Шинэ бондын танилцуулгыг эхлүүллээ

Мэдээ

Монгол Улсын Засгийн газар шинээр гаргах бондынхоо танилцуулгыг өнөөдрөөс эхлүүллээ. Ирэх онд бондын эргэн төлөлтийг хийхээс өмнө ийнхүү олон улсаас санхүүжилт татахаар ажиллаж байгаа юм. Ам.доллараар гаргах шинэ бондын танилцуулгыг Нью-Йорк, Бостон, Лондон, Сингапур, Хонгконгт эхлүүлж байна. “Roadshow” буюу хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгөх уулзалт зохион байгуулахаас гадна утсаар холбогдож мэдээлэл өгөх юм. 2018 оны нэгдүгээр сард “Чингис” бондын 500 сая ам.доллар, үүний дараа “Дим Сам” бондын 160 сая ам.долларын төлөлтийг хийх хуваарьтай байна. Эдгээр төлөлтийг хийхийн тулд Монгол Улсын Засгийн газар шинэ бонд гаргахаас гадна 2018 онд хугацаа нь дуусаж байгаа бондоосоо эргүүлэн худалдан авах санал гаргаад байгаа юм.

Өөрөөр хэлбэл “Чингис” бондын хувьд 1000 ам.долларын нэрлэсэн үнэтэй бондыг 1003.75 ам.доллар, 10 мянган юанийн нэрлэсэн үнэтэй бондыг 10,037.5 юань болгож хугацааг хойшлуулах саналын дуусах хугацаа Нью-Йоркийн цагаар аравдугаар сарын 24-ний 17.00 цагт дуусахаар байгаа юм. Тухайлбал, ам.долларын бондын хувьд 3.75 ам.долларын зөрүүг бонд гаргасан Засгийн газарт бондоо худалдаж байгаа хөрөнгө оруулагч авах аж. Энэ талаарх нэгдсэн мэдээллийг аравдугаар сарын 26-ны орчимд танилцуулах талаар эх сурвалж мэдээлж байна. “Fitch” агентлаг Монгол Улсын шинээр гаргаж байгаа ам.долларын бондод “B-“ гэсэн үнэлгээг тогтоогоод байгаа юм.

Сангийн яамны Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн дарга Н.Мандуулын мэдээлснээр “Шинэ бондын хүү “Хуралдай” бондынхоос хавьгүй бага байх боломжтой” ажээ. Мөн хамгийн ойрын хоёр өрийг зэрэг дарах санхүүжилт татахаар зорьж байгаа талаар мэдээллээ. Өөрөөр хэлбэл “Чингис” бондын 500 сая ам.доллар, “Дим Сам” бондын 160 сая ам.долларын төлөлтийг хийх санхүүжилтийг босгоно гэсэн үг юм.




САНАЛ БОЛГОХ