АВРАЛ ЭРЭХ БУТАНЫ ХЭЛ

Залуус
Залуу үеийнхэн Бутаны соёл гэж чухамдаа юу болох талаар маруухан мэдэх болжээ

Гималайн нурууны зүүн бөөрөнд нутагтай, томоохон гүрнүүдтэй хил залгаа орших жижиг улс Бутан нь олон арван жил гадаад орноос өөрсдийгөө тусгаарласаар ирсэн. Өнөөдөр ч гэсэн цөөн тооны жуулчин л энэ орноор зочилдог байна. Буддист уламжлал, соёл ноёрхдог Бутаны хэл өдгөө Гималайн ойр орчмын улс орнуудын хэлнүүдийн нэгэн адил устаж үгүй болох аюулд нэрвэгдээд буй. Хэлний гарамгай чадвараараа гайхагдсаар ирсэн иргэд нь фермерээс эхлээд сайд хүртлээ наад зах нь дөрвөн хэлээр чөлөөтэй ярьдаг байна. Дөрвөөр ярьдаг нь харин ч бүр бага мэдлэгтэйд орох бөгөөд ихэнх нь 6-7 хэлтэй.

Өвөрмөц хэл соёлтой, нэг сая хүрэхгүй хүн амтай тус улс дэлхийд хүн амын тоогоороо тэргүүлэгч хөршүүд болох БНХАУ, Бүгд Найрамдах Энэтхэг улсын хэл соёлоос тусгаар байх үзэл баримталдаг. Энэ нь өөрийн үндэсний онцлог хэв шинжийг хадгалан авч үлдэхэд нь чухал нөлөөтэй байдаг аж.

Зонка бол Бутаны албан ёсны үндэсний хэл бөгөөд бичиг үсгээр тэмдэглэж болдог ганц хэл нь юм. Харин бусад нь амнаас ам дамжин уламжлагдаж иржээ. Зонка нь зон ястнуудын (орчуулбал хэрэм) хэрэглэдэг хэл юм. Үүнээс гадна дор хаяж 18 өөр хэл тус улсад бий гэх. Гэвч ахиад өөр тоологдоогүй хэл ч байх магадлалтай. Иргэдийн үзэж буйгаар хөгжингүй орнууд, өрнийн соёлын нөлөө тэдний амьдралд мэдэгдэхүйц өөрчлөлтийг авчирч, ялангуяа залуу үеийнхэн Бутаны соёл гэж чухамдаа юу болох талаар маруухан мэдэх болсон аж.

Түүхийн он жилүүдэд колоничлогдож байгаагүй бутанчуудыг ямар учраас англиар сайн ярьдгийг нь жуулчид гайхширна. Нийслэлээсээ алслагдсан дүүргүүдэд нь ч энэ тохиолдол олон. 1950-иад оноос боловсролыг системтэй олгож, энэ үеэс хинди хэлээр сургалтууд явагдах захирамж гарч байв. Түүнээс хойш 10 жилийн дараа буюу гуравдугаар хааны үед англи хэлийг бүх сургалтын системд нэвтрүүлсэн байна. Бутаны үндэсний зөвлөлийн гишүүн Таши Вангел “Гуравдугаар хаан англи хэлийг сонгосон нь зориудаар гаргасан шийдвэр юм.

Тэрбээр олон газар орноор явсан хүн байсан бөгөөд Бутан улсыг орчин цагтай уялдсан шийдвэрүүдийг гаргадгаараа алдартай байгаасай гэж хүсдэг байсан. Англи хэлийг эзэмшсэнээр Бутаны цаашдын хөгжлийн үе шатуудыг ахиулахад тусална гэж тэр үзсэн” хэмээв. Ингээд өмнөд Энэтхэгээс багш нарыг урин авчирч, иргэддээ англи хэл заалгаж эхэлсэн байдаг. Тэгвэл гарал үүсэлтэй нь холбоогүй хэлийг үндэснийхээ хэл болгосонд ард иргэд нь ямар байр суурьтай байсан бол? Арга барилын хувьд ч өрнийн хийгээд орчин цагийн хэлбэртэй байсан уу гэхээс уламжлалт бутаны сэтгэхүйгээс огт өөр хэл байв. Тиймээс хүмүүс тухайн үед зонка хэлийг урьтал болгож, энэ үзэл нь ч хүрээгээ тэлсэн юм. Тухайлбал, 1980-аад оны үеийн зонка хэлийг хэрэглэгч иргэдийн тоог өнөөгийнхтэй харьцуулахад хавьгүй олон байдаг нь радио, телевиз, кинон дээр ч мэдэгдэхүйц харагддаг. Гэхдээ хэл яриандаа өргөн хэрэглэхээс биш бичгийн тал дээр эн зэрэгцэхүйц хүчтэй биш аж.

Дөрвөөр ярьдаг нь харин ч бүр бага мэдлэгтэйд орох бөгөөд ихэнх нь 6-7 хэлтэй

“Бутаны сан” ТББ бол соёлын өвийг архивлан хадгалах чиглэлээр залуу судлаачидтай хамтран ажилладаг байгууллага. Сангийн хөтөлбөрийн захирал Үген Чөдэн “Бид түүхийн холбогдолтой эд өлгийн зүйлсийг тэмдэглэж, үрэгдэж алга болохоос сэргийлэх, хадгалан хамгаалах тал дээр хичээн ажиллаж байгаа. Хэдийгээр 20-иос дээш насны залуус бидэнтэй нэгдэн соёл уламжлалаа хамгаалахын төлөө хичээнгүйлэн ажилладаг ч өнөөгийн өсвөр насныхан их холилдсон орчинд өсч өндийж байна. Миний эх хэл бумтабха. Үүнээс гадна англи, зонка, шашуб /Бутаны зүүн хэсэгт голчлон хэрэглэдэг хэл/, бас непал хэлээр бага зэрэг ярьдаг. Тэгтэл миний 15 настай хүү бумтабхаар тийм ч сайн ярьдаггүй. Нэгэн үе өнгөрөхөд л хэлүүд хувьсаж байгаа нь эрсдэлтэй санагдаж байна. Жишээ нь, миний аав тухайн үед төрийн байгууллагад ажилладгаасаа болоод бумтабхагаар биш зонкагаар ярьдаг байсан” хэмээв.

Бутаны зүүн өмнөд хэсэг дэх Ура тосгонд Ягачи нэртэй бүх нийтийг хамарсан үндэсний соёлын наадам тав хоног үргэлжилдэг. Наадмын үеэр газар газраас хүмүүс цуглаж, сүмд мөргөж, дуулж бүжиглэж, хэл соёлдоо хүндэтгэл үзүүлдэг байна. Хэрэв тосгоноор зочилбол бумтабха хэлээр ярилцах олон хүнтэй таарах бөгөөд орон нутгийн хамтын ажиллагаа сайн учир энэ хэл мөхчихөөгүй хэмээн тэд үзэж буй. Гэвч орчин үеийн хөгжлийн шуурганд үгүй болох вий гэж бас санаа зовнидог байна.

Бутан дахь хэлний жигд бус тархацыг ангилбал, сургуульд англиар ярьдаг. Харин гудамжинд хүмүүс непалаар ярьж, албан хэргээ зонкагаар хөтөлж, дуу, кино болон медиад зонка хэлийг түлхүү хэрэглэж байна. Харин өөр бусад хэлээ хэрэглэж, тэмдэглэж байгаа нь маш ховор. Тухайлбал, 10 жилийн өмнө хүмүүс олеха хэлээр ярьдаг байсан бол одоо цөөрсөөр, хуруу дарам цөөхөн л үлджээ. Бутан гэлтгүй, өөр ямар ч улс оронд хүүхэд залуучууд хоорондоо болон гэр бүлийнхээ хүрээнд үндэснийхээ хэлээр ярьж байвал тухайн хэлийг оршин үлдэх боломжтой гэж үздэг. Бутан хэдийгээр зонкаг албан ёсны үндэсний хэл болгосон ч бусад хэлээ үгүйсгээгүй. Хэрэв одооноос анхааралдаа авахгүй бол тэдгээр хэлний хувьд мөхлийн аюул тулгарахгүй гэх баталгаагүй.




САНАЛ БОЛГОХ