Оскарыг дагалдах эд мөнгө, алдар гавьяа
Кино
Жүжигчдийн цалин 10 сая ам.доллараар нэмэгддэг
Энэ жил Оскарт "La La Land" кино нийт 14 номинацид нэр дэвшиж, Титаник киноны тогтоосон дээд амжилтыг эвдээд буй. Гол дүрийн жүжигчид болох Раян Гослинг, Эмма Стоун нар хоёул энэ сарын эхээр болсон "Алтан бөмбөрцөг" наадмаас Шилдэг жүжигчний шагнал авсан билээ. Тэд Америкийн кино академиэс ч шагнал гардах магадлал өндөр байгааг амтай болгон л хэлж байна.
Харин кино шүүмжлэгчдийн хараанд өртөөд байгаа нэгэн жүжигчин бол Бен Аффлекийн дүү Кэйси Аффлек юм. Түүний гол дүрд нь тоглосон "Manchester by the Sea" кино нийт таван төрөлд нэр дэвшсэн. Гэхдээ Кэйси Аффлек 2010 онд “I’m Still Here” киног найруулж байхдаа продюсер болон зураглаач бүсгүйд бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэргээр шүүхэд дуудагдсан юм. Энэ хэрэг нь түүнийг шагнал авахад нөлөөлдөггүй юм гэхнээ нэр хүндэд нь тодорхой хэмжээгээр сэв болох нь тодорхой байна.
Энэ жилийн бас нэгэн онцлох зүйл бол зөгнөлт “Arrival” кино. Учир нь энэ төрлийн бүтээл Оскарын найман номинацид нэр дэвшсэн тохиолдол их биш. Дэлхий дээр буусан харийхан болон тэдэнд хэлмэрч хийхээр оролдож буй бүсгүйн тухай голлон өгүүлэх энэ кинонд Эйми Адамс тогложээ. Тэрбээр саяхан Том Фордын найруулсан “Noc1 turnal Animals” кинонд өөрийн допелгангер Аяла Фишерийн хамтаар тоглосон билээ. Тэднийг нэг кинонд тоглуулахыг олон шүтэн бишрэгч нь хүссэн нь гарцаагүй.
Бид олон улсын хамгийн нэр хүндтэй кино наадмаас шагнал хүртсэн жүжигчдэд алдар гавьяатай хамт дагалддаг зүйлсийг сонирхлоо. Тэрхүү бяцхан алтан хөшөөг студидээ залж, ажлын танилцуулга дээрээ нэмж бичсэн уран бүтээлчдийн үнэлгээ хэдий хэрээр нэмэгддэг бол. Энэ асуултад хариулт эрсээр хүссэн зүйлээ олсон гэж болно.
Колгейтийн их сургуулиас хийсэн эрдэм шинжилгээний бичгээс үзвэл Оскарын шагнал авсан эрэгтэй жүжигчдийн цалин дунджаар 81 хувиар өсдөг ажээ. Энэ нь нэг кинонд тоглосны төлөө авах цалин 3.9 сая ам.доллараар нэмэгдэнэ гэсэн үг. Харамсалтай нь эмэгтэйчүүдийн цалин хавьгүй бага бөгөөд нэг кинонд авах цалин 500 мянган ам.доллараар л нэмэгддэг байна. “Money Nation”-оос гаргасан бас нэгэн судалгааг сөхвөл, Оскартай жүжигчдийн цалин 10-120 сая ам.доллар хүртэл нэмэгддэг гэсэн баримтыг ч харж болно.
Оскарын шагналт жүжигчин залуу байх тусам насан туршид олох ашиг нь нэмэгддэг. Тухайлбал, Оскарын шагнал хүртсэн хоёр дахь хамгийн залуу жүжигчин охин бол Анна Пакүин. Тэрбээр “The Piano” киноны туслах дүрээр 1993 онд уг нэр алдрыг хүрсэн юм. Анна Пакүиний үнэлгээ 12 сая ам.долларт хүрч, “True Blood” киноны анги тус бүрээс 75 мянган ам.доллар авсан байна.
Нэр дэвшсэн кинонуудын ашиг огцом өсдөг
88 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслолоос Шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртсэн Леонардо ДиКаприо бол Холливудын хамгийн өндөр үнэлгээтэй жүжигчдийн нэг. Тэрбээр “The Wolf of Wall Street” кинонд 25 сая, “The Revenant” кинонд 20 гаруй сая ам.долллараар тоглосон билээ. Харин одоо түүний цалин 12-16 сая ам.доллараар нэмэгдсэн нь лавтай.
Ганц жүжигчид гэлтгүй Оскар “зулгаасан” кино студиуд ч чамгүй ашигтай болдог. “WalletHub”- ын тооцоолсноор тухайн жилд Шилдэг кино номинаци авсан студийн үнэ цэнэ долоо орчим сая ам.доллараар нэмэгддэг аж.
Кино Академи хэнийг ч гомдоодоггүй. Кинонууд зөвхөн нэр дэвшихэд л тасалбарынх нь борлуулалт олон улсад “суга” өсдөг. Өнгөрсөн жилийн наадмын Шилдэг киноны төрөлд нэр дэвшсэн бүтээлүүд эздэдээ сар хагасын хугацаанд 175 сая ам.долларын ашиг авчирсан гэдэг. Нэр дэвшигчдийн зарласнаас шагнал гардуулах үдэш хүртэл гэсэн үг. Бас нэг жишээ дурдвал, 2013 онд Шилдэг кино номинацид есөн кино нэр дэвшсэн даруйдаа ашиг нь 26 хувиар нэмэгджээ. Тодруулбал, кино тус бүр 168 сая ам.доллар нэмж олсон байна.
Оскарын алтан баримал өөрөө ч чамгүй үнэтэй. 400 ам.долларын үнэтэй энэхүү баримлыг зарим жүжигчин 500 мянга, 1.5 сая ам.доллараар эргүүлж зарсан түүх бий. Харин өдгөө шагналаа зарахыг хориглосон аж.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй