Хос залуусын хайрын хөгжим

Залуус

Тэд өдгөө хоёул ҮДБЭЧ-ын үндэсний их найралд хөгжимчин

Үндэсний их найрлын нүүрэн талын эгнээнээс морин хуурч алаг нүдэн хүү хуучирчдын эгнээний хөөрхөн Цэндээ рүү харц шиднэ. Харин өнөөх нь юу ч үл анзааран зөрүүлэн харна. “Хууртаа сайн ч математиктаа муу доод ангийн Мөнхбаяр хаашаа ингэж хараа салгалгүй ширтдэг байна аа, хэнийг онилоод байгаа юм бол” гэж бодон хааяа харцыг нь дагуулан нүдээ эргэлдүүлэх ч тэгтлээ хараад байгаа хүнийг нь олж харахгүй. Дараа дахиад л ийм.

ҮДБЭЧ-ын тоглолт орой тардаг болохоор залуу бүсгүйчүүд гэртээ харих гэдэг бас л асуудал болох. Нэг сургуулийн үеийнхэн, тэгээд ч ээлжийн ангийн, бие биеэ мэдэх хоёр нэг оркестрт сууж байгаагийнх тарахдаа зам нийлж энэ тэрийг ярилцан гэлдрэх, хүү хааяа охиныг гэрт нь дөхүүлж өгөх нь байдаг л байв. Гэтэл сүүлийн үед залуусын хооронд ерийн бишийн харилцаа үүсээдхэв. Залуу хархүүгийн эгнээ давуулан шидээд байдаг өнөөх тунгалаг харц өөр хаашаа ч биш, харин хуучирч охиныг чиглэдэг юмсанж. Өмнө нь юу ч анзаардаггүй байсан охин гэнэт тэр аятайхан харцны "бай" гэдгээ мэдмэгцээ хэсэг эвгүйцэв. ХБК-ийн сайн оюутны нэг, хичээл хийж, хөгжим тоглохоос өөрийг мэдэхгүй, ангийнхан нь, нөгөө ангийнхан нь ч тэр үерхэл, хайр сэтгэлийн сэдвээр мэргэших шахам болж байхад хээв нэг инээгээд өөрт нь огт хамаагүй мэт явж байдаг байсан охин танидаг хөвгүүний хариу нэхсэн харцанд ийнхүү өртөнө гэж бодоогүй явжээ. Гэтэл Мөнхбаяр нэг өдөр Цэндээг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд урьлаа. Уулзах уу, зугаалах уу гэв. Залуус цэцэрлэгт хүрээлэнд саатан жаал алхаж яваад гарсан ч орой нь дахин уулзахаар болов. Уулзсан. Энэ нь морин хуурч хүү, хуучирч охин хоёрын анхны албан ёсны болзоо байлаа. Мөнхбаяр хүү сэтгэлтэй охиндоо үерхэх санал тавьсан тэр өдрөөс хойш бүтэн хоёр жил өнгөрчээ. Тэд өдгөө хоёул ҮДБЭЧ-ын үндэсний их найралд хөгжимчин. Цэндээ ХБК-д энэ намраас хуучир хөгжмийн багшаар давхар ажиллаж буй бол Мөнхбаяр тус сургуулийн III курсын оюутан. Угаас хүү найз бүсгүйгээсээ нэг насаар дүү бөгөөд аавтайгаа хамт нэг жилийг Америкт өнгөрөөснөөс болоод анги улиран сурч буй оюутан юм. Хос залуус хэдийнэ амьдралын урт замыг хамтдаа туулах хань ижлүүд болсон ч хэн хэн нь санасан зорьсондоо хүрэхээс нааш гэрлэж суух тухай ярих болоогүй гэнэ.


Морин хуурч Э.Мөнхбаяр мэргэжлээ төгс эзэмшихийн төлөө тэмүүлэлтэй. Дан ганц хөгжимчин байх биш, найрал хөгжмийн удирдаач болох хүсэл мөрөөдөлтэй. Түүндээ хүрэхийн тулд суралцана. Өөрт нь ихэд итгэж, мэддэг бүхнээ харамгүй зааж өгдөг мэргэжлийн багш, ҮДБЭЧ-ын ерөнхий удирдаач, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Буянбаатар багшийнхаа эрдмийг өвлөж авах. Улмаар Европт Хөгжмийн дээд сургуульд суралцаж найрал хөгжмийн удирдаач болохсон гэж мөрөөдөж явдаг. Удирдаач болохын анхны алхам нь найрал хөгжим ойлгодог байх, хөгжмийн зэмсэг бүртэй нарийн сайн танилцах.

"Оргилуун гурвал" бүтээлийг төгөлдөр хуурчтай хамтран тоглоно

Энэ үүднээс одооноос өөрийгөө бэлдэж багшийнхаа удирдлага дор хөгжмийн найруулга хийж эхэлсэн байна. Удахгүй болох ҮДБЭЧ-ын үндэсний найрал хөгжмийн 55 жилийн ойн баярын хүндэтгэлийн тоглолтоор гоцлон тоглохоор Испанийн алдарт хөгжмийн зохиолч П.Сарасатегийн “Андалуза” романсыг морин хуурын болгож найруулснаа удирдаач багшдаа өгөөд байгаа аж. Мөн энэ сарын 15-наас эхлэх Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит улсын уралдаанд хүч сорихоор хөгжмийн найман бүтээл давтан сургуулилж байна. Тэр ийм зүтгэлтэй завгүй оюутан.

Хуучир хөгжимчин Э.Цэндсүрэн Чуулгад ажиллахын зэрэгцээ сургуульдаа багшилж эхэлсэн. Оюутан байхын “од” байсан тэрбээр ОХУ-д болсон олон улсын ардын хөгжимчдийн уралдаанд түрүүлээд ирэхэд нь Н.Буянбаатар удирдаач үндэсний их найралд хөгжимчнөөр сууж байхыг мэргэжлийн багш П.Мөнгөнцэцэгээр нь дамжуулж хэлүүлсэн. Тэр цагаас хойш хөгжимчин охин Чуулга хэмээх их айлын гишүүн болоод буй юм. Тэрбээр мөн л мөрөөдлөөрөө жигүүрлэсэн, хийж бүтээхийн хязгааргүй хүсэлд автсан залуу уран бүтээлч. Юуны өмнө Шанхайн Хөгжмийн дээд сургуульд хуучир хөгжмөөрөө суралцаж дүүргэх бодолтой, төлөвлөгөөтэй байгаа юм билээ. Өнгөрсөн зун тус сургуульд мэргэжил дээшлүүлэх түр сургалтад хамрагдахдаа заавал тэнд очиж суралцах ёстой юм байна гэдэг ойлголтоо лавшруулсан байна. Тэнд олон орны хөгжимчидтэй сурч, туршлага солилцож байх үед нь Европт байдаг хятад хуучирч “Хуучир бол монгол хөгжмийн зэмсэг” гэж хэлсэн нь өөрийнх нь бодолтой нийлсэнд ихэд таашаалтай байжээ. Хятадууд өөрсдөө ингэж хэлж байхад монголчууд “Хуучир бол хятад хөгжим” гэх. Тэгээд болоогүй нялуун дуугаралттай, хяхтнадаг, чихардаг зэргээр гоочлохыг сонсох бүртээ “Энэ бол Азийн сонгодог хөгжим” гэдгийг өөрийн тоглолт, араас нь өсч өндийх хөгжимчин дүү нарынхаа тоглолтоор нотлох юмсан гэж бодож явдаг аж. Өөртөө ийм итгэлтэй, мэргэжилдээ үнэнч, хөгжмөө, зэмсгээ өмөөрөх, хамгаалах, хайрлан хөгжүүлэх сэтгэлтэй, өөрөөр хэлбэл, хүн болгож сургасан мэргэжлийн багш Д.Мөнгөнцэцэгтээ хязгааргүй их баярлаж явдгаа энэ өдөр залуу хөгжимчин хэлж буй юм.

Хуучирч Э.Цэндсүрэн мөн л хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит уралдаанд ур чадвар сорихоор найман бүтээл давтаж өдөр, шөнийг үл анзааран бэлтгэж буй юм.

Хос залуус тун удахгүй, тодруулбал энэ сарын 28-нд УДБЭТ-т болох Оны шилдэг, гарамгай уран бүтээлчдийн Virtuoso Gala Concert-д хослон тоглох юм. Шилдгийн шилдэг хөгжимчид нэгэн тайзнаа ур чадвараа харуулах энэхүү нэгдсэн тоглолтод тэд Чехийн алдарт хөгжмийн зохиолч А.Дворжакийн “Словень бүжиг-2” болон ардын жүжигчин С.Гончигсумлаагийн хийл, виолончель, төгөлдөр хуурт зориулсан “Оргилуун гурвал” бүтээлийг хуучир, морин хуураар төгөлдөр хуурчтай хамтран тоглох юм. Эдгээр зохиол нь хөгжимчин хосын хувьд хослон тоглох анхны бүтээлүүд бөгөөд цаашдын хамтарсан тоглолтуудын эхлэл, өндөр амжилтуудын анхны гараа хэмээн маш ихэд бэлгэшээж явна.

Зав л гарвал энэ хоёр бүтээлээ хамгийн түрүүн нийлж, давтаж байгаа ажээ. Залуустай хамтарч тоглох төгөлдөр хуурч С.Одгэрэл “Мөнхбаяр, Цэндсүрэн хоёр маш идэвхтэй, хичээл зүтгэлтэй залуус. Тэд хөгжмийг яавал сайн, гоё тоглох вэ л гэж боддог” гэж байлаа.

Ийм нэгэн бие биедээ хайртай, хөгжимд, урлагт хайртай, үүнд өөрсдийгөө зориулж амьдрахаар шийдсэн сайхан хосыг хөгжиж буй Монголын мянга мянган хос залуусын төлөөлөл болгож нийтлэлдээ урьсан юм. Залуусын яриаг сонсох тусам тэдний удахгүй анхлан хамтран тоглох гэж байгаа дэлхийн сонгодог “Словень бүжиг” болон Монголын алдарт хөгжмийн зохиолчийн шилдэг “Оргилуун гурвал” гэсэн бүтээлүүдийг Мөнхөө, Цэндээ хоёрын хайрын хөгжим хэмээн тодотгомоор санагдаж байна.


САНАЛ БОЛГОХ