Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд 2287 нэр дэвшигч өрсөлдөнө

СОНГОЛТ

Аймаг, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн 2016 оны ээлжит сонгуульд нийт 2287 нэр дэвшигч өрсөлдөж байна. Үүнээс нийслэлд 286 нэр дэвшигч, 45 суудлын төлөө өрсөлдөж байгаа юм. Харин аймаг, сумдад 2001 нэр дэвшигч өрсөлдөж байгаа талаар Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээллээ. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд нэр дэвшихээр өрсөлдөж байгаа намуудын мөрийн хөтөлбөрөөс танилцуулахад Монгол Ардын Нам "Хот төлөвлөлт, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэнэ" гэж амлаад байна. Тухайлбал "Нийслэлийн дагуул хотыг хөгжүүлэх, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлж ажлын байрыг нэмэгдүүлэх" талаар тусгажээ. Харин Монгол Ардын Хувьсгалт Нам "Шинэ хотод шилжин суурьшиж, өндөр цалинтай ажилд шилжих боломж нээх" талаар мөрийн хөтөлбөртөө онцолсон бол Ардчилсан Нам "Их бүтээн босголтын жилүүд болж, Улаанбаатар хотод зарим дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэнэ" гэдгээ мэдэгджээ. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Орхон аймагт хамгийн их буюу 136 нэр дэвшигч өрсөлдөж байгаа бол хамгийн их хүн амтай Хөвсгөл аймагт 94 нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм. Мөн хамгийн том газар нутагтай Өмнөговь аймагт Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд 75 нэр дэвшигч өрсөлдөж байна. Намуудын хувьд орон нутагт хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт дэд бүтцийн асуудал ялангуяа аймгуудын төвийг засмал замаар холбох асуудлууд тусгагдаад байгаа юм. Мөн аймгуудын төвд аж үйлдвэрийн парк байгуулах болон хүүхдийн эмнэлэг барих зэрэг ажлыг мөрийн хөтөлбөртөө тусгажээ.

Н.Болор-Эрдэнэ

Холбоо барих: bolorerdene.n@bloombergtvmongolia.com

sodgerel.kh@bloombergtvmongolia.com

САНАЛ БОЛГОХ