Дэлхийн бүх орон бие даасан Өмгөөллийн тухай хуультай байдаггүй

Ярилцлага

Өнгөрсөн хугацаанд нийт 29 хуульчид хариуцлага хүлээлгэсэн

Монголын Хуульчдын холбооны ээлжит бус Их хурал болж, холбооны Зөвлөл болон Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүдийг батламжилсан. Энэ талаар Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэгтэй ярилцлаа.

-Хуульчдын холбооны ээлжит бус Их хурал болсон. Энэ удаагийн хурлаар ямар асуудал шийдвэрлэсэн бэ?
-Хуульчдын холбооны Удирдах зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан ээлжит бус Их хурлыг хуралдуулсан. Их хурлаас Удирдах зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг сонгож, батламжилсан. Мөн Мэргэжлийн хариуцлагын хорооны бүрэлдэхүүнийг ч шинэчиллээ.

-Мэргэжлийн хариуцлагын хороо ямар чиг үүрэгтэйгээр ажилладаг вэ? -Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил, сахилга, ёс зүйн байдалд Хуульчдын холбооны хүсэлтээр дүгнэлт гаргах, Хуульчийн эрх зүйн байдлын хууль болон Хуульчийн мэргэжлийн дүрмийг зөрчсөн, эсэх болон Хуульчийн мэргэжил, ур чадварын түвшинд эргэлзсэн тухай маргааныг гомдлын дагуу хянан шийдвэрлэх, хуульчид хариуцлага хүлээлгэх чиг үүргийг хэрэгжүүлдэг. Иргэдээс ирсэн гомдлын дагуу хяналт шалгалт явуулж, хэрэв хуульч ёс зүйн алдаа гаргасан бол хариуцлага тооцдог. Сануулгын арга хэмжээнээс эхлэн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах гэрчилгээг хүчингүй болгох хүртэл хариуцлага тооцдог. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд нийт 29 хуульчид хариуцлага хүлээлгэлээ. Гэрчилгээ хүчингүй болсноор хуульчаар ажиллах боломжгүй болдог.

-Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталснаар Өмгөөллийн тухай хууль хүчингүй болсон. Ингэснээр өмгөөлөгчдийн эрх зүйн байдал дордож байна хэмээн зарим хуульч тайлбарлаад байна. Хуульчдын холбоо үүнд ямар байр суурьтай байгаа вэ?
-Өмгөөллийн үйл ажиллагаа явуулахад хүндрэл үүсэж байна гэсэн байр суурьтай хүн байхыг үгүйсгэхгүй. Уг нь Өмгөөллийн тухай хуулийг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар нөхөж хийсэн. Зарим хуульч Өмгөөллийн тухай хууль гаргаж, өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг тодорхойлох ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байна. Зарим нь процессын хуульдаа илүү тодруулж хийе, эсхүл Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульдаа бүлэг нэмэе гэж байна. Тиймээс ямар үйл явц дээр өмгөөлөгчийн эрх зөрчигдөөд байгааг тодорхой болгоод хуулийн төсөл нэмж бичих, эсвэл хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдээд явах гээд аль ч хэлбэр нь байж болно. Гол нь тулгамдаад байгаа асуудлыг үндэслэлтэй тодорхойлж, нэг мөр ойлгох нь чухал байна.

-Бусад оронд ямар жишиг байдаг вэ?
-Дэлхийн бүх оронд бие даасан Өмгөөллийн тухай хуультай байдаггүй. Пост коммунист орнууд л өмгөөлөгчийн бие даасан хуультай байдаг гэж зарим судлаач үздэг. Ихэнх орнууд процессын хуульдаа өмгөөлөгчийн эрх байдлыг түлхүү тусгасан байна.

Зарим нь процессын хуульдаа илүү тодруулж хийе, эсхүл Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульдаа бүлэг нэмэе гэж байна.
-Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар дээрх асуудлыг шийдэж болно гэсэн үг үү?
-Үүнийг бид өөрсдөө шийдэх ёстой. Энэ асуудлаар өнгөрсөн нэг жилийн хугацаанд цуврал хэлэлцүүлэг зохион байгуулсан. Олон янзын байр суурь илэрхийлж байгаа. Цаашид ч үргэлжлэх байх.

-Өмгөөлөгчдийн холбоог тусад нь байгуулж, заавал гишүүнчлэлтэй болгох талаар саналууд гардаг. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Одоогийн өмгөөлөгчдийн холбооны удирдлагад ажиллаж буй хуульчид өмгөөлөгчдийн бие даасан байгууллагатай байх ёстой, түүнийхээ санхүүжилтийг босгохын тулд Хуульчдын холбооны авч буй татвар дээр нэмээд 20 мянган төгрөгийн татвар авах нь зүйтэй гэдэг. Холбооны удирдлагын зүгээс энэ асуудалд бодит судалгаатай хандах нь зүйтэй гэж үзсэн.

Өнгөрсөн жил түүвэр судалгаа хийж үзэхэд өмгөөлөгчдийн 26.1 хувь нь давхар татварыг өгөх боломжтой гэж үзэж байсан. Гэтэл энэ жилийн судалгаагаар 20.2 хувь болж буурсан байна. Энэ нь юуг харуулж байна гэхээр Хуульчдын холбооны үйл ажиллагаа жигдрэхийн хэрээр нэмж өөр институт байгуулах шаардлага багасч байна. Хэрвээ өмгөөлөгчдийн заавал гишүүнчлэлтэй байгууллага байгуулаад үйл ажиллагаа явуулбал санхүүжилтийн асуудал хүндээр тусна. Учир нь өмгөөлөгчид Хуульчдын холбоонд сард 20 мянган төгрөгийн татвар төлдөг. Гэтэл бие даасан байгууллага байгуулахаар дахиад 20 мянгыг төлөхөд хүрнэ. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгч хоёр байгууллагад татвар төлөхөөр байгаа юм. Ингэснээр судалгаанд хамрагдсан нийт өмгөөлөгчийн 80 хувь нь давхар татварын тал дээр эсрэг байр суурьтай байгаа нь харагдлаа. Иймээс олонхийн үзэл бодлыг хүндэтгэн үзэх хэрэгтэй.

Хэрэв давхар татвар авна гээд хуульд хүчээр суулгаж өгөөд, ийм тусдаа институт байгуулбал 20 хувийн хүсэл зоригоор үлдсэн 80 хувийнхаа түрийвч рүү өнгийх болчих гээд байгаа юм. Ингээд бодохоор тусдаа институт байх, эсэх нь эргэлзээ төрүүлээд байна. Харин өмгөөлөгч ажил үүргээ гүйцэтгэж байхад хүндрэл учрахгүй байх талаарх эрх зүйн зохицуулалтдаа илүү анхаарах нь зүйтэй.

-Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Хуулийн үйлчлэх хугацааг хойшлуулах ямар шалтгаан байсан бэ?
-Эдгээр хуулийг хэрэглэхэд процессын хуулиуд, шинэ журмууд гарах ёстой байсан. Тэдгээрийг хэрэглэхийн тулд боловсон хүчнээ бэлтгэж, эдийн засгийн баталгааг нь хангах хэрэгтэй. Эдгээр зүйл хийгдээгүй учраас хугацааг хойшлуулахаас өөр аргагүй байлаа. Жишээ нь, Эрүүгийн шинэ хуульд гэмт хэрэг үйлдсэн хүнийг долоо хоногоос эхэлж хорих ялыг эдлүүлнэ гэж байгаа. Долоо хоногийн хорих ял шийтгүүлсэн хүнийг хорих газар хүргэх гээд явж байтал долоо хоног нь дуусчихвал яах вэ? Бүх аймагт хорих байгуулж, тэнд ажиллах орон тоог бий болгох гээд олон асуудалд бэлтгэлгүй байсан юм.
САНАЛ БОЛГОХ