Малчид 284 мянган тонн хадлан бэлтгээд байна

Мэдээ

Хүнс, хөдөө аж ахуй, зам, тээвэр, эрчим хүч, эрүүл мэндийн салбар болон нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар Улсын Онцгой комиссоос мэдээлэл өглөө. Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил өнгөрсөн наймдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 70 хувьтай байсан байна. Эрүүл мэндийн яамны харьяа 15 байгууллагад хийж байгаа их засварын ажлын явц мөн 70 хувьтай байгаа аж. Харин Зам, тээврийн салбарынхан өвөлжилтийн бэлтгэлээ нэгдсэн төлөвлөгөөний дагуу хангаж байгаа талаар Шадар сайдад тайлагнажээ. Өнөөдрийн байдлаар малчид 1.2 сая тонн өвс, 100 мянган тонн гар болон хүчит, шүүст, эрдэст тэжээл бэлтгэхээс 284 мянган тонн хадлан бэлтгэсэн байна. Аймаг, сумын аюулгүйн нөөцөд 32 мянган тонн өвс, 13 мянган тонн тэжээл бэлтгэхээс 3722 тонн өвс, 504 тонн тэжээлийг бэлтгэжээ. Энэ жил нийт нутгийн 80 орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх бол 14 аймгийн 47 сумын 4.6 сая мал отроор өвөлжиж, хаваржих төлөвтэй байна.

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүх өвөлжилтийн бэлтгэл хангах талаарх Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавьж, шуурхай удирдлагаар хангахыг аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт үүрэг болголоо. Түүнчлэн малчин өрх бүр малын хашаа, саравч, уст цэгээ засварлах, тохижуулах, түлээ түлшээ бэлтгэх, цаг агаар хүндэрсэн нөхцөлд хэрэглэх өвс, тэжээлийг өрх болон малчид хоршин нөөцлөх зэргээр өвөлжилтийн бэлтгэлийг нь хангуулах, орон нутгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бэлтгэхэд бүх талын тусламж, дэмжлэг үзүүлэх, малчдыг малаа даатгалд хамруулахыг уриалах, байгалийн гэнэтийн аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хүн хүч, техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг нь хангуулахыг үүрэг болгосон байна.



САНАЛ БОЛГОХ