Монгол Улсад гадаадын банк оруулж ирэх асуудлыг УИХ хэлэлцэнэ

Мэдээ

Өнгөрсөн онд маргаантай сэдвүүдийн нэг байсан гадаадын банкийг оруулж ирэх асуудлыг УИХ хэлэлцэхээр боллоо. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байна. Монгол Улстай ижил төстэй харьцангуй жижиг, нээлттэй эдийн засаг бүхий улс орнуудын хувьд дотоодын зах зээлдээ гадаадын банкийг нэвтрүүлэх нь санхүүгийн салбарын интеграцид нэгдэх, банк санхүүгийн салбарын хөгжлийг хурдасгахад онцгой ач холбогдолтой гэж хууль санаачлагчид үзжээ. Хэдий тийм боловч зарим арилжааны банкны төлөөлөл “Монголд гаднын банк салбараа байгуулах цаг нь болоогүй, учир нь дотоодын банкнууд дампуурах эрсдэлтэй” гэсэн байр суурийг өнгөрсөн онд илэрхийлж байсан юм. Харин УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Д.Хаянхярваа, Б.Батзориг, З.Нарантуяа, Б.Ундармаа нарын өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төсөлд гадаадын банкийг зөвхөн хөрөнгө оруулалтын чиглэлээр дотоодын зах зээлд нэвтрэхийг зөвшөөрөхөөр төсөлд тусгасан байна.

Тухайлбал, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд шаардлагатай зээлийг гагцхүү хуулийн этгээдэд олгох, гадаад дотоодын төлбөр тооцоог гүйцэтгэх, зээлийн баталгаа, батлан даалт гаргах, үнэт цаас худалдах, худалдан авахыг гадаадын банканд зөвшөөрнө. Харин бусад үйл ажиллагаа, ялангуяа иргэдээс хадгаламж татах зэргийг хориглосон хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгох зорилгоор тус хуулийн төслийг санаачилжээ. Гадаад банк Монгол Улсад байгуулагдах, банкны үйл ажиллагаа явуулах талаарх харилцааг банкны тухай хууль, хөрөнгө оруулалтын тухай, компанийн тухай хууль болон Монголбанкны банкны зөвшөөрлийн журам, банкны нэгжийн журмаар зохицуулж байгаа юм.



САНАЛ БОЛГОХ