Rio Tinto: "Оюу Толгой"-д ажиллах монгол ажилтнуудын тоог нэмэгдүүлнэ

Мэдээ

“Rio Tinto” компанийн ТУЗ-ийн дарга Ян Дү Плесси, Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад анх удаа айлчилж байна. Уул уурхайн салбарт тэргүүлэгчдийн нэг “Rio Tinto” группийн ТУЗ-ийн гишүүд Монгол Улсад өргөн бүрэлдэхүүнтэй айлчилж байгаа нь Монгол Улс хөрөнгө оруулахад итгэлтэй улс орон гэдгийг гадаадын хөрөнгө оруулагчдад нотлох үйл явдал гэж “Rio Tinto”-ийн Гүйцэтгэх захирал Жан Себястьян Жак онцоллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ““Rio Tinto” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ян Дү Плесси, Гүйцэтгэх захирал Жан Себястьян Жак, Зэс, Очир эрдэнийн группийн Гүйцэтгэх захирал Арну Суара, Зэс, очир эрдэнийн группийн Бизнес хөгжлийн захирал Крег Киннелл, “Оюу Толгой” компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, Зэс, очир эрдэнийн группийн удирдах ажилтан Х.Амаржаргал, Монголыг хариуцсан захирал С.Мөнхсүх нарыг хүлээн авч уулзлаа.

“Оюу Толгой” төсөл нь Монгол Улсад хэрэгжиж байгаа томоохон төсөл болохыг Ерөнхий сайд онцлоод, Төслийн үр дүн хэдий чинээ сайн байна, ард иргэд, улс оронд ирэх үр ашиг төдий чинээ их байх чиглэлийг баримталж ажиллана гэж харж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн монгол ажилтнуудын тоог нэмэгдүүлэх, Монголд үйлдвэрлэсэн бараа,бүтээгдэхүүнийг хэрэглэх, туслан гүйцэтгэгч компаниудаар аль болох Монгол компаниудаас сонгон ажиллахыг санал болгожээ. Уг саналыг “Rio Tinto” группийн удирдлагууд дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлээд “Оюу Толгой”-ийн далд уурхайн бүтээн байгуулалтын явцын талаар мэдээлэл өгсөн байна. Төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалтад шинээр 2000 гаруй ажилтан авсан, нийт 5000 орчим ажилтан “Оюу Толгой”-ийн уурхайд ажиллаж байгаа бөгөөд ирэх таван жилд үргэлжлэх бүтээн байгуулалтад оролцох монгол ажилчдын ур чадварыг нэмэгдүүлэх, олон улсад өрсөлдөх чадвартай мэргэжилтнүүд бэлтгэхэд анхаарч ажиллаж байгаагаа тус компанийн удирдлагууд онцолжээ.



САНАЛ БОЛГОХ