Ерөнхийлөгчийн сонгууль 1993-2017

Мэдээ

1993 онд анхны Ерөнхийлөгчийн сонгууль болсон үеэс Монгол Ардын Хувьсгалт Нам өнгөрсөн зургаан удаагийн сонгуульд нэр дэвшигчээ оролцуулж байсан бөгөөд гурван удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын Хувьсгалт Намаас нэр дэвшсэн нэр дэвшигч ялалт байгуулж байжээ. 1993 онд МАХН-аас нэр дэвшсэн Л.Түдэв 38.7 хувийн санал авч ялагдал хүлээж байсан бол 1997 онд МАХН-аас нэр дэвшсэн Н.Багабанди нийт сонгогчдын 60.81 хувийн саналаар сонгогдож байв. 2001 онд тэрбээр 58.13 хувийн санал авч улиран сонгогдсон байдаг. Харин 2005 онд МАХН-аас нэр дэвшсэн Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөр сонгогдох үедээ 53.44 хувийн санал авсан юм.

2010 онд Монгол Ардын Хувьсгалт нам нэрээ Монгол Ардын Нам болгон өөрчилсөн бөгөөд МАХН нэрээ МАН болгон өөрчилсний дараа 2013 онд Ерөнхийлөгчийн сонгуульд Б.Бат-Эрдэнийг өрсөлдүүлж байлаа. Тэрбээр 41.97 хувийн санал авч Ардчилсан намд ялагдал хүлээж байсан юм. АН 2001 оноос хойш энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуультай нийлээд таван удаа нэр дэвшигчээ Ерөнхийлөгчид өрсөлдүүлж байснаас 2001 онд Р.Гончигдорж 36.53 хувийн санал авч байсан бол 2005 онд М.Энхсайхан 20.03 хувийн санал авч байжээ. Харин 2009 онд Ц.Элбэгдорж 51.21 хувийн санал авч Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 онд улиран сонгогдохдоо 50.23 хувийн санал авч байв. Харин үүнээс өмнө 1993 онд МСДН, МҮАН хамтран Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байлаа. Дээрх намуудаас нэрээ дэвшүүлсэн П.Очирбат Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо 57.78 хувийн санал авчээ.

Харин 1997 онд Ерөнхийлөгчид дахин өрсөлдөх үедээ нийт сонгогчдын 29.81 хувийн санал авсан байдаг. 2005 онд Бүгд Найрамдах Нам түүхэндээ анх удаа сонгуульд өрсөлдсөн бөгөөд тус намаас нэр дэвшсэн Б.Жаргалсайхан 13.85 хувийн санал авч байв. Харин 2011 онд шинээр байгуулагдсан Монгол Ардын Хувьсгалт Нам 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн юм. Тухайн үед Монгол Ардын Хувьсгалт Намаас С.Удвал нэр дэвшиж нийт сонгогчдын 6.5 хувийн саналыг авсан түүхтэй.




САНАЛ БОЛГОХ