2016 онд АНУ-ын улс төрд гарсан онцлох үйл явдал
2016 он бол АНУ-ын улс төрд онцлох үйл явдал ихтэй жил болж өндөрлөж байна. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа эмэгтэй нэр дэвшигч өрсөлдөж, Дональд Трамп гэнэтийн байдлаар ялалт байгуулан, АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Хиллари Клинтон ялах магадлал өндөр байсан бөгөөд сонгуулийн өмнөх гурван удаагийн мэтгэлцээнд тэрбээр давамгай байдлаар ялалт байгуулж байв. Мөн бараг бүх санал асуулгаар Хиллари Клинтон Дональд Трампаас илүү саналтай явж байсан юм. Үүнээс гадна үндсэн санал хураалт эхлэхэд нэг хоног хүрэхгүй хугацаа үлдээд байхад 40 сая хүн оролцсон сонгуулийн эхний шатны санал хураалтын дүн гарч, Хиллари Клинтон ялалт байгуулаад байсан юм. Энэ бүгдээс дүгнээд олон улсад Хиллари Клинтоныг АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч болох нь бараг тодорхой гэж үзэх хүмүүс олон байсан ч эцсийн мөчид аль нэр дэвшигчийг сонгох нь тодорхойгүй мужууд буюу “Swing states” Дональд Трампыг дэмжсэн нь сонгуулийн үр дүнг орвонгоор нь эргүүлсэн гэж хэлж болно. Ийнхүү Дональд Трамп нийт 306 төлөөлөгчийн санал авснаар АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Сонгуулийн кампанит ажлын үед хоёр нэр дэвшигчийг тойрсон дуулиан шуугиан нэлээд анхаарал татаж байлаа. Тухайлбал, Хиллари Клинтоны албаны зорилгоор хувийн и-мэйлээ ашигласан хэрэг түүний нэр хүндэд сөргөөр нөлөөлж, Хиллари Клинтон, Дональд Трамп нартай холбоотой олон асуудал кампанит ажлын үеэр үүссэн юм. Холбооны Мөрдөх Товчооноос Хиллари Клинтоны и-мэйлийн хэрэгтэй холбоотой мөрдөн шалгалт явуулж байсан нь Дональд Трампын кампанит ажилд эергээр нөлөөлж, түүнийг дэмжигчдийн тоо нэмэгджээ. Энэ ч утгаараа Хиллари Клинтон Холбооны Мөрдөх Товчооны дарга Жэймс Комейгоос болж ялагдсан гэж мэдэгдсэн юм.
Үүнээс гадна Хиллари Клинтон АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн бодлогыг хадгална гэсэн санааг илэрхийлж байсан нь ард түмэнд таалагдаагүй гэж шинжээчид дүгнэж байна. Учир нь америкчууд цоо шинэ бодлого хүссэн учраас Дональд Трампыг дэмжсэн гэж үзэж байгаа юм.
Харин Дональд Трампын хувьд түүний туслахаар ажиллаж байсан хоёр хүн ОХУ-ын Засгийн газрын тагнуулын хөтөлбөрийг дэмжигч компанитай холбоотой гэсэн шуугиан дэгджээ.
Түүнчлэн татвараа нуун дарагдуулж, хуулийн цоорхойг ашиглан татвараас зайлсхийж байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн нь нэг хэсэгтээ анхаарлын төвд байв. Иймээс сонгогчдын саналыг өөртөө авахын тулд Хиллари Клинтон Дональд Трампаас татварын мэдээллээ олон нийтэд дэлгэхийг шаардаж байлаа. Мөн Дональд Трампын эсрэг сурталчилгаанд түүний эхнэрийн зүй бус зургийг ашигласан, Дональд Трамп эмэгтэйчүүдтэй зүй бус харьцаж байгаа талаараа ярьсан бичлэг дэлгэгдсэн зэрэг олон дуулиан дэгдэж байсан юм.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй