Монгол Улс алт олборлолтоороо Азид VI-т бичигдлээ

Мэдээ

Монгол Улс алт олборлолтын хэмжээгээрээ Азийн орнууд дундаас зургадугаарт бичигдэж байна. "GFMS Gold Survey" судалгаагаар Монгол Улс 2015 онд 31.3 тонн алт олборлосон дүнтэйгээр Казахстан, Филиппиний араас бичигджээ. Харин Монголбанканд тушаасан алтны хэмжээ 2015 онд 15.1 тонн болж, сүүлийн 10 жилийн дээд түвшиндээ хүрсэн байна. Монголбанкны мэдээлснээр есдүгээр сард тушаасан алтны хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 34 хувиар өсөж, 13.7 тоннд хүрчээ. Тиймээс 2016 оны эцэст ч алт тушаалт өссөн дүнтэй гарна гэж Төв банк төсөөлж байгаа юм. БНХАУ тэргүүтэй Азийн зургаан орны олборлосон алтны хэмжээ бүс нутгийн нийт олборлолтын 91 хувийг бүрдүүлсэн дүнтэй байна.

Тухайлбал, БНХАУ 2015 онд 458.1 тонн алт олборлосон үзүүлэлттэйгээр нэгдүгээрт бичигдсэн болохыг "GFMS Gold Survey" судалгаанд дурджээ. Энэ нь жилийн өмнөхөөс 14 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Харин БНХАУ-ын араас хоёрдугаарт бичигдсэн Индонез улс 134.3 тонн алт олборлосон бол гуравдугаарт Узбекистан улс оржээ. Узбекистан улсын хувьд өнгөрсөн онд 83.2 тонн алт олборложээ. Харин алтны хэрэглээгээрээ тэргүүлдэг Энэтхэг улс дэлхийн нийт олборлолтын 0.5 хувийг бүрдүүлсэн байна.



САНАЛ БОЛГОХ