Гадаад худалдааны бараа эргэлт 595.8 сая ам.доллараар буурав
Үндэсний Статистикийн Хорооноос III улирлын нийгэм эдийн засгийн статистик үзүүлэлтийг танилцуулаад байна. Оны эхний 10 сарын байдлаар нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 595.8 сая ам.доллараар буюу 8.4 хувиар буурчээ. Гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ 2016 оны эхний 10 сард 6.4 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 600 орчим сая ам.доллараар буурсан дүнтэй гарлаа. Монгол Улс оны эхний 10 сард 157 оронтой худалдаа хийсэн бөгөөд экспорт 3.7 тэрбум ам.доллар болж, 5.1 хувиар буурсан бол импорт 2.7 тэрбум ам.доллар болж, 12.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Харин гадаад худалдааны тэнцэл өсөлттэй гарчээ. Тухайлбал, оны эхний 10 сард өмнөх оны мөн үеэс 194.8 сая ам.доллараар нэмэгдэж, 957.7 сая ам.долларт хүрээд байна.
Гадаад худалдааны тэнцэл 2016 оны 10 дугаар сард 72.9 сая ам.долларын ашигтай гарсан нь өмнөх сараас 8.1 сая ам.доллараар нэмэгдсэн байна. Импортын 40.5 хувийг эзэлдэг эрдэс бүтээгдэхүүн, дизелийн түлш, авто бензин, үндсэн төмөрлөг бүтээгдэхүүний бууралт импорт буурахад гол жин даржээ. Экспорт өмнөх оны мөн үеэс 200.5 сая ам.доллараар буураад байгаа бөгөөд нийт экспортын 80 гаруй хувийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, хагас үнэт чулуу, нэхмэл бүтээгдэхүүн зэрэг эзэлдэг. Хэдийгээр экспортын гол түүхий эд нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 141.1 сая ам. доллараар өссөн ч зэсийн баяжмалын экспортын үнийн дүн хойш нь татлаа.
Хэдийгээр зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 124 тонноор нэмэгдсэн ч БНХАУ-ын зах зээл дэх зэсийн ханшийн уналт сөрөг нөлөө үзүүлсэн байна. Зэсийн баяжмалын экспорт мөнгөн дүнгээрээ 495 гаруй сая ам.доллараар буурсан байна. Энэ нь “Оюу Толгой”-ийн экспорт эрчимжиж, зэсийн баяжмалын экспортын үнийн дүн өндөр өсөлттэй гарч байсан 2014 онтой харьцуулахад 550 орчим сая ам.доллараар буурсан дүн болж байгаа юм.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй