Шинэ хүмүүс, шинэ соёл, шинэ газар бүхэн давтагдашгүй

Залуус

Дараагийн аялах маршрут Африкийн орнууд

Хүн болгон мөнгө, эрдэм мэдлэгийн хойноос гүйдэг атал хүн чанар, ухамсар, сэтгэлийн боловсрол гэдэг зүйлийг гээчихсэн мэт. Тиймдээ ч бид хүйтэн хөндий нийгмийг бүтээж, тэндээ цаг ямагт дааран, сэтгэлийн зовнилтой амьдарч байгаа хэмээн өгүүлэх залууг Ө.Пүрэврагчаа гэдэг. Түүний хорвоо ертөнцийг үзэх өнцөг нэг л өөр. Бодох нэг хэрэг ч хийх нь хамгийн чухал хэмээн ярих энэ залуу хорвоотой танилцахаар Улаанбаатар хотоос 350 мянган төгрөгтэй гарсан. Түүний аялал Азийн орнуудаар үргэлжилж байна.

-Өөрийн чинь талаар анх фэйсбүүкээс олж харсан юм. 350 мянган төгрөгөөр аяллаа эхлүүлсэн гэж сонсоод сонирхол татлаа. Ийм хямд зардлаар Хонконг, Макао, Тайланд, Лаос, Вьетнам зэрэг Азийн орнуудаар аялж яваа гэж байна?

-Би нэг жилийн өмнөөс л аялах тухай бодож, төлөвлөж эхэлсэн. Тэгээд гарахынхаа өмнөх орой буюу аравдугаар сарын 26-нд шийдвэр гаргаад, маргааш өглөө нь үүргэвчээ үүрээд Замын-Үүд рүү хөдөлсөн. Надад ааваас авсан 350 мянган төгрөг л байлаа. Мэдээж хэрэг гэрийнхэндээ аяллаар явлаа гэж хэлэхээр итгэхгүй шүү дээ. Тиймээс Хятад руу нэг сарын хугацаанд сайн дурын ажил хийгээд, англи хэлээ сайжруулаад ирье гэж хэлээд явсан. Замын-Үүд хүртэл 40 мянган төгрөг төлөөд автомашинаар явсан. Харин 260 мянгаа олон улсын картандаа хийсэн. Замын-Үүдээс Эрээн рүү 10 гаруй мянган төгрөгөөр УАЗ 469 машинаар хил давсан. Уг нь Эрээнээс Бээжин рүү автобус 260 юаниар явдаг юм байна лээ. Би 300-г төлөөд замын унаагаар явсан. Бээжинд очиход манай гадаад найзууд байсан учир нэг их асуудал гараагүй.

-Цааш аялал нь хэрхэн үргэлжилсэн бэ. Мэдээж үүргэвчээ үүрээд багахан мөнгөтэй гарсан хүн энэ олон орноор явж чадахгүй шүү дээ?

-Бээжингийн дараагийн газар Тяньжин. Тийшээ галт тэргээр явсан юм. Гэтэл буух газраасаа хэтрээд Шанхай Бээжин хотын дунд байдаг хөдөөний нэгэн хотод оччихсон. Картны машин олдохгүй сонин газар байсан шүү. Тэнд хоёр хоносон. Төлөвлөөгүй газар очсон учраас таньж мэдэх хүнгүй, очих газаргүй Мак Доналдст хоноглоод, арай гэж Шанхайд хүрсэн. Шанхайд ес, Гуанжуд долоо хоноод, Хонконг, Макао гээд аялал үргэлжилсэн. Макаод байхдаа Старбаксд цагийн ажил хийсэн.

-Одоо аль улсад байна вэ. Цаашдын төлөвлөгөө юу байна?

-Вьетнамын жижиг хотод ирээд байна. Энэ газар бол жуулчдын ихээр очдог байгалийн дурсгалт газрын хажууханд байдаг жижигхэн тосгон. Энэ тосгоныг аялал жуулчлалын бүс бүхий том хот болгохоор хөгжүүлж байна. Тиймээс энд бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Цаашдын төлөвлөгөө гэвэл аялал жуулчлал хөгжсөн урд зүгийн хотуудаар явах бодолтой байгаа. Дараагийн улсыг Камбож гэж төлөвлөсөн. Гэхдээ болиод эргээд Тайландад очихоор боллоо.

-Дандаа визгүй орнуудаар явж байна уу. Нэг улсаас нөгөө улс руу явахад ямар нэг бичиг баримт шаардахгүй байна уу?

-Хятад визгүй. Хонконгийн хил дээр анх удаа орж байгаа юм уу гэх мэтчилэн асууж шалгаана. Макао гайгүй. Тайланд, Лаос 30 хоног визгүй. Харин Вьетнам виз авдаг. Гэхдээ Вьетнамын визийг Лаост байхдаа мэдүүлээд нэг өдрийн дотор авсан. Ер нь аялж яваа гэхээр амархан гардаг юм билээ. Камбожийн хувьд яг хил дээрээс нь визээ авдаг. Мөн Индонезид очоод Австрали руу виз мэдүүлж үзэх бодолтой байгаа.

-Аяллын зам урт шүү дээ. Энэ хугацаанд сайн муу олон зүйл тохиолдсон болов уу. Аль улсад хамгийн хэцүү эрсдэлтэй тулгарч байсан бэ?

-Аяллынхаа 25 дахь өдөр Хонконгт ирсэн. Нэлээд өртөг өндөртэй газар учраас эхний өдрөө нэг айлд хоносон. Маргаашнаас нь хонох газар олдохгүй шөнөжин алхаж, өглөө нь үлдсэн жаахан мөнгөөрөө метроны тасалбар аваад, эцсийн зогсоолоос, эсрэг чиглэлийн зогсоол хүртэл унтаж нойр авсан үе бий. Хүнд нэг таагүй зүйл тохиолдвол ар араасаа болдог шиг тэр үед шүдний ломбо унаад, ханиад хүрч халуураад, мөнгөгүй, өлсөөд жаахан хэцүү байсан. Тэгээд гурав дахь өдөр нь Хонконгоос нэлээд зайдуу байдаг герман айл олсон.

Мөн Макаогоос Тайланд явах гээд билетээ шалгуултал буцах тасалбаргүй байна гээд намайг хилээр гаргаагүй. Хамаг мөнгөө шавхаад билет авчихсан учир буцах тасалбар авах мөнгө байгаагүй. Ингээд онгоцны билет авсан компани дээрээ эргэж очоод үнэн учраа хэлээд хуурамч билет хийлгүүлээд хил нэвтэрсэн дээ. Эндээс би нэг л зүйл ойлгосон. Хэрэв би анхнаасаа их зан гаргаад ч юм уу, ямар нэг байдлаар эвгүй аашилсан бол надад тэр хүмүүс туслахгүй байсан байх. Хамгийн гоё нь нөгөө хүмүүстээ учраа хэлтэл “Хуурамч захиалгын хуудас бэлдээд өгье, гэхдээ хуурамч гэж санаа зовох зүйлгүй. Ёс журмынх нь дагуу идэвхжүүлчихнэ. Чамайг Тайландад очсоны дараа билетыг нь цуцалчихна” гэж хэлээд надад тусалсан. Тэр үед маш сайхан санагдаж билээ.

Надад ааваас авсан 350 мянган төгрөг л байлаа
-Монгол руу буцмаар, үнэхээр шантармаар санагдсан байх. Гэтэл аялал чинь одоо хэр нь үргэлжилж байна. Үүнийг хийх шалтгаан байгаа юм уу?

-Маш хэцүү үед унтахынхаа өмнө буцах тухай боддог л доо. Гэхдээ маргааш өглөө нь сэрэхэд тэр бодол маань мартагдсан байдаг. Тэгээд л “За одоо яаж тийш ээ явах вэ” гээд л дараагийнхаа аяллыг мөрөөдөж эхэлнэ. Монгол хүмүүс битгий хэл гаднынхан гайхаж байгаа нэг зүйл бий. Өмнө нь би эх орноосоо гарч, хилийн дээс алхаж үзээгүй. Анхны аяллаа ийм бага мөнгөөр хийж байгаад хүмүүс маш их гайхдаг. Энэ аяллаа эхлүүлэхээс өмнө би эх орныхоо найман аймгаар аялсан. Тэгээд хотод хоёр сар орчим болоод гадаад аяллаа эхлүүлсэн юм. Багаасаа л шинэ хүмүүстэй уулзах, шинэ соёлтой танилцах, шинэ газар үзэх дуртай хүүхэд байсан. Энэ аяллын зорилгын хувьд нэг арал дээр очих, өндөр барилга үзэх, гоё зочид буудалд амрах гэхээс илүүтэй хүмүүсийн аж амьдралтай танилцах нь чухал.

Дэлхийн хүмүүс яаж амьдарч байна, тэр улсын соёл, хоол гээд л бүх зүйлийг ажиглаж, тэндээс ямар нэг зүйл суралцах нь туйлын давтагдашгүй сайхан мэдрэмж. Жишээлбэл, тайландчуудыг харахад маш ядуу амьдралтай хүмүүс юм уу гэхэд эсрэгээрээ туйлын аз жаргалтай, нөхөрсөг, олсон жаахан мөнгөөрөө сэтгэл хангалуун амьдарч чадаж байгаа нь үнэхээр таалагдсан. Бас энэ бүхнээс суралцаж, нүд нээгдэж байгаа юм шиг санагддаг. Тиймээс энэ дэлхий дээр өөрийгөө болоод хүний мөн чанар, сайхан сэтгэл гээч зүйлийг харахын тулд хичээж байгаа, аз жаргалтай аялагч юм даа.

-Очсон газартаа хонох айлаа яаж олдог вэ. Мэдээж зочид буудлууд үнэтэй тусах байх?

-Ихэвчлэн couchsurfing гэдэг аппликэйшн ашиглаж, хонох айлаа үнэгүй олчихдог. Түүнчлэн Монголд байхдаа танилцсан гадаад найз нар маань тусалдаг. Тэр бүрчлэн энэ аппликэйшнээр айл олдохгүй байх үе бий. Энэ үед найзууд маань танилтайгаа холбож, тус хүргэдэг. Би фэйсбүүк хуудастаа “Сайхан сэтгэл үргэлж ялдаг” гэж бичиж байсан. Миний аялал яг ингэж л өрнөж байна. Манайхан надад маш их тусалсан. Лаосд гэхэд Монгол оюутны байранд маш тав тухтай байсан. Мөн Лаосын ЭСЯ-ны жолооч ах надад Ханой явах зардлыг маань өгсөн гээд монголчуудынхаа тус дэмээр явж байна. Мэдээж хэрэг бүүр болохоо байх үед гэрээсээ багахан хэмжээний мөнгө авч байгаа. Одоо бол эхний үе шигээ өлсөж үхэх гээд, бие өвдөөд байх юм алга. Сайхан л аялж байна.

-Аяллын талаарх яриагаа ингээд дуусгая. Өөрийнхөө талаар танилцуулахгүй юу?

-Завханд 10 жилийн сургууль төгссөн. Удахгүй 21 нас хүрнэ. Дунд сургуулиа төгсөөд Хүмүүнлэгийн ухааны их сургуульд маркетинг менежментийн чиглэлээр сурч байсан. Гуравдугаар курсынхээ намар сургуулиасаа гарсан. Би нэг их сайн оюутан байгаагүй. Хичээлдээ суудаггүй гэх юм уу даа. Мэдээж хэрэг хичээлээ заавал уншиж судалдаг байсан ч суухгүй болохоор ирцийн хувьд тэг гэхэд болно. Гэхдээ одоо бол их сургуулийн багш нартайгаа байнга холбоотой байдаг. Англи хэлний хувьд бие дааж сурсан даа.

-Ингээд л аялаад байхгүй байх. Цаашдын зорилго юу вэ?

-Их сургуулиа төгсөөд сэтгүүл зүйгээр магистрт суралцана гэж бодож байна. Хажуугаар нь зураг авч сураад National geographic зэрэг сэтгүүлд ажлаа хийнгээ аялаад явах мөрөөдөл, зорилготой.

-Энэ удаагийн аялал бараг Азийн орнуудыг дуусгачих шиг боллоо. Есдүгээр сараас эхлэх аялал аль чигийг зааж байна вэ?

-Хамгийн анх Африкийн орон тэр дундаа Мороко улсыг зорихоор төлөвлөсөн. Шалтгаан нь тэнд сайн найзтай болсон. Хичээлээ давхар хийгээд явах учраас нэг газраа гурван сар буюу визээ дуустал байх ёстой. Тиймээс дараагийн аялал гурван сарын хугацаатай хичээлээ хийнгээ ажиллаж амьдрах, аялах төлөвлөгөө бий. Тиймээс одоогоор Африкийн орнууд байна гэж бодож байгаа ч төлөвлөгөө өөрчлөгдөж магадгүй.
САНАЛ БОЛГОХ