Нэг өрхөд ногдох иргэдийн зээл 16.1 хувиар өсөж, 6.7 сая төгрөг хүрэв

Мэдээ

Энэ оны эхний улиралд хувийн салбарын гадаад өр ДНБ-ий 102 хувь буюу өмнөх оны мөн үеэс 51.4 нэгж хувиар огцом өсөөд байгааг Монголбанк мэдээллээ. 2016 оны II улиралд томоохон компаниуд хөрөнгө оруулагчаас авсан зээлээ төлөхөөр Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас зээл авсан болон төгрөгийн ам.доллартай харьцах ханш суларсан нь үүнд нөлөөлсөн байна. Харин хувийн салбарын дотоод өр буюу арилжааны банкуудаас авсан зээл ДНБ-ий 27.8 хувьд хүрч өсжээ. Өөрөөр хэлбэл, 2005 оноос хойш гадаад өрийн дарамт хурдтай өссөөр байгааг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргадаг санхүүгийн "Тогтвортой байдлын тайлан"-д онцолсон байна. Энэ онд МҮХАҮТ мэдэгдэл гаргаж, төгрөгийн ханш унаснаас шалтгаалан гадаад валютын зээлтэй компаниуд хүнд нөхцөл байдалд орсон учраас зээлийн нөхцөлөө илүү уян хатан болгохыг банкуудад уриалаад байсан юм. Аж ахуйн нэгжээс гадна өрхийн санхүүгийн байдал эрүүл, тогтвортой байх нь банкны салбар төдийгүй нийт системийн хэмжээнд чухал ач холбогдолтой. Тайланд дурдсанаар, нэг өрхөд ногдох иргэдийн зээл 2017 оны эхний улиралд 6.7 сая төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 16.1 хувиар өссөн байна. Нэг өрхөд ногдох иргэдийн зээл ба өрхийн жилийн дундаж орлогын харьцаагаар өрхийн өрийн дарамтыг төлөөлүүлэн хэмжихэд 2017 оны эхний улиралд өрхийн өрийн дарамт 59.1 хувь байгаа юм.

Нэгж орлогод ногдох орон сууцны ипотекийн зээлийн төлбөрийн хувь хэмжээ буюу өр, орлогын харьцаа 2013 оны III улирал хүртэл буурсаар 38 хувьд хүрч байсан. Харин 2017 оны эхний улиралд энэ үзүүлэлт 45 хувь болж өсөөд байна. Энэхүү харьцаа нь дундаж өрх орлогоороо орон сууцны ипотекийн зээл авсан бол өр, төлбөрийн хувьд ямар дарамттай байхыг илтгэдэг үзүүлэлт юм. Мөн оны эхний улиралд өрхийн нэрлэсэн зарлага өмнөх оны мөн үеэс 2.6 хувиар буурчээ.



САНАЛ БОЛГОХ