Оюу Толгой: Гүний уурхайн бүтээн байгуулалт эрчимтэй үргэлжилж байна
Гүний уурхайн гэрээлэгч компаниудынхаа ажилтнуудыг сургаж дадлагажуулахад VR буюу virtual reality технологийг ашиглаж байгаа гэж “Оюу Толгой” компаниас мэдээллээ. Ийнхүү 3D технологийг нэвтрүүлснээр ажилтнууд газрын гүн рүү оролгүйгээр дадлагаа хийж, гүнд орсон мэт мэдрэмжийг авах бололцоо нээгджээ. Гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлснээс хойш тус компани 15 мянган хүн/цаг сургалт дадлагыг хийгээд байгаа аж. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг “Оюу Толгой”-ийн уурхайн үйл ажиллагаатай танилцах үеэр гүний уурхайн бүтээн байгуулалт эрчимтэй үргэлжилж байгааг тус компаниас онцлон мэдээллээ. Энэ оны III улирлын төгсгөлд “Оюу Толгой” компани 105.8 сая ам.долларыг гүний уурхайн өргөтгөлд зарцуулжээ. Мөн 750 сая гаруй ам.доллар зарцуулахаар гэрээ байгуулаад байгаа аж. “Оюу Толгой”-ийн гүний уурхайн төслийн захирал Марко Пирес монгол ажилчдын чадварыг дээшлүүлэх, дотоодын компаниудыг оролцуулах ажлыг хийж байгаа нь төслийн эдийн засагт үзүүлж байгаа нөлөө гэдгийг онцоллоо.
“Оюу Толгой” компанийн хувьд дотоодын худалдан авалтаас хамгийн их жин дарж байгаа нь түлш шатахуун байгаа бөгөөд үндэсний хоёр компаниас түлш авахад жилд 65 сая ам.доллар зарцуулж байна. Харин баяжмал тээвэрлэх зориулалттай даацын уутыг дотоодын буюу Улаанбаатарын хоёр, Өмнөговийн нэг компаниас авахад зургаан сая орчим ам.доллар зарцуулж байгаа ажээ. Үүнээс гадна дотоодын үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд томоохон ажлууд хийгдэж байна. Тухайлбал, дотоодын нэгэн компани 15 мм-ийн ган бөмбөлгийг 350 тонныг “Оюу Толгой”-д туршилтаар нийлүүлжээ. Энэхүү туршилт амжилттай болсон учраас нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр яриа хэлэлцээ хийж байгаа гэж мэдээллээ. Мөн баяжмалын тээврийн үйл ажиллагаанд Өмнөговийн компанийг нэмж оруулах шийдвэр гарч, 12 дугаар сараас тээврээ эхлүүлэхээр болсон байна.
“Оюу Толгой” төсөлд Монголын компаниудын оролцоог нэмэхэд анхаарч ажиллаж байгаагаа “Эрдэнэс Оюу Толгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар мэдээллээ. Мөн цаашид засаглалын чадварыг сайжруулах, олон стандарт бий болгох шаардлага байгааг “Эрдэнэс Оюу Толгой” компанийн Гүйцэтгэх захирал дурдсан юм.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй