Алтан бөмбөрцөг 2016

Кино

Гол өрсөлдөөн Manchester by the Sea болон Moonlight- ийн дунд өрнөнө

Кино урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг Алтан бөмбөрцөг наадам ирэх сарын 8-нд 74 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна.

Энэ жилийн наадмыг “Late night show”-ний нэрт хөтлөгч, жүжигчин, хошин шогч Жимми Фэллон хөтлөхөөр болжээ. Энэ талаараа тэрбээр “Би эцэг, эхийнхээ хамтаар Алтан бөмбөрцгийг жил бүр маш их сэтгэл догдлон үздэг байлаа. Телевиз, кино, дуу хөгжмийн бүхий л алдартан тэнд хуран цугладаг. Уур амьсгал нь маш сайхан байдаг шүү дээ. Тиймээс би тэр уур амьсгалыг сайхан байлгахын төлөө хичээх болно” хэмээн ярилаа.

Алтан бөмбөрцгийн 74 дэх наадмын Шилдэг киноны драмын төрөлд нэр дэвшсэн таван киноны хоёр нь бодит түүхээс сэдэвлэсэн. Үлдсэн гурав нь ч амьдралд тун ойр, индепэндэнт маягийн Hell of High Water, Manchester by the Sea, Moonlight зэрэг бүтээл багтжээ.

Зөвхөн драм гэлтгүй мюзикл, инээдмийн киноны төрөлд өрсөлдөж буй шилдэг кинонуудад ч бодит амьдралаас сэдэвлэсэн бүтээл хэд хэд бий. Тухайлбал, 1920-1940 оны үед нэр алдарт хүрсэн Нью-Й оркийн дуучин Флоренс Фостер Женкинсийн намтар, XX зууны үеийн эмэгтэйчүүдийн амьдрал, тэмцэл, ялалтыг өгүүлэх 20th Century Women зэрэг киног нэрлэж болно.

Драмын төрлийн шилдэг киноны төлөөх гол өрсөлдөөн Manchester by the Sea болон Moonlight-ын дунд өрнөнө гэсэн таамаглал дэвшүүлж болохоор. Өнгөрсөн хоёрдугаар сард нээлтээ хийсэн Deadpool кино Marvel-ийн бүх комик бүтээлээс ашиг орлогоороо тэргүүлсэн. Үнэхээр шинэлэг, тэсрэлттэй бүтээл байж чадсан шүү дээ. Тиймдээ ч 74 дэх Алтан бөмбөрцөг наадмын мюзикл, инээдмийн төрөлд шилдгээр тодрох магадлал өндөр байгаа юм. Кино сонирхогчдын зүгээс энэ төрөлд Ghostbusters, Sausage Party-г нэр дэвшинэ гэсэн бат итгэлтэй байсан болов уу. Гэхдээ санаа зоволтгүй, Sausage Party Шилдэг хүүхэлдэйн киноны төрөлд өрсөлдөж байгаа.

Драмын төрөлд Шилдэг эрэгтэй жүжигчнээр хэн тодрох бол гэж мөрийгөө хэлэлцэн сууна уу? Дензел Вашингтон, Вигго Мортенсэн тэргүүтэй алдартай жүжигчид нэр дэвшсэн. Гэвч олон хүний бооцоо Бен Аффлекийн дүү Кейси Аффлек дээр байгааг дурдах хэрэгтэй болов уу. Manchester by the Sea киноны жүжиглэлт кино шүүмжлэгчдийн зүгээс өндөр үнэлгээ авч “Кейси Аффлек аваргуудын эгнээнд албан ёсоор багтлаа”, “Кейси анхныхаа Шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг авч мэдэхээр байна”, “Хосгүй” зэрэг магтаал хүртээд буй. Товч хүүрнэхэд, Manchester by the Sea кинонд нас нөгчсөн ахынхаа ачийг асран хамгаалагч болох үүрэг хүлээж буй залуугийн тухай хүүрнэдэг.

Райан Гослинг Оскарын Шилдэг эрэгтэй жүжигчний төрөлд Аффлек, Дензел нартай өрсөлдөх учир ялах магадлал ховор болов уу. Харин Алтан бөмбөрцгийн мюзикл, инээдмийн төрөлд ялалт байгуулж тун магадгүй байна. Мөн төрөлд нэр дэвшиж буй эмэгтэй жүжигчдийн дунд харин гал ассан тэмцэл өрнөж мэдэхээр. Мэдээж гол тэмцэл кино сонирхогчид болон Мэрил Стрип, Эмма Стоуны шүтэн бишрэгчдийн дунд болно. Одоо ойлгомжтой байгаа биз. XX зууны эхэн үеийн тун ч авьяасгүй хэрнээ зуун дамжин нэрээ дуурсгаж чадсан Флоренс Фостер Женкинсийн дүрийг Мэрил Стрип өнгөрсөн зун бүтээсэн. Үүний дараа кино шүүмжлэгчид болон үзэгчдийн зүгээс маш өндөр сэтгэгдэл авсан юм.

Харин La La Land-ийн гол дүр, сэтгэл татам Эмма Стоунийг бодохоор сэтгэл хоёрдохгүй байхын аргагүй. Холливудийн томоохон одод ч “Эмма Стоуны жүжиглэлтийг хараад л дуралсан”, “Дахин давтагдашгүй” хэмээсэн билээ. Гэвч интернэт дэх таамаглал үргэлж онодоггүйг өнгөрсөн жилийн наадам харуулсан шүү дээ. Ямартай ч миний бооцоо Эмма Стоун дээр байгаа.

Шилдэг туслах дүрийн шагнал драм, инээдмийн болон мюзикл гэсэн төрөлд хуваагддаггүй гэдгээрээ Оскарын шагнал гардуулах ёслолтой төстэй. Тэр хэрээр өрсөлдөөн ширүүхэн болно гэсэн үг. Махершалалхашбаз Али хүмүүсийн хайрыг хамгийн их татсан дүрд тоглож, Брижес анхаарлын төвд буй киноныхоо дүрээр магтаал хүртсэн. Харин Пател Lion-д бүтээсэн дүрээр олны талархлыг хүлээлээ.

Алтан бөмбөрцгийн Шилдэг кино ч мөн ямар нэг төрөлд хуваагдахгүй. Тиймээс олон хүн La La Land, Moonlight, Manchester by the Sea гуравт хамгийн их найдлага хүлээлгэж байна. Кино мэдээллийн сайтууд болон олон нийтийн сүлжээнд буй сэтгэгдлүүдийг харваас бүгд л шагнал авах ёстой гэжээ. Гэвч алтын дайтай мөнгө, мөнгийн дайтай хүрэл гэж байхгүй учраас нэг нь л алтан бөмбөрцгийн эзэн болно. Тун ч харамсалтай.

Үдэшлэгийн хамгийн гол үйл явдлын нэг болох Шилдэг найруулагчаар хэн тодрох бол. Хүн залхтал хэлж байгаа ч Manchester by the Sea киногоор Кеннет Лонерган авах магадлал тун өндөр байгаа. Гэхдээ л бусад өрсөлдөгч нар тун хүчтэйг мартаж болохгүй шүү дээ.

Хэн нь бооцоогоо авч, хэн нь алтан бөмбөрцгөө өвөртөлж, хэн нь нулимсаа залгиад харихыг ирэх сарын 8-нд хүлээн авч үзэх л үлдлээ.


САНАЛ БОЛГОХ