэргүүтэй хэд хэдэн кино найруулсан уран бүтээлч. Хоёр жилд нэг бүтээл хийдэг Б.Ганболд аль ч талаараа чанарыг эрхэмлэгч болох нь илт. “Хоёр амь” киноны танилцуулгыг үзээд шар үс босож, хоолой зангирсныг нуух юун. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Киноны нэрнээс ярилцлагаа эхэлье гэж бодлоо. “Хоёр амь” гэж та шууд утгаар нь аав, хүү хоёрыг хэлэв үү?

-Киноны нэр их утгатай, шууд тодорхойлоход хэцүү. Тайлбар хийсэн, хийгээгүй дүрслэх урлаг учраас амьд зүйл харагдах л болно. Аав ч, хүү ч харагдана, өөр ч амь байж мэднэ. Нэрний учгийг үзэгчид олж, оюун мэлмийдээ тайлах ёстой юм. Энүүхэндээ гэхэд хүн дотроо хоёр амьтай гэсэн үндсэн санаа бий. Яахав дээ, хүний дотоод сэтгэл дэх тэр хайр, тээш, аминчхан бодол ч амь шүү дээ.

-Сайн аав гэдэг ойлголт 20- 30 насны залуучуудаас хол ойлголт байх. Тэд энэ киног үзээд сэтгэлд нь сайн аавын дүр буух болов уу?

-Киноны ерөнхий нуруу гэхээс би хүний бодол, сэтгэхүйд хэрхэн нөлөөлөхийг хэлж мэдэхгүй юм. Ямартай ч “Хоёр амь” киноноос маш сайн аавыг, гайхамшигтай ухаантай хүүг харна. Аав хүн үрийнхээ төлөө амиа тавиад явах л ёстой. Энэ чанар монгол хүний цусанд бий гэж би боддог. Хүүхдийнх нь толгой бууралтсан ч эцэг, эх нь сэтгэлээ чилээж л байдаг биз дээ. Зовлон бага ч бай, их ч бай хүн даваад л гардаг. Харин үрээ алдахыг хүн хүлээн зөвшөөрч чаддаггүй л байхгүй юу. Сүүдэр минь хорвоогоос халиагүй цагт миний хүүхэд үхэхгүй гэж бодно. “Хоёр амь”-ийг үзээд үзэгчид шархирах ёстой. Архи уудаг байна уу, шүдгүй юү, гуйлгачин уу, хойд уу хамаагүй аав л бол аав гэдгийг ойлгож, бахархах учиртай.

-Трэйлер бүх үйл явдлыг өгүүлчихэж болохгүй. Гэхдээ өнгөц харахад хүүхдээ эмчлүүлэхийн тулд мөнгө хайж байгаа юм шиг харагдсан. Киноны гол зөрчил юү вэ?

-Зөрчил нь амьдралд тохиолддог гэнэтийн осол, болгоомжгүй үйлдэл. Инээгээд явж байсан хүн утсаа аваад ганц өгүүлбэр сонсоод уйлдаг л байхгүй юу. Амьдрал орвонгоороо эргэхэд маш амархан. Дээрээс нь Монголд өвдөж болохгүй, мөнгөгүй бол шууд үхнэ. Чиний хэлдэг шиг гэнэтийн тохиолдолд гаргаад өгчих мөнгөгүй бол ер нь хэцүү. Эндээс мөнгөөр бүх юмыг үнэлдэг юм уу гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Трэйлер дээр гарч байгаа биз дээ, хүний амь ямар үнэтэй вэ гэж.

-Г.Гүндбилгүний жүжиглэлтийн талаар ярихгүй юу. Хүүхэдтэй ажиллах хүндрэлтэй байсан уу?

-Хүүхэдтэй ажиллана гэдэг амар биш. Гэхдээ авьяасыг нь олж харах, нүдийг нь нээх, тэр сэтгэлийг онгойлгох гэж юм бий. Энд л найруулагчийн ур чадвар харагдах ёстой. “Орхидос” кинонд бас л хүүхэд тоглосон болохоор хүүхэдтэй ажиллах нь надад ойр гэж болно. Хоёрдугаарт, Г.Гүндбилгүн бол миний төрсөн хүү байгаа юм. Хүү минь миний найруулсан хоёр, гурван кинонд жижиг дүр бүтээсэн. Энэ удаад харин гол дүрд тоглосон чинээний үүрэг гүйцэтгэсэн гэж болно. Манай аав ч урлагийн хүн байсан, тэгэхээр генд нь юм байгаа байх.

Хэт их маазралтай, саасганасан бүтээл насгүй болж байгаа

-Энэ зохиолыг яагаад сонгов?

-Зохиолын санааг би өөрөө гаргаад Х.Алтанхад гэж залуугаар бичүүлсэн юм. Зохиолыг бичихэд жил хагас орчим хугацаа зарцуулсан. Би 10 настайдаа өнчин хоцорсон хүн. Тэр ч утгаараа дотоод сэтгэлдээ аавыгаа төсөөлж гэмээнэ, киноны чанар, үнэрийг бий болгосон. “Хэрэв аав минь байсан бол миний төлөө ингэх болов уу. Би л лав хүүгийнхээ төлөө чадна” гэж бодсоны дүнд хөгжмийн зохиол, бусад зүйлийг тунгааж найруулсан. Уран бүтээлд бүтээлчийн сэтгэлийн үнэр заавал шингэсэн байх ёстой шүү дээ.

-Драмын кинонд зовлонгийн хэтийдэл ажиглагддаг талтай. “Хоёр амь” кинонд ийм чиг хандлага хэр шингэсэн бэ?

-Хийх гэж байгаа бол нэгмөсөн хийчихвэл зүгээр гэж би ойлгодог. Хоёрын хооронд дутуу алсан могой шиг, тэгснээ нэг маазраад л, нэг уйлуулаад л, хайран юмыг жанр ч үгүй хог болгоод яах билээ. Үзэгчдийг уйлуулах бол уйлуулсан шиг уйлуулчих хэрэгтэй. Угтаа бол бид уран сайхны аргаар түүх өгүүлж байгаа. Түүнээс биш, амьдрал дээр ийм их зовлон байдаг ч юм уу, үгүй ч юм уу, ер нь. Үүнээс ч илүү зовлон байж болно. Уран бүтээлийг аливаад баригдаж хийвэл өөрийн гэсэн толгойгүй л болдог. Дээрээс нь найруулагч хүний бодол, шийдэл, жүжигчнээр тоглуулах байсан бүх зүйл алдагдана.

-Жүжигчин С.Болд-Эрдэнийн дүрийн талаар, бас яагаад дахин хамтарч ажилласан тухайгаа ярихгүй юу?

-Маш сайн аавын дүр. Үзсэн хүн бүр уйлаад л бахархана, хүүгээр нь ч ялгаагүй. Бид хоёр найман жилийн дараа дахин хамтарлаа. Нэгдүгээрт, С.Болд-Эрдэнэ бол миний сайн найз. Хоёрдугаарт, театрын жүжигчид байнгын бэлтгэлтэй, формтой байдаг болохоор хамтарч ажиллахад, ойлголцоход амар байдаг юм.

-Та ямар төрлийн кино хийх дуртай вэ?

-Сэтгэл зүйн, драмын төрөл жанрын бүтээл надад илүү ойр. Духан дээрээ “Дуртай” гээд биччихсэн дурак нь би. Намайг ямар хүчээр ийм кино хий гэж байгаа биш. Гэхдээ нэг инээдмийн кино хийнэ дээ гэсэн зорилго бий. Үүний тулд маш их судалгаа хийх хэрэгтэй. Одоогоор манайд инээдмийн кино хийж байгаа гэж хэлэхэд хэцүү. Нэг балиар юм хийчихээд, хэдхэн цагийн дараа дараагийн киногоо эхлүүлдэг хүн олон байна л даа.

-Хүмүүсийн сонирхлын дагуу хийж байгаа юм биш үү?

-Хүмүүс одоо их хөнгөн сэтгэдэг болж. Дандаа дэвэргэн, бодит амьдралаас хол, хуурамч, дэндүү гоё юм үзэх дуртай болчихсон. Тэгэхээр хөрсөн дээр бууж, нэгийг тунгааж, “Хоёр амь”-ийг үзээд ухаарвал сайн л байна. Дээр үед хүнийг нийгэмшүүлэх, сурган хүмүүжүүлэх, боловсрол олгох тал руу бүтээл түлхүү хийдэг байж гэж боддог. Социалист өнгө аястай ч хүнд нэгийг бодогдуулсан. Одоо тийм бүтээлүүд гарч байгаа ч гүйцэд хийхгүй байна. Миний л бодол юм даа.

-Кино хийж байгаа хүмүүс ч гэсэн хөнгөн сэтгээд байна уу даа гэж хардаг. Хаа газар л тийм байдаг болов уу?

-Яахав дээ, хүн өөрийн хүссэн төрөл жанраар бүтээл хийдэг. Гэхдээ илүү их бодох л хэрэгтэй байна. Хатуухан хэлэхэд, киногоор мөнгө олно гэж боддог хэсэг нөхөр бий. Хэт их маазралтай, саасганасан бүтээл насгүй болж байгаа. Хошин урлаг их хөгжвөл нийгэм мөхөл рүүгээ яваагийн шинж гэсэн үг байдаг юм билээ. Тэгэхээр хүмүүс өөрсдийгөө толинд харах байлгүй дээ. Кино тамгалагдаж үлддэг болохоор алдах эрхгүй. Гайхамшигтай хариуцлагатай байх хэрэгтэй.

-Монголын зарим кино нээлтээ хийхээсээ өмнө нэг их сурталчлаад, баримтат кино шахуу зүйл хийдэг. Очоод үзэхээр сэтгэлд хүрэхгүй нь олон л доо.

-Трэйлер зэргээр үзэгчээ татах нь нэг ёсны арга, заль юм. Гэхдээ хүний халааснаас 8000 төгрөгийг нь авах гэж байгаа бол шударга байх хэрэгтэй. Худлаа хэлж мөнгийг нь “твиксдэж” болохгүй л дээ. Хүн хуурч авчирсан бол дараа нь үйлээ үүрнэ. Кино хийж байгаа хүмүүс нэг толгойтой шүү дээ. Монголын кино урлагийн тогоонд нэг нь л муу бүтээл хийхэд “Өө монгол кино ийм л байдаг юм” гэж үзэгчид муу хэлнэ. Хүссэн, хүсээгүй би энэ хомрогонд нь орчихсон яваа. Найруулагчид цензуртэй, задаргаатай, сэтгэлгээтэй, сэтгэлээ шингээж, ураа гаргасан, гурван нүүдлийн цаадахыг харсан бүтээл хийх хэрэгтэй. Тэгэхгүй уралдаанд орж байгаа мэт, тоо гүйцээх аятай жилд гурав, дөрвөн кино хийгээд хэнд ч хэрэгтэй юм. Хүний мөнгөөр тоглож болохгүй.

-Би ч гэсэн адилхан бодолтой байдаг. Бүтээл хийнэ гэдэг амар биш байх?

-Кино бүтээнэ гэдэг тийм амар хийгээд идчих хоол биш. Хурдтай хөгжиж буй техникийн дэвшилтэй хамт толгойгоо бас хөгжүүлмээр байна. Бүтээл хийх гэж гашилна, шанална, шатна. Гэтэл 10 найз нийлээд л жүжигчнээ ч тоглуулж чадахгүй, сүүлд нь нүдний булай, амьтны доог болдог асуудал гаарчээ.

-Уг нь бол найруулагчаас гадна кино багийнхан тэр чигээрээ хараад байж байдаг биз дээ. Тэгсэн хэрнээ жүжиглэж чадахгүй байгаа жүжигчинд “Боль, дахиад эхнээс нь бичье” гэж хэлдэггүй юм уу гэж хааяа боддог шүү.

-Хэлдэг л дээ. Үзэж, үзэж хамаг сайн кадраа сонгож байгаа нь л тэр. Хаврын гал яаж авалцдаг билээ. Энэ яриа тэрэн шиг л асна, би асаасай ч гэж бодож байна. Ухаантай нэг нь тунгаах л байх. Ингэж хатуу ярьж, бүтээлдээ анхаарахгүй бол Монголын кино урлаг буруу зам руугаа явах гээд байна. Чанаргүй, уран бүтээл гэхэд хэцүү. Уран сайхны кино гэдэг биз дээ, үүнийг мартаж болохгүй. Б.Ганболд гайхамшигтайдаа ийм зүйл ярьж байгаа юм биш. Санаа зовсондоо л тэр. Бид алдаа дутагдлаа хэлэлцэж сурах хэрэгтэй.

-Чадалтай, мундагууд нь бүтээлээ хийж байхад мөнгө хөөцөлдсөн бүтээлүүд яваандаа шигшигдэх байх. Үүнтэй та санал нийлэх үү?

-Сайн найруулагчдын сайн бүтээлүүд бий. Зарим нэг хорлох гэсэн юм уу гэмээр хүмүүс байна. Кино бол асар өндөр мэдрэмжээр бүтдэг зүйл. Тиймдээ ч найруулагчийн хийсэн эхний бүтээлээр л хүнийг таньж болдог. Хэрэв би хогийн юм хийчихвэл кино урлагийнханд, бас үзэгчдэд эргээд бүтээлээ хүргэх гэж үйл тамаа эдэлнэ. Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэдэг байх аа. Ээ дээ, бүтээлээ бодож л хийх хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

САНАЛ БОЛГОХ