Ж.Эрдэнэбат: Бүтээгдэхүүн хуваах гэрээг хууль, эрх зүйн орчинд нийцүүлж өөрчлөх шаардлагатай
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Дорнод аймагт ажиллалаа. Тэрбээр Дорнод аймагт ажиллах үедээ “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн 21 дүгээр талбайн ажилтай танилцсан байна. Тус компани өнгөрсөн оны байдлаар хоёр тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, хоёр тэрбум ам.долларын түүхий тос экспортод гаргажээ. Ингэхдээ Монгол Улсын Засгийн газарт 518 сая ам.доллар, БНХАУ-д 719 сая ам.долларыг Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу өгчээ. “Бүтээгдэхүүн хуваах гэрээг цаашид тогтвортой үргэлжлүүлэх ёстой. 2014 онд шинээр баталсан Газрын тосны тухай хууль бүтээгдэхүүн хуваах гэрээтэй зөрчилдөж байгаа тухай “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн удирдлага уулзалтын үеэр мэдээлсэн байна. Харин Ерөнхий сайд “Бүтээгдэхүүн хуваах гэрээг өнөөгийн хууль, эрх зүйн орчинд нийцүүлж өөрчлөх шаардлага бий. Аль аль талдаа ашигтай байх хувилбарыг сонгох ёстой” гэсэн байр суурь илэрхийллээ.
“Петро Чайна Дачин Тамсаг” компани өнгөрсөн оны эцсийн байдлаар 980 цооног өрөмдсөнөөс 926-г нь ашиглалтад оруулсан байна. Энэ онд 1.3 сая тонн түүхий тос олборлохоор төлөвлөсөн бөгөөд одоогоор 734 мянга гаруй тонныг олборложээ. Хэдий тийм боловч нефтийн үнэ 43 ам.доллараас бага байгаа үед ашигтай ажиллана гэхэд хэцүү” гэж тус компанийн удирдлага танилцуулсан байна. Үүнээс гадна Ерөнхий сайд “Алтай” группийн тэжээлийн үйлдвэрийн нээлтэд оролцлоо. Тэрбээр “Зүүн аймгуудад энэ мэт үйлдвэрүүдийг байгуулах ажлыг эхлүүлэх нь зүйтэй” гэж онцолсон юм. “Алтай” группийн тэжээлийн үйлдвэр нь дотоодын хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй Зүүн Хойд Азийн хэрэглээний 40-50 хувийг хангах бүрэн боломжтой талаар онцоллоо. Тус компани малын тэжээлд ордог улаанбуудай, рапс, царгас зэргийг 20 гаруй мянган га-д тариалсан бөгөөд энэ онд анх удаа 6000 га-д царгас тариалсан нь гантай жил хэдий ч сайн ургажээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй