Н.Цацрал: Загвар, карьерээс илүү боловсролыг чухалчилсан

Залуус

Загвар өмсөгч гэхээр заавал өндөр, туранхай, хөөрхөн байх албагүй

Загварын ертөнцийн гал тогоонд нэр хүнд, атаархал, эрх мэдэл, мөнгө гээд алив бүхэн өрнөж байдаг гэлцдэг. Загвар өмсөгчдийг хоосон толгойтой, гангалахаас өөр юм мэдэхгүй хэмээн шүүмжилдэг. Нийгмийн дунд ч тэдний талаарх энэ мэт ойлголтууд ёс мэт тогтож, тэднийг эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүсийн утсан хүүхэлдэй болдог мэтээр ойлгодог. Гэвч уулын мод урттай богинотой байдгийн адилаар тэдний дунд өөрийн хүч чадлаар амжилт өөд тэмүүлж яваа “Монгол модел” агентлагийн загвар өмсөгч Н.Цацралыг бид энэ удаагийн “Залуус” буландаа урьж, ярилцлаа. Бид Монголын загварын ертөнц болон түүний үзэл бодлын талаар яриа өрнүүллээ.

-Загварын ертөнцөд хэзээ хөл тавьсан бэ. Багаасаа л загвар өмсөгч болох сонирхолтой байсан уу?

-Би их бөгтийж явдаг, дотогшоо алхаатай охин байсан. Ээж маань эмэгтэй хүүхэд гоо сайхандаа анхаарах ёстой гэж зөвлөснөөр анх “Эра” төвийн загварын дамжаанд 14 настайдаа явж эхэлсэн. Ингээд загвар надад улам их таалагдаж, одоо “Монгол модел” агентлагт загвар өмсөгчөөр ажиллаж байна. Багадаа эмч болно гэж их мөрөөддөг байлаа. Арван жилдээ 33 дугаар сургуульд сурдаг байсан юм. Сургуулийнхаа химийн сонгонд орох талаар боддог байсан ч анги дэвших тусам санаа сэтгэл өөрчлөгдсөн. Ахлах ангид ороод менежер хүний ажил илүү сонирхолтой санагдаж эхэлсэн. Тиймээс англи хэлний сонгонд явсан нь миний хамгийн зөв алхам байсан юм болов уу гэж боддог. Менежерээр сурахад англи хэлний мэдлэг нэлээд тус болж, их сургуульд тэнцсэн байх.

-Би таныг арван жилээ төгсөөд л загвар өмсөгч болсон юм байна гэж ойлгоод байлаа. Дээд боловсролоо ямар мэргэжлээр хаана эзэмшсэн бэ?

-Мэдээж хэрэг загвар бол миний дуртай зүйлүүдийн нэг яах аргагүй мөн. Гэхдээ Монголд дан ганц загвараар амьдраад явах боломжгүй шүү дээ. Тиймээс дунд сургуулиа төгсөөд мэргэжил эзэмшихээр МУИС-ийн Олон улсын худалдааны менежментийн ангийг 2013 онд дүүргэсэн. Эзэмшсэн мэргэжлээрээ Монгол дахь “Манго” брэндийн дэлгүүрт худалдааны менежерээр ажилд орсон. Анх Улсын их дэлгүүрт нээгдэх үед нь гадагшаа сургалтаар явж, брэнд гэж юу байдаг, хэрхэн ажилладаг талаар ойлголт авч байлаа. Одоохондоо төрөөд удаагүй болохоор хүүхдээ харж байна. Удахгүй ажилдаа орно.

-Гэр бүлийнхээ талаар танилцуулахгүй юу. Хотод төрж, өссөн үү?

-Багадаа Налайхын цаахна талд байрладаг Городок гэдэг газар өссөн. Намайг зургаан нас хүрэх үед манайх хотод нүүж ирсэн юм. Аав маань цэргийн нисгэгч хүн. Одоо тэтгэвэрт гарчихсан. Харин ээж хими, биологийн багш. Нэг ахтай. Тэд маань ах бид хоёрыг төрөл бүрийн дугуйлан дамжаанд их явуулсан. Одоо бодоход өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгодог байжээ. Тиймээс миний үзэл бодол харьцангуй эрт төлөвшсөн байх. Хүүхдүүдийг багаас нь завгүй байлгаж, дуртай зүйлийг нь дэмжиж өгвөл буруу замаар орох, цаг заваа дэмий зүйлд үрэхгүй байх гээд чухал нөлөөтэй. Ээж болоод удаагүй болохоор охиноо ч гэсэн ингэж хүмүүжүүлнэ. Нөхөр бид хоёр нэг нэгнээ хар багаасаа л мэднэ. Манай хүн график дизайнер мэргэжилтэй.

Миний амьдралын сайхан зүйлүүдийн ердөө л нэг нь загвар

-Багаасаа л загварын гал тогоонд байсных тэр дотор юу өрнөдгийг мэдэх байх. Хүмүүс загвар өмсөгчдийг элдвээр хэлэх тохиолдол цөөнгүй гардаг?

-Намайг дөнгөж загвараар ажиллаж эхлэх үе буюу 2007 онд загвар өмсдөг эмэгтэйчүүдийг хоосон толгойтой, гоёж гоодохоос өөр юм мэддэггүй гэсэн сөрөг ойлголттой байсан. Миний хувьд загвараас маш их гоо зүйн мэдрэмж авсан. Би 2008 онд Face of Mongolia хэмээх залуучуудын дунд зохиогддог тэмцээнд оролцож, тэргүүн байр эзэлсэн. Үүнээс хойш сурч байсан учир загварт төдийлэн анхаараагүй. Мөн загвар, карьер хөөх нь миний хувьд нэгдүгээрт байгаагүй. Юун түрүүнд боловсролтой болох, өөрийгөө хөгжүүлэх нь чухал байлаа. Загварынхныг хэн нэг мөнгөтэй хүнтэй уулздаг гэж ярьдаг. Гэхдээ энэ бол хувь хүнээс шалтгаалах асуудал шүү дээ. Тухайн хүн баян хүнтэй уулзах уу, айл гэр үймүүлэх, эсэх нь хувь хүний хүмүүжил, ёс суртахуунтай л холбоотой.

-Томоохон загварын шоунд ороход ямар шаардлага тавьдаг вэ?

-Дизайнеруудын сонголт мэднэ. Жишээлбэл, нэг нь олон жил ажилласан моделтой хамтрах сонирхолтой байдаг бол нөгөө нь цоо шинэ дүр төрх хайдаг. Шоу болохын өмнө casting буюу шалгаруулалт болдог. Бүгдийг нь алхуулна, хувцасаа өмсүүлж үздэг. Мөн томоохон “Торго”, “Гоёл” шоунд ороход байнгын бэлтгэл сургуулилт хийдэг.

-Загвар өмсөгч хүн ямар байх ёстой вэ. Энэ мэргэжил мөн үү?

-Одоо үед мэргэжлийн загвар өмсөгч гэж ярьдаг болсон. Энэ ч утгаараа мэргэжлийн түвшинд хүрсэн учраас мэргэжил гэж хэлнэ. Сүүлийн үед мэргэжлийн загвар өмсөгчид гадаад руу гарч байна. Загвар өмсөгч гэхээр заавал өндөр, туранхай, хөөрхөн байх албагүй. Энэ бол жинхэнэ хэмжүүр биш. Хамгийн гол нь дизайнерийн гаргахыг хүссэн зүйлийг илэрхийлж, хувирч чаддаг байх хэрэгтэй. Тухайлбал, фото моделын чиглэлээр яваа охид заавал өндөр байх шаардлагагүй шүү дээ.

-Загварын шоуны дараа өөрт таалагдсан, эсвэл өмссөн хувцасаа авмаар санагддаг уу?

-Таалагдсан хувцасаа дизайнерт хэлээд хямдруулаад авах боломж бий. Гэхдээ зохион бүтээгчийн маш их ур, хүч хөдөлмөр шингэсэн байдаг учраас хүний бүтээлийг үнэлэх нь зүйтэй. Зарим тохиолдолд тухайн хувцас үнэхээр их таалагдаж байвал ижил загварыг арай хямдаар хийлгүүлэх боломжтой байдаг.

-Mongolia's next top model тэмцээнд орох бодол байна уу?

-Уг нь оролцоно гэж бодож байсан юм. Харамсалтай нь, оролцогчид удаан хугацаагаар байшинд байрлана гэдгийг дуулаад энэ бодлоо орхисон. Одоохондоо охин маань ой таван сартай, жаахан байна. Энэ их утаатай, ханиад томуу ихтэй үед өөрөө харж, эрүүл саруул өсгөх нь чухал гэж үзсэн учраас больсон доо.

» Мэдээж хэрэг загвар бол миний дуртай зүйлүүдийн нэг яах аргагүй мөн. Гэхдээ Монголд дан ганц загвараар амьдраад явах боломжгүй шүү дээ.
» Хүүхдийг багаас нь завгүй байлгаж, дуртай зүйлийг нь дэмжвэл буруу замаар орж, цаг заваа дэмий зүйлд үрэхгүй.
» Миний хувьд загвараас маш их гоо зүйн мэдрэмж авсан.

-Ээж хүний хувьд агаарын бохирдолд ундууцаж л байгаа байх?

-Өдрийн цагаар хүүхдээ гадаа гаргахаа больсон. Долоо хоногт нэг удаа хотоос гадагш агаарт гарч байна. Миний бодлоор барилгын салбар уналтад ороод байгаа энэ үед гэр хорооллын иргэдийн хашаа байшинг үнэлээд, зарагдахгүй байгаа орон сууцаар сольж болохгүй гэх газаргүй. Хоосон газар дээр нь утааны эсрэг төсөвлөсөн мөнгөөрөө орон сууц барьж, хөрөнгөө нөхөж олох боломж бий. Энэ мэт арга хэмжээг яаралтай авахгүй бол зарим айл хог, дугуй шатааж байна. Үүнээс болж хорт хавдар үүсэх эрсдэлтэй гэдгийг сонсоод би маш их эмзэглэсэн. Манай улс хорт хавдарын нас баралтаар дэлхийд дээгүүрт бичигдэж байгаа нь агаарын бохирдолтой салшгүй холбоотой. Гэхдээ залуу гэр бүлийн хувьд дараа жил энэ байдал арай дээрдэж, гамшгийн хэмжээнээс буурах байх гэж найдаж байна.

-Таны цаашдын зорилго юу вэ. Олон улсын загварын тайз уу?

-Боломж нь олдвол гадагшаа тэмцээн уралдаанд явна. Мэдээж хэрэг загварын талбарт байгаагийнх өөрийгөө илүү сорих боломж олдвол татгалзахгүй. Гэхдээ бүх зүйлээ орхиж, улайрч нэг зүйлийн төлөө зүтгэхгүй. Амьдрал баялаг гэдэг. Өөр илүү олон сайхан зүйл хийхээр төлөвлөж байгаа. Модел бол миний амьдралын олон сайхан зүйлүүдийн ердөө л нэг нь. Хамгийн ойрын зорилго гэвэл эрхэлсэн ажилдаа амжилт гаргах юм. Мөрөөдлийн тухайд нөхөр бид хоёрт хийхийг хүссэн маш их зүйл бий. Тэрэндээ хүрэхийн төлөө одооноос бага багаар хөдөлмөрлөж, суралцаж байгаа. Минийх гэхэд хувцас загварын өөрийн гэсэн брэндтэй болох. Харин нөхөр хөгжим бүжгийн талаар мэдрэмжтэй учир залуусын цугладаг тийм буйдхан газартай болохыг хүсдэг.

-Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл
Зочин
202.55.183.178
Сүлжээний бизнес шиг танаас мөнгөзөрчилтэй үгрдахгүй!!! http://Cash4Visits.com/ref.php?refId=344146 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйлзөрчилтэй үгрдахгүй. Маш амархан шүү. Амжилт.
САНАЛ БОЛГОХ