МХБ: Үнэт цаасны 18 компани ашигтай, 29 нь алдагдалтай ажилласан

Мэдээ

Монголын хөрөнгийн бирж гишүүн үнэт цаасны компаниудын 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн хураангуйг нэгтгэжээ. 2016 оны эцсийн байдлаар 18 компани ашигтай, 29 компани алдагдалтай ажилласан байна. Тухайлбал, үнэт цаасны арилжаагаар тэргүүлэгчдийн нэг "Би Ди Сек" компани өнгөрсөн онд 710 сая 514 мянган төгрөгийн алдагдалтай буюу бусад үнэт цаасны компаниас хамгийн өндөр алдагдал хүлээжээ. Тус компани 2015 оны жилийн эцэст 13 сая төгрөгийн ашигтай ажиллаж байсан аж. Харин брокер, дилер, андеррайтерийн үйлчилгээ үзүүлдэг "Ти Ди Би Капитал" үнэт цаасны компани 645 сая 708 мянган төгрөгийн ашигтай ажиллаж тэргүүлсэн байна. Гэхдээ энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 99 орчим сая төгрөгөөр буурсан дүн болжээ. 2016 оны эцэст 310 гаруй сая төгрөгийн ашигтай ажилласан "Голомт капитал" үнэт цаасны компани өнгөрсөн оны мөн үеэс ашгийн хэмжээгээ бараг зургаа дахин нэмэгдүүлжээ.

Тус компани 2017 оны эхэнд "Голомт секьюритиз" нэрээ "Голомт капитал" болгон өөрчилсөн юм. Үнэт цаасны компаниудын активын хэмжээ өмнөх оны мөн үеэс 33.5 тэрбум төгрөг буюу 56 орчим хувь, эзэмшигчдийн өмч 12.9 тэрбум төгрөг буюу 23 орчим хувиар өссөн байна. Түүнчлэн компаниудын өр төлбөрийн хэмжээ ес дахин нэмэгдэж, 23 тэрбум төгрөг давсан үзүүлэлттэй гарчээ.



САНАЛ БОЛГОХ