Америк мөрөөдөл биеллээ олсон нь
Кино
Ж.К.Роулингийн Америкт барьсан бэлэг
Их Британийн кино ертөнцийн нэр нүүрийн нэгээхэн хэсэг болсон “Love Actually” кинонд Ерөнхий сайд Дэвид (дүр) айлчлалаар ирсэн Ерөнхий сайдтай уулздаг. Тэр үеэр Дэвид “Бид жижиг улс байж болох ч бидэнд агуу зүйлс бий. Шекспир, Черчилл, Битлз, Шон Коннери, Харри Поттер, Дэвид Бэкхемийн баруун хөл, Дэвид Бэкхемийн зүүн хөл манайх” хэмээдэг. “Fantastic Beasts and Where to Find Them” киног үзээд энэ үг л толгойд эргэлдээд байлаа. Америк мөрөөдөл буюу “Бид ертөнцийн төв” гэсэн сэтгэлгээг та ч гэсэн олж харах биз.
2001 оны арваннэгдүгээр сарын 14-нөөс хойш хүүхэд залуучуудыг 10 жил байлдан дагуулсан “Harry Potter”-ын цувралд америкчууд дүрээ мөнхлөхийг хүссэн нэг илрэл нь энэ. “Дэлхийн хамгийн шилдэг шидтэний сургууль бол Хогвартс биш Америкийн Илверморни” гэж гол дүрүүд маргахыг харахад л энэ бүхэн илт. Киног үзээд төрсөн анхны сэтгэгдэл энэ байлаа.
Яагаад тус киног бүтээх болсон талаар товчхон танилцуулъя. “Harry Potter”-ын цувралд “Fantastic Beasts and Where to Find Them” нэртэй сурах бичиг хэд хэдэн удаа дурдагддаг. Гэхдээ Ньют Скамандер нэг ч удаа гардаггүй. 2001 онд Ж.К.Роулинг Их Британийн “Comic Relief” хэмээх буяны санд хандив босгохын тулд тус сурах бичгийг бие даасан байдлаар хэвлүүлжээ. Номын зохиолч Ньют Скамандер элдэв янзын шидэт амьтдын талаарх гарын авлагыг толь маягаар бичсэн байдаг. Тус гарын авлагыг бүрэн хэмжээний зохиол, цаашлаад кино болгох талаар Ж.К.Роулинг 2013 оны есдүгээр сард мэдэгдсэн. Улмаар “Harry Potter” цувралын “ахмад дайчид” болох продюсер Дэвид Хейман, Стив Кловс нар эргэн ирсэн ажээ.
“Дэлхийн хамгийн шилдэг шидтэний сургууль бол Хогвартс биш Америкийн Илверморни” гэж гол дүрүүд маргахыг харахад л энэ бүхэн илт.
Үйл явдал ховор амьтан судлаач Ньют Скамандер аянган шувуу гэгч шидэт амьтныг эх нутаг Аризонад нь буцаахаар Америкт ирснээр эхэлнэ. Амьтан судлаачийн цүнхэнд хэд хэдэн зүйлийн шидэт амьтан байх бөгөөд Нью-Йорк хотод зарим нь алдагддаг. Үүнтэй зэрэгцэн АНУШК буюу Америкийн Нэгдсэн Улсын Шидтэнүүдийн конгрессод мөрдөгч (“Harry Potter”-т оурор гэдэг) хийж байгаад тушаал доошилсон Тина Скамандерыг баривчилна. Бүртгэлгүй, зөвшөөрөлгүй шидэт амьтдыг хотод авчирсан түүнийг барьж өгвөл албан тушаалдаа эргэн очно хэмээн найдсан хэрэг. Гэтэл АНУШК түүнийг авч хэлэлцээгүй тул гэртээ аваачна. Энэ хооронд энгийн хүн Жейкоб Ковалски, Тинагийн охин дүү Квини нартай танилцаж, нөхөрлөдөг. Тэр дөрвийн нөхөрлөл, хайр дурлал бол киноны хамгийн нандин оршихуй гэж болохоор. Ялангуяа энгийн хүн Ковалски болон Квинигийн хайр дурлал “Harry Potter”-ын цувралд ч үзэгдээгүй шинэ зүйл юм. Ньют Скамандерын дүрийг бүтээсэн Эдди Редмэйн бол гайхалтай жүжигчин. Олон ч дүрийг нүдэндээ итгэмээргүй чадварлаг бүтээсэн, тэр. Түүний биеийн хэлийг мэддэг хүмүүст харин энэ удаад тийм ч шинэлэг зүйл харуулж чадаагүй болов уу. Үл ялиг бөгтийж, духаараа харж, нүдээ олон удаа анивчиж, өгүүлбэрээ тасалж, бувтнах маягтай хэлдэг нь түүний ерөнхий төрх шүү дээ. Киноны төгсгөлд Жонни Депп “гранд энтранс” хийх аятай гурван минут үзэгдээд өнгөрсөн нь олон хүнийг гайхшруулж чадлаа. Тэрбээр бүх цаг үеийн хамгийн аюултай хар шидтэнүүдийн нэг Геллерт Гриндельвальдын дүрийг бүтээжээ. Үйл явдал цааш хэрхэн өрнөхийг 2018 онд гарах дараагийн цувралаас харах л үлдэв.
Нэг зүйлийг анхааруулахад, “Harry Potter”-ын өмнөх үйл явдал шүү дээ гээд дотно зүйл хүлээх хэрэггүй. Дамблдор профессорын нэр ганц, хоёр удаа дурдагдахыг эс тооцвол бидэнд танил “нүүрний арьс” тэнд байхгүй. Киноны зарим хэсэг танд “Jurassic World”-ыг санагдуулж мэднэ. Хамгийн архаг “Харри поттерчин” ч гайхахаар олон төрлийн амьтан гарна. Гэлээ гээд яахав дээ, нэр нь “Fantastic Beasts and Where to Find Them” шүү дээ. Шинэ зүйл хүлээж байгаа фэнүүддээ зориулаад Ж.К.Роулинг “цэвэр агаар” бэлэглэмээр санагдсан л байх. Гэхдээ Харритай хамт том болсон фэнүүдийн хүлээлтэд хүрэх, эсэхийг хэлж мэдэхгүй юм. “Гурван ангитай шүү дээ, юу ч бол оо билээ” гэсээр театраас гарснаа нуух юун.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй