"Сайн" хөтөлбөрүүдийг зогсоолоо

Мэдээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Сайн хашаа”, “Сайн оюутан”, “Сайн малчин”, “Сайн хувьцаа” гэх дөрвөн хөтөлбөрийг зогсоохоор боллоо. Эдгээр хөтөлбөрүүд нь Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хэд хэдэн хуулийг зөрчиж байгаа гэж үзжээ. Дээрх хөтөлбөрүүдийн санхүүжилтийн эх үүсвэрийг 2016 оны улсын төсөвт тусгаагүй байсан гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Гэхдээ хуульд нийцүүлэн дээрх хөтөлбөрүүдийг эргэн өргөн мэдүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгасан байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн дээрх хөтөлбөрүүдийн хүрээнд 596 тэрбум төгрөг зарцуулсан байна. Тухайлбал “Сайн малчин” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хугацаанд 38.6 мянган малчин 150 орчим тэрбум төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэйгээр аваад байгаа аж.

Харин сайн хувьцаа хөтөлбөрийн хүрээнд “Эрдэнэс Таван Толгой” ХК дахь өөрийн эзэмшлийн хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан иргэний эзэмшиж байгаа 1072 хувьцааны 30 хувьтай тэнцэх буюу 322 ширхэг хувьцааг нэрлэсэн үнээр нь иргэдээс худалдаж авсан. Мөн “Сайн оюутан”, “Сайн хашаа” хөтөлбөрүүдийн хүрээнд зарим хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийг олгож эхлээд байсан юм.

Үүнээс гадна Засгийн газрын хуралдаанаар гурван яамны дэд сайд болон зарим агентлагийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилжээ. Гадаад харилцааны дэд сайдаар Б.Батцэцэг, Барилга, хот байгуулалтын дэд сайдаар Ш.Лхамсүрэн, Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар Ж.Саулег, Гаалийн Ерөнхий газрын даргаар Б.Асралт, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Н.Цагаанхүү, ЗГХЭГ-ын дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Даажамба нарыг томилсон байна.


САНАЛ БОЛГОХ