Азидаа ч гэсэн мэдлэгийн экспортлогч болсон

ЗГМ: Зочин

Чадвар чансаагаараа үеийнхнээ түүчээлж, олон улсын салбарт манлайлан ажиллаж буй монгол залуу олон болсон. Тэдний нэг нь Гантулгын Энхболор. Дэлхийн банкны Вашингтон дахь төв салбарт зөвлөхөөр ажилладаг түүнийг “Засгийн газрын мэдээ” сонин редакцидаа урьж, ярилцсан юм. “Би мундагтаа биш, сурсан мэдсэн бүхнээ бусадтай хуваалцахыг хичээж байгаа болохоор энэ ажлыг амжуулах эрч хүч болдог болов уу” хэмээн даруухан хариулах тэрбээр монгол хүн мэдлэгээ экспортолж эхэлснийг онцолж байв.

-Монголын залуу боловсон хүчин Дэлхийн банкны төв салбарт ажиллана гэдэг бахархал юм. Энэ байгууллагад ажиллах болсон нь уншигчдад сонирхолтой байгаа байх. Хэрхэн Дэлхийн банкны зөвлөх болсон түүхээсээ хуваалцахгүй юу?

-Түүх гэвэл их инээдтэй. Тухайн үед Монгол дахь Дэлхийн банкны салбарт ажиллаж байгаад Вашингтон дахь төвд нь очсон Мааяа гээд найзтайгаа уулзахаар нэг удаа ажил дээр нь очоод маш гоё санагдаж билээ. Америкт суралцсан оюутнуудад сургуулиа төгсөөд нэг жил тэндээ ажиллах эрх олгодог. Энэ эрхийнхээ хүрээнд хаана ажиллах талаараа эртнээс бодож, Дэлхийн банкийг дотроо сонирхож байлаа.

Америкт байгаа хүмүүс бүгд л сурахынхаа хажуугаар ажилладаг. Би органик дэлгүүрийн кассаар, хагас цагаар ажилладаг байлаа. Ингээд ажиллаж байхдаа хожим нь намайг Дэлхийн банкинд ажилд авсан хүнтэй танилцсан. Түүнийг Дэлхийн банкинд ажилладгийг нь сонсоод Phd буюу докторын ажлаа хамгаалах шалгалтан дээр нь очсон юм. Тэр үеэр ярилцаж, өмнө нь Монголбанкинд ажиллаж байсан тухайгаа ярьсан. Хэсэг хугацааны дараа надтай холбогдоод Африкийн Жибути гэдэг улсад онлайн аутсорсингоор ажиллах санал тавьсан. Уг төсөл дээр 10 гаруй хоног л ажилласан байх. Ингээд л зөвлөхөөр ажиллаж эхэлсэн дээ. Зөвлөх гэдэг нь манай УИХ-ын гишүүдийн зөвлөх шиг тийм албан тушаал биш шүү дээ (инээв). Консалтинг гэдгээр явдаг. Анх орж байсан нь азтай ч гэх юм уу. Нөгөө талаас байнга шинэ зүйл хайж, эрэлхийлж, хүмүүстэй уулзаж, харилцаа холбоо сайтай явсных болов уу гэж боддог. Одоо ажлаа эндээсээ хийж байгаа, тэндхийн оффистоо харьяалагддаг. Хаа ч явсан ажлаа хийх боломжийг интернэт олгодог болохоор.

-Өөр хэчнээн монгол хүн Дэлхийн банкинд ажилладаг вэ?

-Вашингтон дахь оффист ажилладаг монголчууд бараг 20 давчихсан байх. Тухайн үед үндсэн ажилтнаар 10-аад залуу ажилладаг байсан. Зөвлөх бол олон болсон. ОУВС-д л гэхэд манай монгол хоёр бүсгүй байсан.

-Энд МУИС-ийн Эдийн засгийн сургууль төгссөн гэл үү?

-Тийм ээ. МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Банкны ангийг төгсчихөөд Монголбанкинд орж ажилласан. Ажиллаж байгаад хүүхэдтэй болоод, амралтынхаа хугацааг ашиглаад сурчихаад ирье гээд Америк явсан. Тэнд санхүүгийн чиглэлээр мастер хамгаалсан.

-Гэхдээ одоо мэдээлэл технологийн салбарт түлхүү ажиллаж байгаа шүү дээ. Санхүүгийн чиглэлээр төгссөн хэрнээ IT-ийн салбарт ажиллахад хүндрэлтэй байсан уу?

-ICT салбар руу ороход бүх зүйлийг ойлгох гэж судалгаа маш их хийсэн. Гэхдээ энэ салбар өөрөө маш сонирхолтой. Санхүүч хэрнээ эхлээд харилцаа холбооны технологи руу орсон бол одоо бүр энтрепрёнершип буюу гарааны бизнес, түүнээсээ инноваци гээд улам нарийсаад салбарлаад явчихсан.

Мэдээлэл харилцаа, холбооны салбарын хувьд манай улс Азид тавдугаарт эрэмбэлэгдсэн. Холболт, хэрэглэгчдийн тоо, хүртээмж зэрэг үзүүлэлтээрээ. Хамгийн гол нь өрхийн дундаж орлоготой харьцуулахад хямд, дата хэрэглээ хаанаас ч ашиглах боломжтой болчихсон. Энэ дэд бүтэц дээр тулгуурлаад манайх чинь IT-д суурилсан олон бараа бүтээгдэхүүн, гарааны бизнес төрж байна. Ер нь ирээдүйтэй гэж харж байгаа.

Манай залуус хаана ч гологдохгүй. Apple, IBM, тэр ч бүүхэл АНУ-ын Засгийн газар төслүүд дээрээ манай залуусыг түгээмэл авч ажиллуулдаг. Америктаа ч цөөхөн байдаг, IT-ийн хэлээр бичдэг мундаг залууг мэднэ. Гол нь өөрсдөө л хичээвэл чадварын хувьд манайхан хаана ч гологддоггүй.

-Олон улсын байгууллагад ажиллахад хувь хүний мэргэжил, мэдлэгээс гадна өөр юу шаарддаг вэ?

-Хүмүүстэй байнга уулзах. Вашингтонд ажиллаж байхад заримдаа ажлын цагтаа багтаж оффистоо очихгүй ч тохиолдол байдаг. Өглөөнөөс авахуулаад л кофе уулзалтууд үргэлжилсээр 18.00 цагт үндсэн ажилдаа орох жишээтэй. Сургалт семинар их явагддаг болохоор тэнд нь ч очоод суучихмаар, нэг зүйл ч гэсэн сонсож, мэдээлэл авъя гэсэн арга хэмжээ ихтэй.

Миний анзаарснаар яг нэг зүйлийг хийх гэж байгаа бол бүх талаас нь өөрийнхөө чадварыг сайжруулах хэрэгтэй. Яаж тэрийгээ хүмүүст хүргэж, таниулж мэдүүлэх вэ гэдэг нь чухал. Нэг хүн татгалзахад дараагийн хүнтэй очиж уулздаг байх хэрэгтэй. Би өөрөө цалингаа босгодог. Нэг ёсондоо ямар нэгэн төсөл дээр 10, 30, 60 хоногт би тийм зүйлийг хийж чадна гээд, тэр ажлаа хийж байж цалингаа авдаг системтэй. Тиймээс уулзалтуудыг олж авдаг. Төсөл дээр хариуцсан ахлах гэж байдаг. Тэр хүнтэй уулзаж, ямар төсөл дээр ажиллаж байгааг нь асууж, өөрийн хийж чадах ажлыг хугацаатай нь санал болгодог. Энэ мэтээр ялангуяа банкны салбарын хувьд маш олон хүнтэй уулзаж, тэр мэдээллүүдийг өөртөө шингээж авч, тууштай явах л хэрэгтэй санагдсан.

-Мэдээлэл шингээж авах гэж ярилаа. Тэр олон уулзалтаар сонссон мэдээллүүдийг хэрхэн өөрийн болгож авдаг вэ?

-Маш сайн сонсох. Ойлгох гэж сонсох юм бол дараа нь өөр хүнтэй уулзаад тэр мэдээлэл хэрэгтэй болоход толгойд ороод ирдэг. Яалт ч үгүй уулзалтаас хийх ёстой зүйлсийг бол утасныхаа тэмдэглэл дээр бичдэг.

-Дэлхийн банкинд анх амжилттай хэрэгжүүлсэн төсөл тань ямар ажил байсан бэ?

-”Ухаалаг засаг” төсөл. Энэ бол яг миний хүүхэд л гэсэн үг. Анхнаас нь бүх зүйлийг нь гардан хийсэн. 2011 онд эхэлсэн гэхээр гурван ч засгийн нүүр үзлээ. 2012 онд дизайныг нь гаргасан ч гэсэн үндэс суурийг нь сайн тавьж чадсан. Гэхдээ одоо хүртэл шийдэгдээгүй асуудлууд байгаа.

Түүнээс гадна “Greennation challange” төсөл. Бас л миний “төрүүлсэн хүүхэд” гэж болно. Анх Монголд ирээд хэрэгжүүлсэн. Бидний мэйл дунд call for proposals гээд санхүүжүүлэх боломжтой саналууд байдаг. Тэр дунд Солонгосын Ногоон хөгжлийн сангаас санхүүжилт авах боломж байсан. Бид ногоон хөгжлийн асуудлыг энтрепренершиптэй холбоод шийдэж яагаад болохгүй гэж гэсэн бодол төрсөн. ICT- ийн талаар одоогийнх шиг ойлголт байгаагүй болохоор “Ухаалаг засаг” төслийн ажилтнуудаараа дамжуулан “Стартап Монгол”-ийн үүсгэн байгуулагч, Techstars-ын Ази, Номхон далай хариуцсан захирал Д.Бат-Октябрьтай холбогдсон. Юу хийх талаараа ярилцаад, төсөл хэрэгжиж эхэлсэн. Бид залуучуудын дотоод туршлага, хийж байсан ажлуудаас баяжуулаад хэд хэдэн аргачлалыг Монголд анх удаа шинээр нэвтрүүлсэн. Үүний нэг нь Design Thinking. Тэгээд нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэхэд амжилтын түүх гарч ирсэн. Бидний заасан аргачлалын дагуу “Best energy savings” гээд ухаалаг халаагуурыг залуус хийж чадсан. Улмаар хоёр дахь жилийнхээ санхүүжилтийг авахаар болсон.

Үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, манайд дутагдаж байгаа “Мakers community” гээд гар урлал хийдэг хүмүүсийг нэг газар аваачаад, дэд бүтэцтэй байгаа хүмүүстэй нь холбосон. Ideathon start up weekend гээд 54 цагийн дотор залуус санаа оноон дээрээ өрсөлдсөнийх нь дараа зургаан долоо хоног бойжуулалт хийж, санаагаа яаж танилцуулах талаар зааж тэд хөрөнгө оруулагчдын өмнө өөрсдийгөө танилцуулж, дэмжигдэх нь дэмжигдсэн.

Түрүү жил бидний хийсэн нэг зүйл бол “Start up train”. Энэ бол олон улсад огт хийгдэж байгаагүй хөтөлбөр. Энтрепренерууд, стартапынхныг галт тэргэнд суулгаад Улаанбаатараас Бээжин орсон. Тэнд очоод хөрөнгө оруулагчдад төслүүдээ танилцуулаад, эргээд галт тэргээрээ бүгд хамт Москва руу явсан.

ОХУ-ын томоохон хөрөнгө оруулагчид Засгийн газар нь хамтраад Москва хотод Сколкова гэдэг Цахиурын хөндий шиг инновацийн том төв байгуулчихсан. Энэ жилийн онцлог бол тэр хөрөнгө оруулагчдад танилцуулах ажлыг тавдугаар сард зохион байгуулахаар зэхэж байна.

Мэдлэг экспортолдог компани байх болно

-Төслүүдийн үр дүнг та хэрхэн тооцож байна вэ. Таны төсөөлж байсан үр дүн гарч чадсан уу?

-Үр дүнгийн хувьд бол бидний урдаа барьдаг төсөл нь “Best energy savings”. Тухайн үед хамаг юм аа хаяад Голланд руу буцах гэж байсан залуусыг тогтоон барьж, тэмцээндээ оролцуулсны үндсэн дээр төсөл нь хэрэгжээд, борлуулалтаа хийгээд, одоо нийслэлтэй агаарын бохирдлыг бууруулах ажилд хамтрахаар нэлээд том гэрээ хийгээд явж байгаа.

Тухайн үед залуучууд яасан гэхээр дөрвөн тэрбум төгрөг босгож байж л төслөө хийнэ гэсэн сэтгэлгээтэй байсан. Харин бид бага санхүүжилтээр борлуулалтаа сайн хийх зэрэг зөвөлгөөг менторуудаараа дамжуулан өгсөн. Одоо бол өөрсдөө үйлдвэрээ барих хэмжээнд хүрч байгаа. Энэ мэтээр бодит стартапууд төрөн гарсан. “Стартап Монгол”-ын байгуулсан хүрээллийг нэлээд өргөжүүлж өгсөн. Бидний гаргасан стратеги аргачлал өөрөө ажилладаг аргачлал болоод ирсэн гэсэн үг. Иргэд өөрсдөө асуудлаа шийдвэрлэхийн тулд бизнест оролцож, тэр нь нийгмийн сайн сайхныг шийдэж болдог юм байна гэдэг аргачлалыг яалт ч үгүй нэтрүүлчихсэн байгаа юм.

Одоо энэ аргачлалыг маань Шриланкад яг тэр чигээр нь ашиглаж байна. Малайзын Засгийн газар бас манай энэ аргачлалыг программуудтай, бүх юмтай нь аваад, хэрэгжүүлэхээр болж байгаа. Дангаараа Design Thinking л гэхэд маш олон хүнд хүрээд, сэтгэхүйн өөрчлөлтийг бий болгох боломжтой. Бүтээлчээр асуудлыг шийдвэрлэх, хайрцагнаас гадуур бодох, яах аргагүй иннавацийг бүтээх зохион байгуулалттай аргачлал байгаа байхгүй юу. Бат-Октябрь бид хоёр тэр чиглэлээрээ гүнзгийрэн судлаад, 20-иод багш бэлтгэсэн. Тэгсэн өнгөрсөн сард Монгол дахь АНУ-ын ЭСЯ-наас ТехКамп арга хэмжээ зохион байгуулахад Индонезиэс ирсэн сургагч багш бүсгүй Октябрийн сургасан малайз эмэгтэйн шавь байж таарсан. Тэгэхээр бид Азидаа ч гэсэн мэдлэгийн экспортлогч болсон нь эндээс харагдаж байгаа юм.

-Монгол залуус гадаадад олноороо боловсрол эзэмшиж байна. Гэвч ирж байгаа нь цөөхөн. Зарим нь ирээд удалгүй буцдаг. Энийг яг юутай холбоотой гэж хардаг вэ. Танд Монголдоо эргэж ирэхэд ямар мэдрэмж төрсөн бэ?

-Би төслийнхөө хүрээнд байнга ирж, очиж байсан болохоор соёлын шоконд ороогүй. Залуус ирэхгүй байгаа болон буцаж байгаа шалтгаан нь яг үнэндээ Монголд юм хийхэд хэцүү. Миний хувьд нэг азтай зүйл нь манай ахлах надад хүссэнээрээ ажиллах боломж олгочихсон. Хүмүүстэй ярьж байгаа төслөө хэрэгжүүлнэ. Хөрөнгө оруулалтыг өөрөө босгоод ирчихсэн. Тэрүүгээрээ цалингаа босгоод явчихаж байгаа болохоор бусдаас хараат биш. Гэтэл залуус гаднаас ирээд хувийн хэвшилд ажлын байр хангалттай байхгүй учраас төрийн албанд орох сонголт үлддэг. Төрийн алба цалин бага, хүнд сурталтай. Яг өөрийнхөө хийе гэсэн зүйлээ барьж аваад төсвөө батлуулаад хийнэ гэж ер нь л байхгүй.

-Бухимддаг зүйл хэр их байна?
-Агаарын бохирдлоос авахуулаад бий. Гэхдээ монголчууд төрийн идэвхтэй ч юм шиг хэрнээ бухимдахаас цаашгүй, яг юм хийдэггүй юм шиг санагддаг. Дээгүүр байгаа зарим албан тушаалныг хараад идэж ууж ханадаггүй юм байхдаа гэж бодогддог. Тэртэй тэргүй нэг орчинд амьдарч, нэг л агаараар амьсгалж байж тэр орчноо хамтдаа гоё хөгжүүлчихээд Швейцарь шиг гоё улсад амьдармаар л байна шүү дээ. Нэг нь баяжчихаад л өвөл Швейцарьт очиж амьдардаг гээд ярихаар хэтэрхий хувиа хичээсэн санагддаг.

-Таны мэргэжил сонголтод юу нөлөөлсөн бэ. Энэ л миний зөв сонголт байсан шүү гэж бодогддог уу?
-Нэг чухал зүйл бол суралцах чадвартай байх. Манай ахлах надад хэлж байсан юм. Суралцах чадвартай, буцаад тэр сурсан зүйлээ огт сураагүй юм шиг мартах чадвартай, эргээд цоо шинэ мэдлэг авч байгаа юм шиг дахин сурах чадвартай байх хэрэгтэй гэж. Learn, unlearn, relearn гэдэг зарчим. Тэр чадвар бодвол надад байсан шиг байгаа юм. Мэдээж маш олон тохиолдолд алдана. 17, 18-тай хүүхдүүд ирээдүйд юу болохоо анхнаасаа мэдэж байна гэж мэдээж байхгүй. Гэхдээ гялс суралцаад л, мэдэж аваад л байвал өөрийгөө олоход тусалдаг.

-Одоо яг ямар төслүүд дээр ажиллаж байгаа вэ?
-Дэлхийн банкны “Ухаалаг засаг” төсөл дээр ажиллаж байгаа. Сүүлд Монголын бизнесийн зөвлөлд Боловсрол, инновацийнх нь Ажлын хэсгийн ахлагчаар ажиллах болсон. “Стартап Монгол”- ын менторуудынх нь нэгээр ажиллаж байна. Сургалт зохион байгуулахад нь тусалж, төслүүд дээр нь зөвөлгөө өгдөг. Одоо нэг хийх гэж байгаа зүйл бол өөрийнхөө гарааны бинесийг эхлүүлэх. Багаа бүрдүүлчихвэл өөрийнхөө жижигхэн бизнесийг эхлүүлнэ дээ.

-Нууц биш бол ямар чиглэлийн бизнес вэ?
-Яг өөрийнхөө л асуудлыг шийдэх гэж байгаа. Хүүхэд харах гэдэг маш хүнд асуудал байдаг. Хүүхэд хардаг хүмүүсийг эцэг, эхчүүдтэй нь холбогдог тийм зүйл бий болгох гээд явж байна. Өөрөө хэрэглэгч байж, гарааны бизнес амжилтад хүрдэг гэдэг.

-Өөр төлөвлөсөн зүйл бий юү. Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?
-Бидний хэдэн залуу нийлээд нэлээд том компани босгох гэж оролдож байна. Боловсрол, техникийн чиглэлээр. Дараагийн MCS-ийн түвшний, гэхдээ бараа бүтээгдэхүүн биш, оюун ухаанд суурилсан, мэдлэгээ экспортолдог тийм компани. Ер нь Азидаа ч тэр истаны орнууд руу ч тэр чиглэсэн зүйл хийх боломжууд байгаа. Бас өөрийнхөө бизнесийг гоё явуулах бодол байна. Хэрэв ойрын хугацаанд гарааны бизнесийн зураглалыг гаргачих юм бол итрепренерүүдэд хэрэгтэй зүйл хийчих бодолтой байгаа. Ойрын таван жилдээ ийм л байна даа.

-Тэгвэл таны мөрөөдөл юү вэ?
-Зорилго бол тодорхой байгаа. Монгол Улсыг хөгжүүлэх үнэхээрийн мундаг нэг үеийн залуус гараад ирвэл улс маань цэвэр болно. Яг л хөдөлмөрөөрөө мөнгө олж, хөдөлмөрлөснөөрөө дээшилдэг гэдэг сэтгэхүйтэй болгочихвол нийгэм гоё болох байх. Харин мөрөөдлийн хувьд, би шоколаданд их дуртай. 40 нас гараад дарс, шоколадны өөрийн гэсэн гоё газартай болно. Тэнд нь хурим болдог, хүмүүс ирж цагаа өнгөрөөдөг. Тийм л газартай л болохыг мөрөөддөг.

-Хэзээ нэгэн цагт улс төрд орох бодол төрж байсан уу. Бид хийхгүй бол хэн хийх вэ гэж бодож байв уу?
-Улс төрд орох бодол нэг хэсэг яалт ч үгүй байсан. Тэнд очиж байж л өөрчлөлтийг хийж, бодлогын түвшинд шинэ зүйл бүтээх боломжтой юм байна гэсэн бодол байсан. Гэхдээ сүүлийн үед улс төрд орохоор юм хийнэ гэдэг ойлголтоос салах цаг болсон гэж бодох болсон. Өөрөө нөлөө бүхий байгаад, улс төрийнхөн бидэнтэй хамтарч ажиллах хүсэлт тавьдаг түвшинд очдог ч юм уу, нэг тийм өнцгөөс хараад байгаа. Олон залуус гишүүн болж байж баяждаг гэдэг бодолтой байдаг. Тийм биш л баймаар байна, яг үнэндээ. Миний бодлоор улс төрийнхний хийх ёстой хамгийн гол ажил нь боловсрол, эрүүл мэндийн салбарт анхаарч ажиллах. Хүн анхнаасаа зөв боловсролтой хувь хүн, боловсон хүчин болоод эрүүл мэндийн асуудалдаа санаа зовох шаардлагагүй. Эмнэлэгт очиход хамгийн шилдэг үйлчилгээг авчихдаг, зардлыг нь байгууллага нь даадаг ч юм уу. Тийм байвал хүн ажиллах бүтээмж өндөртэй, ихийг хийж болно гэж боддог.

-Цаг гарган ярилцсан таньд баярлалаа.
САНАЛ БОЛГОХ