“Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг батлав
“Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Хөтөлбөрт туссан зургаан зорилго, 54 арга хэмжээг хэрэгжүүлэхээр нарийвчилсан төлөвлөгөө боловсруулсан байна. Энэ хүрээнд ирэх оны эхний хагаст 60, жилийн турш 80, 2018 оны эхний хагас жилд 84 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Хөтөлбөр хэрэгжих хугацаанд төсвийн сахилга батыг сайжруулж, үндэсний хэмнэлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо. Мөн иргэн бүр орлоготой байх нөхцөл бүрдүүлж, шинээр болон түр ажлын байр бий болгох, ажлын байраа тогтвортой хадгалж байгаа аж ахуйн нэгжүүдийг татвар, зээлийн бодлогоор дэмжихээр тусгаж өгөөд байгаа юм.
Үүнээс гадна Засгийн газар, Монголбанк хамтран хөгжлийн банкны 2017 оны гуравдугаар сард төлөх 580 сая ам.доллар, Засгийн газрын 2018 оны нэгдүгээр сард төлөх олон улсын үнэт цаасны хугацааг сунгах, дахин санхүүжилт хийх нөхцөлийг тодорхойлохоор төлөвлөжээ. Мөн ирэх сарын нэгэн буюу 2017 оноос хэрэгжих хүйтний улиралд гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнэ тарифын хөнгөлөлт үзүүлэх журмыг баталлаа. Үүнд нийслэлийн гэр хорооллын 146 мянган хэрэглэгч хамрагдах тооцоо байгаа юм. Үүнээс гадна ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс ”Мах, сүүний анхдугаар аян”-ыг улсын хэмжээнд өрнүүлж, атрын III аяныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй